Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин Шинэдэлгэрийн охин Урангоо 20-хон насандаа Дэлхийд чансаагаараа II эрэмбэлэгддэг Стэнфордын их сургуульд тэнцэж улмаар тэтгэлэг авчээ. Наймдугаар ангийн жаахан охин байхаасаа л гадаадад сурах зорилго тээж, өнөөдрийг хүртэл тууштай зүтгэсэн тэрбээр хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрснээ бас мөрөөдөж чадаж байгаа хүн бүхэнд боломж олддог талаар ийнхүү ярилаа.
-Юуны өмнө дэлхийн топ их сургуулиас тэтгэлэг авсанд нь баяр хүргэе. Стэнфордын их сургуульд хэрхэн тэнцэж тэтгэлэг авсан тухай хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Баярлалаа. Намайг Ш.Урангоо гэдэг. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин айлын охин байна. Одоо 20 настай. Тэтгэлэг авах хүртэл яривал урт түүх болно. Иймээс товч ярья. Би наймдугаар ангидаа Ц.Оюунгэрэл эгчийн “Америкт суралцсан түүх” номыг уншаад хэн ч байсан гадаадад сурах боломжтой юм байна гэдгийг ойлгож, цоо шинэ мэдрэмжийг авч байсан юм.
Би Арбулаг сумынхаа ерөнхий боловсролын сургуульд сурдаг байхдаа олимпиад болон мэтгэлцээний тэмцээнд оролцохоор аймгийн төвд ирдэг байсан. Тэр болгондоо төвийн хүүхдүүдийг хараад тэднээс урам зориг авч, яг энэ хүүхдүүд шиг хөөрхөн бас хичээлдээ шаргуу болох юм сан гэж бодоод аймгийн төвд шилжиж ирж байсан юм. Нэг удаа мэтгэлцээний тэмцээнд ороод түрүүлтэл надад Улаанбаатарт хотод сургалтад суух эрхийн бичиг өгсөн. Тэгээд л наймдугаар ангийн хүүхэд нийслэлд анх удаа ирж үзээд сургалтдаа суутал дандаа гадаадад сурах хүсэлтэй 12-р ангийн ах, эгч нар байсан л даа. Гэтэл тэд бүгдээрээ англи хэлдээ сайн, математиктаа тааруу. Би ганцаараа англи хэлдээ муу, математиктаа сайн байсан. Тэгээд л ах, эгч нар маань намайг “Чи математиктаа сайн. Бидэнд хичээл зааж байна шүү дээ. Чамд потенциал нь байна. Чи үнэхээр сайн хичээвэл англи хэл сурч чадна” гэж итгэл өгч байсан юм. Ингээд нэг сар суралцаж дуусаад Хөвсгөл аймагтаа ирээд ямар, ямар боломж байна гэдгийг хайгаад хэрэв боломж байхгүй бол өөрөө эвент, арга хэмжээ зохион байгуулж, санаачилдаг байсан.
Ингэж явсаар хамгийн сайн найз болох М.Золжаргалтайгаа хамт гадаадад сурах хүсэл мөрөөдөл тээгээд ямар л хөтөлбөр, программ гарч ирнэ тэр бүгдэд хүсэлтээ илгээдэг болсон.
-Арван жилийн сурагч байхдаа л гадаадад сурах зорилгыг өөртөө тавьчихсан юм байна. Түүндээ хүрэхийн тулд өнөөдрийг хүртэл зүтгэж ээ?
-Хүүхэд байхдаа ид шидтэй хүүхэлдэйн кино үзэх дуртай байсан юм. Тийм болоод ч тэр үү хүний хүслийг биелүүлдэг хүн болох юм сан гэж мөрөөддөг байлаа. Одоо бодоход энэ хүсэл маань намайг илүү сониуч болгож, гадаад дотоодын олон зүйлсийг таньж мэдэх хүсэл эрмэлзэлтэй болоход нөлөөлсөн байх.
Мэдээж хүмүүст аливааг бэлэглэх нь бас асуудал тулгарсан хүүхдэд гарц гаргалгааг нь хайж, олж өгөх нь маш сайхан байдаг. Тийм ч учраас миний зорилго томорч, алхмууд маань ч гэсэн шат дараатай болж эхэлсэн. Түүнийгээ дагаад дараа дараагийнхаа төлөвлөгөөгөө гаргаж, зорилгоо тодорхойлж, их сургуулиа ч гэсэн маш нарийн судалж эхэлсэн.
-Асуудал тулгарсан хүмүүст гарц гаргалгааг нь хайж өгөх дуртай гэж байна шүү дээ. Ер нь өөрийг тань гадаадын их сургуульд тэнцэхэд ямар асуудал хамгийн их тулгарсан бэ?
-Асуудал бүрийг тоочвол дуусахгүй шүү дээ. Тэр дундаас нэг жишээг онцолъё.
Намайг 10-р ангид байхад цар тахал гарсан. Тухайн үед би Олон улсын математикийн олимпиадад оролцохын тулд Улаанбаатарт сорил өгөхөөр ирсэн байсан юм. Гэтэл намайг хотод байх үед хөл хорио тогтоогоод хаашаа ч явах аргагүй болсон. Азаар нэг автобус аймаг руу явах болоод шууд хөдөө гэр рүүгээ буцаж байлаа. Тэгтэл юу болсон бэ гэхээр миний зорьж байсан олимпиад хэзээ болох нь тодорхойгүйгээр хойшилчихсон. Онлайнаар, сошиалаар подкаст сонсдог байсан бол тэр бүх боломж хаагдчихсан. Тэгээд жил гаруйн хугацаанд хөл хорионы үеэр хөдөө мал дээрээ байсан юм.
Юун англи хэл, юун математик. Бүх боломж л зогсчихсон гэж хэлж болно. Гэхдээ зөвхөн боломж л зогссон болохоос биш миний хүсэл эрмэлзэл гал шиг дүрэлзээд л байсан. Хэзээ тэмцээн маань болох бол, хэзээ хөл хорио тавигдах бол гээд л боддог байлаа.
Тэгээд би ингэж суухын оронд өөрийгөө хөгжүүлэх ямар боломж байна гэдгийг эрж хайж эхэлсэн. Ааваасаа “Сүлжээтэй газар хаана байдаг юм бэ. Би интернэт ормоор байна” гэж асуутал аав маань, “Энэ хойд уулын орой дээр хамгийн сайн сүлжээ орох байх, хоёр зураас орно миний охин” гээд зааж өгсөн. Тэгээд цасан шуургатай, хүйтэн байхад хонио тууж уулын орой дээр гараад гар утасныхаа багтаамжийг дүүртэл “Unlock podcast”-аас номын подкастууд татаж авч, найзуудынхаа чатад хариу өгөөд буцаад бууж байлаа.
Яг жилийн хугацаанд би 100 гаруй номын подкаст сонссон байсан. Хонио хариулж байхдаа, ямаагаа сааж байхдаа, гэрийн ажил хийж байхдаа гээд аль л боломжтой үедээ сонсдог. Тэр үед би юу ойлгосон бэ гэхээр,
Өөрөө өөртэйгөө ярилцах орон зайтай болсноо ойлгосон. Би хэдий хичээдэг хүүхэд байсан ч гэсэн зорилго маань медалиас медалийн хооронд, амжилтаас амжилтын хооронд, бусдад таалагдахын тулд, бусдаар магтуулахын тулд л амжилт гаргаж байжээ гэдгээ анзаарсан. Тэгээд л тухайн үед би юуг яаж хийх ёстой юм бэ, ямар боломжууд дэлхийд байдаг юм бэ гэдгийг номын подкастуудаас сонсож ойлгож байсан юм.
Бас дүү нартаа болон энэ ярилцлагыг уншиж буй хүмүүст хандаж нэг зүйл хэлмээр байна. Таны сонсож байгаа, бодож байгаа бүхэн чинь өөрийн тань шийдвэрт нөлөөлж болдог юм шүү. Би ч бас түүнийг ойлгосон. Тийм болохоор та бүхэн ямар ч орчин нөхцөлд байсан өөрийнхөө хийж буй зүйлээ зөв сонгох хэрэгтэй. Сонголт зөвхөн таны гарт л байгаа. Бас бидэнд яг адилхан 24 цаг бий. Энэ хугацаанд юу хиймээр байна тэр бүгдээ хийгээрээ хэлэхийг хүсэж байна.
-Хүмүүсийн дунд нэг нийтлэг ойлголт бий. Тэр юу вэ гэвэл, Хотын төвд амьдарч байгаа, үнэтэй сургуульд сурч байгаа тэр ч бүү хэл аав ээж нь нөлөө бүхий, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдэд л боломж олддог гэсэн ойлголт. Гэтэл жирийн л малчин айлын хүүхэд өөрөө хичээж чадвал гаднын томоохон сургуульд тэтгэлэг авч болдог гэдгийг та өөрөөрөө үлгэрлэж, харуулж өглөө шүү дээ?
-Миний хувьд хүмүүсийн амжилтыг тодорхойлохдоо тухайн хүн өөрийнхөө байгаа орчин нөхцөл, нөөц боломжоо хэрхэн ашиглаж чадаж байна, ямар зорилгын төлөө ямар хичээл зүтгэл гаргаж байна гэдгийг харах дуртай. Өссөн төрсөн орчин өөр байж болно. Мэдээж хэрэг хувийн сургуулиудын хөтөлбөр ямар билээ, улсын сургуулиудын хөтөлбөр ямар билээ. Багаас нь олон улсын хөтөлбөрөөр хүүхдүүдээ бэлдэж байгаа учир хувийн сургуулийн хүүхдүүдэд боломж арай илүү байж болох юм. Хамгийн энгийн жишээ л гэхэд хувийн сургуулийн номын сан, сумын сургуулийн номын сангийн тухай ярилцъя. Хувийн сургуулийн номын сан байнга онгорхой байдаг, англи хэлний ном төрөл бүрээрээ байдаг бол сумын сургуулийн номын сан дандаа онгорхой байгаад байдаггүй. Англи хэлний ном, сурах бичиг ч хомс. Үүнээс гадна өөр олон зөрүү бий.
Гэхдээ энэ бүгд асуудал биш. Танд хүсэл мөрөөдөл байгаа цагт тэр бүх боломж өөрөө нээгдэж байдаг. Үүнийг ч би ойлгосон.
Нийслэлд л гэхэд АНУ-ын Элчин сайдын дэргэдэх “American corner” гээд үнэгүй номын сан байдаг. Миний хувьд сургуулийнхаа өргөдлийг бэлдэх хугацаандаа гэрээсээ хоолоо хийгээд, ааруулынхаа шүүсийг бэлдээд, өдөржин тэнд суудаг байсан. Тиймээс энэ бүх боломжийг өөрөө эрж хайж, эрэлхийлэх хэрэгтэй. Түүнээс гадна өөрийгөө хүрээлж буй хүмүүсийг зөв сонгох хэрэгтэй. Ялангуяа нэг зорилготой, хүсэл тэмүүлэлтэй найзтай болбол мөрөөдөлдөө хүрэхэд тань маш сайн нөлөөлнө. Миний хувьд ч найз маань номер нэгт гэж боддог.
-Ярилцлага эхэлснээс хойш найзыгаа дурдаж байгааг тань анзаарлаа. Магадгүй тэтгэлэгт хамрагдахад тань хамгийн их нөлөөлсөн хүн юм болов уу?
-Миний хувьд аймгийн сургуульд шилжиж ирэхдээ гарцаар ч гарч чаддаггүй тийм л хөдөөний хүүхэд байсан. Яагаад гэвэл аймагт ирэх шалтгаан маань зөвхөн олимпиад. Яах вэ заримдаа зах орж нэг өдрийн дотор хувцсаа цуглуулчхаад л буцдаг байсан. Өмнө хэлсэнчлэн би аймгийн хүүхдүүдийг ямар мундаг юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэж бодож байсан гэсэн шүү дээ. Гэтэл шилжиж ирсэн ангид маань яг тийм сурагч байсан. Тэр бол миний хамгийн сайн найз М.Золжаргал.
Улаан хацраасаа хүртэл ичиж байхад түүнийг ч тоолгүй, намайг яг байгаагаар минь хүлээн авч, хөдөөгийн амьдралыг маань сониучирхан асуудаг, сониуч хүүхэд байсан. Бас дээр нь найз маань нийгмийн идэвхтэй, өндөр оролцоотой. Тийм учраас ч тэр үү бид хоёр хаана л ямар хөтөлбөр байна тэр болгонд очиж оролцож, хичээл номоо хүртэл хамт хийдэг байсан. Бид хоёрын нөхөрлөж буй энэ найман жилийн хугацаанд их ч зүйл өөрчлөгдөж, их ч олон дурсамж бий болсон байна. Хамгийн гоё нь найз маань мөн адил дэлхийн топ их сургуульд тэнцсэн байгаа.
-Гадаадад мэдлэг боловсрол эзэмшсэн залуус эх орондоо ирэхээс илүүтэй тэндээ үлдэх сонирхол ихтэй байдаг шүү дээ. Магадгүй гаднын орнуудын амьдрах орчин нөхцөл зэрэг нь тааламжтай байдаг байх. Гэтэл Монгол Улс мэргэжлийн боловсон хүчнээр дутаад л байдаг. Өөрийн тань хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Эмээ маань намайг бага байхад үлгэр домог их ярьж өгдөг бас зүйр үг их хэлж өгдөг байсан юм. Тэр болгоноос нь маш их сургамж авдаг байсан л даа.
Гэхдээ одоог хүртэл сэтгэлд хамгийн тод үлдсэн үг нь "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэх үг. Тийм ч учраас би хээрийн галууг нисэн үл хүрэх газрууд руу өөрөө явахыг хүсдэг бас тэмүүлдэг. Алс хол нутагт очиж, үүх түүх, соёл боловсролыг нь таньж мэдэх хүсэлтэй.
Өөрөөр хэлбэл дэлхийн топ их сургуулиудын профессорууд юу зааж, юу ойлгуулахыг хичээдэг юм байна, тэр болгоныг би яаж Монгол хүүхдүүддээ зааж, ойлгуулах ёстой вэ гэдгийг мэдэхийг хүсэж байна. Мөн дээр нь Монгол хүүхэд бүрийн сурах арга барил ямар байдаг бол гэдгийг тархиных нь эсийн түвшинд хүртэл судалж мэдэхийг хүсэж байна.
Энэ бүгд одоогоор энгийн л нэг хүслийн хэмжээнд байгаа шүү дээ. Их сургуульдаа очоод, орчинтойгоо танилцаад эхэлснийхээ дараа нарийн судалгаа хийж үзэж, боловсролынхоо хөтөлбөрүүдийг яаж бэлтгэдэг юм байна, түүнийг Монголын хөрсөнд хэрхэн буулгах ёстой вэ гэдгийг илүү шинжлэх ухаанчаар судлах зорилготой байгаа. Дээр нь сургуульдаа очоод сурах явцад маш олон үүд хаалга нээгдэх байх л даа. Магадгүй хэдэн жилийн дараа Ш.Урангоо гэдэг хүн илүү олон зүйлийг хийж бүтээсэн байж ч мэдэх юм. Эсхүл дараагийнхаа хийх зүйлийг бодчихсон, үзүүрээс нь атгачихсан байх болов уу гэж бодож байна.
-Сургуульдаа хэзээ явах вэ?
-Ирэх есдүгээр сард явна.
-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Хайртай дотнын хүмүүстээ хандаж үг хэлэхгүй юу?
-Мэдээж гэр бүлдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Аав, ээж хоёр маань маш шударга хүмүүс. Миний бүхий л алдаа дутагдлыг нуух зүйлгүй хэлчихдэг. Хамгийн гол нь бусдын адил эрхлүүлж, бурууг зөвтгөж, толгойг маань илдэггүй учир би өнөөдөр энэ том их сургуулиас тэтгэлэг авсан байх гэж бодож байна.
Бас гадаадын их сургуульд сурахыг хүсэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд чи юу хүсэж байна тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгээрэй. Боломж үргэлж байдаг болохоор мөрөөдлөө бүү орхиорой. Өөрийнхөө чадах чинээгээр сурч боловсорч бас эцсийн мөнгөө шавхаад ч болов өөрөө өөртөө, боловсролдоо хөрөнгө оруулаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.