Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: 54.5 тонн хөлдүү дуслын маапаанаар ЭМИЙН СОНСГОЛ өндөрлөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 35 секунд

Дуулиантай гэгч нь баривчилсан "Баян" Базараагийн сенсацитай зэрэгцэн эмийн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд болж өндөрлөлөө. Гурван өдрийн турш үргэлжилсэн эл сонсголын үр дүнд эмийн мафийнхан төрд ч гар хөлөө оруулж орхисныг бүрэн утгаараа батлан харуулав бололтой. Үүнээс давсан олон ч ноцтой баримтууд сонсголын үеэр яригдсан. Хэдийгээр олон нийтийн анхаарал төдийлөн сайн төвлөрөөгүй ч энэ сонсгол эмийн монополиудад нэлээн цочроо өгөв. Учир нь Түр хорооны гишүүдэд дарамт ирж буй талаар сонсголын танхимд хоёр ч удаа дурдагдсан юм. Тэгвэл эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонссон өнөөдрийн сонсголоор яригдсан зарим нотлох баримт, анхаарал татсан асуудлуудыг та бүхэнд тоймлон хүргэж байна.

-Хилээр орж ирж байгаа KFC, GS-25, CU-ийн захиалгатай гахай, тахианы мах, хөлдөөж хэрчсэн төмсөнд эм, химийн бодисыг илрүүлэх шинжилгээг хийж чадахгүй байна-

Сонсголын эхэнд хилээр орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийн лабораторын асуудал хөндөгдлөө. Ингэхдээ хилээр орж буй эм болон хүнсний бүтээгдэхүүнд шаардлагатай шинжилгээ хийгдэхгүй байгаа талаар шинжээч дурдсан юм. Тухайлбал, "Хилээр KFC, GS-25, CU-ийн захиалгатай гахай, тахианы мах, хөлдөөж хэрчсэн төмс орж ирж байгаа боловч түүнд "Үлдэгдэл шавхагдлын шинжилгээ" буюу мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисыг илрүүлэх шинжилгээг хийж чадахгүй байна. Монголд энэ шинжилгээг хийхгүй байгаа учраас импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд эм, вакцины үлдэгдэлтэй юм уу гэдгийг шинжилж чадахгүй байгаад анхаарах хэрэгтэй" гэсэн юм.

Түүнчлэн эмийн тухайд тэрбээр ярихдаа "Гааль дээр эмийн эмчилгээний практик хэрэглэгдэх эмийн шинжилгээ огт хийгдэхгүй байгаа. Зөвхөн мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийн хүрээнд лабораторын хяналт шалгалт хийгдэж байгаа" гэв.

-Гар утсаар бол НОКИА...-

Үүнтэй холбогдуулан зарим гишүүдийн зүгээс эмийн лабораториудынх нь тоног төхөөрөмж шаардлагад нийцэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Улсын хэмжээнд байгаа эмийн хоёр төв лабораторынх нь нөхцөл байдал гар утсаар бол НОКИА, машинаар бол ЭКСЕЛ түвшинд байна" гэсэн юм.

-Эмийн монополууд бидний эсрэг ажиллаж байна-

Өмнөх өдрийн сонсгол дээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн монополиудаас дарамт "заналхийлсэн" агуулгатай мессеж ирсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрийн сонсгол дээр үүнийг батлах мэт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эмийн монополууд бидний эсрэг ажиллаж байна. Сүрдүүлэг, дарамтууд их ирж байна" гэлээ.

-“Эмийн зөвлөлд 20 гаруй жил ажилласан хоёр хүн Түр хороонд шинжээчээр ажиллаж байна“ гэв-

Эмийн зөвлөлд удаан хугацаанд ажиллаж байгаа хүмүүсийн талаар асуудлыг Түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хөндсөн. Харин тус асуудалд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 20 жил ажиллаж байгаа хоёр хүнийг зөвлөлөөс чөлөөлсөн гэдгээ хэлээд тухайн хоёр хүн нь Түр хорооны бүрэлдэхүүнд шинжээч, хянан шалгагчаар оролцож байна гэх асуудлыг хөндсөн юм. Харин Түр хорооны дарга Ж.Чинбүрэн түүний асуултад "Харин ч шүгэл үлээж байгаа гэж харж байгаа" гэсэн юм.

-Хүний эмийн зөвлөл өөрсдийн бизнесийг цэцэглүүлдэг газар болсон байна-

Ийнхүү үргэлжлүүлэн Хүний эмийн зөвлөлийн томилгоо, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал яригдсан бөгөөд Түр хорооны гишүүд болон шинжээч нарын зүгээс ашиг сонирхлын зөрчил болоод ажилдаа хэрхэн хандаж буй талаарх асуудлыг ч хөндсөн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дүгнэхдээ "Хүний эмийн зөвлөл монополь бүлэглэлийг хамгаалдаг, өөрсдийн бизнесийг цэцэглүүлдэг газар болсон байна" гэсэн юм.

-54 тонн хөлдүү дуслын маапаан-

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Сонсголын сүүл мушгисан ч хамгийн ноцтой баримт цацагдсан нь Тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, мөстөн чанарын шаардлага хангахгүй болсон 54.5 тонн нийт 109 мянган ширхэг дуслыг "шаардлага хангасан" гэх дүгнэлт гаргуулан МУ-ын иргэдийн хэрэглээнд оруулсан байж болзошгүй гэх шинжээчийн танилцуулсан дүгнэлт, нотлох баримтууд байлаа. Эл асуудалд Түр хорооны гишүүд ч ихэд шүүмжлэлтэй хандсан бөгөөд Түр хорооны дарга Ж.Чинбүрэнгийн зүгээс "Та аав, ээж, хүүхдэдээ ийм хөлдүү дусал хийх үү. Өмнө ирэхдээ хөлдүү дусал ирсэн шүү дээ, дахин шинжлэхгүй гээд зогсох ёстой шүү дээ. Яаж ингэж болох юм" хэмээн шинжилгээ хийсэн гэх албаныхныг зандрав.

Харин эл дуслуудаа эмийн зах зээлд нийлүүлсэн эсэх талаар тодруулахад ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын байцаагч С.Баасанцээ "Устгалд оруулсан" гэх мэдээллийг өгсөн боловч шинжээчийн зүгээс устгасан эсэх нь нотлогдохгүй байгаа талаар мэдэгдсэн юм.

Эл асуудалд шинжилгээнд хамруулахыг зөвшөөрсөн улсын байцаагч нь басхүү шинжилсэн гэх лабораторын эрхлэгч нь дараах тайлбарыг өгсөн юм.

ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын байцаагч С.Баасанцээ: Чингэлгийн үүд хэсэгт байсан дуслууд мөстсөн байсан

АШУИС-ийн эмийн лабораторийн эрхлэгч Б.Хувьтавилан: Энэ дуслуудыг анх шинжлүүлэхээр авч ирэхэд тас хөлдүү биш дотроо мөстэй шар өнгийн дусал байсан. Хоёр дахь удаа байцаагчийн хүсэлтээр шинжлүүлэхээр авч ирэхэд ямар нэгэн хөлдсөн зүйл байгаагүй

Гурван өдөр үргэлжилсэн ЭМИЙН СОНСГОЛ өндөрлөлөө
Гурван өдөр үргэлжилсэн ЭМИЙН СОНСГОЛ өндөрлөлөө
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.