Олны танил хүмүүсийн амьдралын түүхийг ховор нандин зургуудын хамт өгүүлдэг "Facelook" булангийн ээлжит дугаарын зочноор УИХ-ын гишүүн, ХҮН намын УЗ-ийн гишүүн "төрийн санхүүч" Т.Доржханд оролцлоо.
Тоглох гэж яараад үртсэн зуухныхаа үртсийг дутуу чигжин, ахиухан цаас хийж үлээсний уршгаар зуух нь буудаж үс, хөмсөг, сормуусаа түлсэн хөгтэй явдлын эзэн бол 1977 онд Тогмидын 4 дэх хүү болж мэндэлсэн Т.Доржханд. Дэнжийн мянга, Хайлааст, Яармагийн гудамжуудын ширхэг чулуу бүр түүний бага насны дурсамжийг өгүүлэх ажээ.
Тэрээр 7 настайдаа Энэтхэгрүү шашны сургуульд явж, хамаатныхаа айлд өргүүлэх шахжээ. Олон хүүхэд гаргасан түүний ээжид дэм болох гэсэн хамаатны эгч нь Т.Доржхандыг өргөж аваад хөдөө явах гэж байв. Гэтэл түүний зургаадугаар ангид байсан бага ах нь “Дүүг айлд өгөх гээд байгаа юм уу, тэгвэл би сургуулиасаа гараад дүүгээ харъя л даа” гэж хэлээд дүүгээ үлдээжээ. (Том ах Т.Лувсандорж, бага ах Т.Чинзориг, эгч Т.Цэнд-Аюушийн хамт 1977 он)
Ааваасаа өвлөсөн хөрөнгө. Түүний ээж худалдааны эдийн засагч мэргэжилтэй, аав нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг байжээ. Арван дөрөвхөн насандаа эцгийгээ алдсан түүний ааваасаа өвлөж авсан хөрөнгө нь олон сайхан дурсамжаас гадна аавынх нь мэргэжил юм. (1983 он, Хандгайт)
Сахилгагүй жаалхүүгээс онц сурлагатан болсон нь. Т.Доржханд бага ангидаа ангийнхаа хүүхдүүдийг өмөөрөөд зодоон хийчихдэг "атаман" зантай хүүхэд байв. Нэг удаа хүүхэд зодсон хэргээр хичээлийн эрхлэгчийн өрөөнд сандал өргөөд зогсож байтал нэг багш орж ирээд “Тооны олимпиад болж байна, орох хүүхэд байна уу” гэж сураглажээ. Тэгээд шийтгүүлээд зогсож буй Доржхандыг хараад “Энийг оруулчихъя” гээд түүнийг аваад гарав. Шийтгэлээс мултарсандаа баярласан мань эр олимпиадад ороод тоогоо бодчихоод гялс гараад зугтчихсан гэдэг. Гурав хоногийн дараа сургуулийн захирал дуудахад “Бас яачихсан юм бол” гээд очтол олимпиадад түрүүлсэн гээд баяр хүргэжээ. Сахилгагүй, дүрсгүйгээрээ алдартай жаал хүү дүүргийн тооны олимпиадад түрүүлснийхээ дараа онц сурлагатан нэр зүүж, ангийнхаа ариун цэврийн дарга болж тушаал дэвшжээ.(Сүхбаатарын нэрэмжит II сургуулийн 1-р ангийн онц сурлагатнууд,1985 он)
Сургуулийн сагсны шигшээ багийн төвийн тоглогч. Нэгдүгээр ангидаа хамгийн өндөр нь байсан Доко (түүний багын дууддаг нэр) дөрөвдүгээр ангид ороод дороосоо хоёрт жагсдаг болчихож. Охидуудтай зэрэгцээд зогсохоор түүний нүүр яг цээжнийх нь харалдаа ирчихдэг тул ичээд уулзахаа больж, тэд ч тоохгүй болохоор сэтгэлээр унах болжээ. Ингээд тоо, шатар даамаа орхиод болиод өндөр болно гээд сагс, гар бөмбөг хөөж эхлэв.Улмаар сургуулийн шигшээ багийн гишүүн болжээ. Энэ зургийг авахуулах үедээ тэр өөрийгөө сагсан бөмбөгийн спортын дэд мастер, бильяардын спортын мастер болно гэж төсөөлөөчгүй явсан биз ээ.
Хэзээний их сургуулийн оюутан шиг харагдах төгсөх ангийн сурагч Т.Доржханд. Тэрээр оюутан байхдаа оройн 21 цагаас үүрийн 06 цаг хүртэл ахынхаа жижиг “Лада”-гаар халтуур хийж хэрэглээний мөнгөө олдог, сургуулийнхаа сагсны шигшээд тоглохын хажуугаар эрдэм шинжилгээний хурлуудыг алгасахгүй ордог завгүй нэгэн байжээ.(1997 оны 1-р сар)
Улаан дипломтай төгссөн 5 оюутны нэг. Аавынхаа мэргэжлийг өвлөн авч ээжтэйгээ хамт төгсөлтийн баяраа тэмдэглэж буй “төрийн санхүүч”.
Их сургуулиа төгссөний дараа түүнд тэнхимээс нь сургуульдаа багшаар үлдэх үү гэдэг санал тавьсан боловч тэрээр Сангийн яаманд ажилд орохоор шийдсэн байсан тул тэдэнд ангийнхаа найз Бат-Ирээдүйг багшаар ажилд авахыг санал болгожээ.
Японы Сангийн яаманд ажилд орсон анхны монгол залуу. Тэрээр 2002-2004 онд Токио хотын Хитоцубаши их сургуульд ОУВС-ийн тэтгэлэгээр Төрийн эдийн засгийн бодлого чиглэлээр магистр хамгаалжээ. Суралцах хугацаандаа Япон Улсын Сангийн яаманд 1.5 жил ажиллаж дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг хөгжилтэй орны Улсын төсөв хуваарилалтын бодлого, татварын бодлогын чиглэлээр давхар мэргэшсэн юм. Японд байхдаа ачаалал авах, ахлах хүмүүсээ хүндэтгэх соёлыг илүү гүнзгий суралцсан гэдэг. (Японы Төв банкны Ерөнхийлөгч, АХБ-ны Тэргүүн асан, Хитоцубаши Их сургуулийн профессор Харухико Курода-ийн хамт)
Токио хотын Хитоцубаши их сургуулийн оюутан байхдаа амралтаараа англи улсыг зорьж цаашид докторын зэргээ ямар сургуульд хамгаалахаа судалж байсан үе. (Old Royal Naval College, Greenwich)
“Бензинд явсан залуу”. Сангийн яаманд ажилд орсны дараа нэг даруухан охин яваад л байдаг байжээ. Нэгэн бороотой өдөр ажлынхаа гадаа зогсож байтал тас хар бенз машинтай бүсгүй, “Суучих аа, хүргээд өгье” гэжээ. Замд яриад явтал зан ааш аятайхан бүсгүй байсан бөгөөд тэр эмэгтэй түүнийг настай хүн гэж бодоод хүргэж өгөх гэж байж. Ийнхүү тэрээр гучин насандаа өөрөөсөө хэдэн насаар дүү эхнэртэйгээ танилцжээ. Түүнийг сангийн яамныхан “Чи нэг бензинд л явчихлаа” гэж цаашлуулдаг бөгөөд тэрээр “бинзенд явсандаа” огтхон ч харамсдаггүй гэнэ. Одоо тэд дөрвөн хүүхдийн эцэг, эх бөгөөд том хүү нь эдийн засагч мэргэжлээр Кембриджийн их сургуулийг энэ жил төгсөж гурав дахь үеийн эдийн засагч болжээ.
Төрийн түшээдийн таницуулга дээрээ бичсэн боловсролын зэргийг хараад итгэдэг хүн ховордсон одоо цагт тэрээр хашир улс төрчийн зан гаргаж дипломуудынхаа зургийг дарж цахим хуудсандаа нийтэлжээ.
- Хитоцубаши Их Сургууль-Төрийн санхүүч магистр
- Харвард Кенниди Их Сургууль- төслийн санхүүжилтын удирдлага
- Оксфорд Их Сургууль- Санхүүгийн онол
2016 оны УИХ-ын сонгуульд ХҮН нам тодорхой шалтгааны улмаас сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон тул тэрээр 57-р тойрогт бие даан нэр дэвшиж сурталчилгаагаа өөрийн өссөн газар болох 8-р хорооны “Дэнж” дээрээс эхлүүлж байв.
Төрийн ордонд пүүзтэй орохын өмнө. Хотын төвөөр гол шиг урссан борооны усан дунд сонгуулийн сурталчилгаагаа хийж буй нэр дэвшигч Т.Доржханд. Ингэхэд түүний өмссөн гутлыг анзаасан уу?
“Гутал”. Тэрээр тойргийнхоо иргэдтэй уулзаж явахдаа өмссөн гуталтайгаа УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолд ирсэн нь тухайн үед магтаал, шүүмжлэлийг ихэд дагуулсан билээ. Энэ гутлыг түүний эхнэр нөхөртөө бэлэглэхдээ ингэтлээ олонд танигдана гэж зүүдлээгүй явсан биз ээ.
Ард иргэдийн дунд Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг газруудад бүтээгдэхүүн ханган нийлүүлэх тендерт ялсан компианууд зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр бараагаа “шахдаг” гэсэн яриа бий. Харин үүний уршгийг ойлгодог хүн ховор гэдгийг анзаарсан Т.Доржханд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр энэхүү байдлын мөн чанарыг таниулсан бичлэг хийсэн юм. Талх, сүү худалдаж авсан үнийн дүнг хэд дахин нугалж хэлэхэд үйлчлүүлэгчид маш их бухимдаж байсан бөгөөд иргэд өөрсдийн худалдан авалтандаа илүү зардлыг тэвчидгүй гэдгийг харуулахыг зорьжээ. Түүний энэ бичлэг өмнөх сонгуулийн сурталчилгаануудад байгаагүй шинэлэг ПиАр болж чадсан билээ.
Т.Доржханд нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт ялалт байгуулж ХҮН намыг УИХ-д суудалтай нам болгож чадсан юм.Тэрээр сонгуулийн сурталчилгааны нээлтийн үгэндээ “Өнгөрсөн 30 жилийг алдааг давтахгүйн тулд ирээдүйн 30 жилдээ бид ачаагаа нэр төртэйгөөр үүрч ХҮН-дээ ээлтэй нийгмийг байгуулах зорилт тавин ажиллаж байна.” хэмээн өөрсдийн зорилтоо тодорхойлжээ.
Л.Дэлгэрмаа
Улаанбаатар ньюс- www.Ubn.mn