Монголын төмөр замын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан яваа удам дамжсан төмөр замчин Түмэнбаярын Сайнжаргалыг Ubn.mn сайт энэ удаагийнхаа FACELOOK булангийн зочноор урьж оролцууллаа. Тэрбээр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга мөн “Yes Mongolia” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд тэргүүний албыг хашдаг нэгэн юм.
Түмэнбаярын Сайнжаргал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяа. Өөрөөр хэлбэл Зүүнхараагийн унаган хүүхэд юм. Эхээс зургуулаа, айлын гурав дахь хүүхэд. Дээрээ хоёр эгч, доороо гурван дүүтэй.
Хүүхэд байхаасаа л бизнес сэтгэлгээ сайтай байсан гэдэг. Өөрөөр хэлбэл 50 төгрөгөөр ундаа худалдаж аваад 100 төгрөгөөр зардаг бас талх авч төмөр замын дэлгүүрүүдээр худалдаалдаг байсан гэнэ. Мөн жаахан хүүхэд байхдаа өөрийнхөө унадаг дугуйг ямаагаар сольж байсан талаараа бидэнд ярьсан юм.
Т.Сайнжаргал нь 10 жилээ төгсөөд төмөр замчин болно гэж боддог байсан ч энэ хүслээ биелүүлж чадаагүй. Харин Сэрүүлэг дээд сургуульд олон улсын худалдаа, эдийн засагч болохоор оюутан болсон ч Билиг дээд сургуулийг төгсжээ. Мөн тэрбээр МУБИС-д боловсролын удирдлагаар магистрын зэрэг хамгаалж, түүний дараа Удирдлагын академийг Төрийн захиргааны менежментээр суралцан төгсжээ.
Түүний аав Ж.Түмэнбаяр нь төмөр замчин. Булган аймгийн Хангал сумын харьяат. 45 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд энэ үед тэрбээр 15-хан настай хүү байсан гэдэг. Харин ээж нь өдгөө 70 насыг зооглож яваа, бүжиглэх сонирхолтой нэгэн. Бас нутагтаа нарийн ногоо тариалж, худалдан борлуулдаг байна.
2007 онд их сургуулиа төгсөж, төрсөн нутагтаа ирж, Зүүнхараагийн намын дэд даргаар томилогдон ажиллаж ажлын анхны гараагаа эхэлжээ. Мөн 2008 онд буюу 22 насандаа Мандал сумын ИТХ-д сонгогдож, 26 нас хүртлээ энэхүү албыг хашсан байна.
2023 онд залуучуудын "Yes Mongolia" ТББ-ын тэргүүнээр сонгогдсон. Тэрбээр өөрийн ажиллаж буй хугацаандаа 21 аймаг, 9 дүүрэгт "Yes Mongolia"-ын салбарыг байгуулжээ.
Түүний хувьд 18 жилийн дараа хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж удам дамжсан Төмөр замчин болсон байна. Тодруулбал, "Зүүнбаян төмөр зам" үүсгэн байгуулагдахад томилогдон төмөр замчин болсон бөгөөд өдгөө "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Т.Сайнжаргал нь 5 хүүхдийн аав, халамжит хань. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч хөдөө орон нутаг болон гадаад томилолтод их явдаг гэнэ. Тиймдээ ч гэртээ амарч буй амралтынхаа өдрөөр эхнэр, хүүхдүүддээ гарынхаа хоолыг хийж өгдөг байна.
Т.Сайнжаргал хуучин машин сонирхдог. Бас хуучин машин сонирхогчдын клубт явдаг гэнэ. Тэрбээр, "Хуучин машин бол хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Хавар намрын улиралд гаргаж ирж унадаг ч өвлийн цагт гаргаж унадаггүй" хэмээн ярьсан юм.
Түүнээс гадна дан ганц хуучин машин нь түүний сонирхол биш. Аюултай спортын төрөлд багтдаг авто спортод ч сонирхолтой гэнэ. Энэ нь хамгийн их эр зориг шаардсан уралдаан байдаг аж.
Т.Сайнжаргалын хувьд 2014-2015 онд "Монголоо аваръя" хөдөлгөөнийг зохион байгуулж, МАН-ын залуусын дуу хоолой болж явсан гэдэг. Мөн тэрбээр улс төрд бугшсан буруу зүйлийн эсрэг хүчтэй дуугарч байснаараа бахархах дуртай.