УИХ-ын хаврын ээлжит чуулганаар зайлшгүй батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тэгвэл бид дэгийн хуульд орж буй өөрчлөлт, онцлог заалтуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандаас байр суурийг нь тодрууллаа.
-УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой хамгийн чухал хуулийн нэг нь дэгийн тухай хууль. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламент чуулганы хуралдаанд бүлгийн зохион байгуулалтад орж, олонх болсон намын гишүүд илүү үг хэлдэг байх дэг рүү шилжинэ гэж буй. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-УИХ 76 гишүүнтэй байсан бол ирэх сонгуулийн дараа 126 гишүүнтэй болж өөрчлөгдөж байна. Тэгэхээр УИХ улс төрийн "популизм" хийдэг талбар байх юм уу, аль эсвэл бодлого ярьдаг шуурхай парламент байх юм уу гэдэг асуудал яригдах ёстой. Үүнтэй холбоотойгоор бүлгийн асуудал ч үүснэ.
Олон гишүүнтэй парламентын засаглалтай орнуудын хувьд бүлэгт тодорхой цаг ноогдож, тухайн цагтаа сөрөг хүчний бүлэг ЗГ-тайгаа мэтгэлцдэг байдлаар явж байна. Тухайлбал, төсвийн бодлого орж ирлээ гэхэд гишүүний хувьд төсвийн бодлогын алдааг харуулсан судалгаа гаргаж ирээд мэтгэлцэх хэрэг гарахад үүнийг хязгаарладаггүй л байх ёстой.
Парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд нэг нам биш, олон намын төлөөллүүд парламентад орж үгээ хэлж, санал гаргаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг ярьж, мэтгэлцдэг байх нь чухал.
Бүлэг байгуулах босго нь олон улсын жишгээр нийт УИХ-ын гишүүдийн 2-5 хувийн суудал авсан байхыг хуульдаа заасан байдаг. Манай улсын чиглэлээ болгож байгаа ХБНГУ-ын парламентаас харахад 5 хувиар бүлэг байгуулж байх жишээтэй.
Гэтэл манай парламентад бүлэг байгуулах босгыг нийт гишүүдийн суудлын 10 хувь гээд заачихсан. Одоогийн 76 гишүүнтэй парламентад 8 гишүүний суудал авсан нам бүлэг болно гэдэг байдлаар явж ирсэн. Тиймээс бүлэг байгуулах босгыг багасгаж өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудлыг иргэд маш ихээр хөнддөг. Үүний ард парламентын чадавхын асуудал дагаад яригддаг. Иргэд шударга ёс, хариуцлага шаардаад байгаа учраас халдашгүй байадал гэдэг ойлголт нь бусад улсын парламенттай харьцуулахад илүү эрх юм байна гэж зарим нь дүгнэх болсон. Хэрэгт холбогдсон бол иргэдийн адил холбогдох хуулийн байгууллагаар шалгуулаад явах ёстой гэж ойлгодог. Нөгөө талд, улс төрчийг үндэслэлгүй гүтгэх, хэлмэгдүүлэх, цахим орчинд нэр хүндэд нь халдах асуудал явах эрсдэлтэй. Гэхдээ та нэгэнт улстөрчийн амьдралыг сонгосон бол энэ бол алга ташуулаад явдаг амьдрал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ агуулгаараа халдашгүй байдлыг тусад нь авч үзэх нь зөв.
-Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?
- Энэ их чухал асуудал. Бид давжаа парламентынхаа дутагдалтай талуудыг одоо маш их мэдэрч яваа. Цөөхөн гишүүдтэй учраас УИХ-ын нэг гишүүн 3-4 байнгын хороо руу орж ажиллаж байна.
Гэтэл байнгын хороонд мэргэжлийн гишүүд салбарынхаа асуудлыг бодлогын түвшинд ярьдаг байх шаардлага үүсэж байгаа юм. Хуулийн төслийн гол хэлэлцүүлэг байнгын хорооны босгыг давж байж УИХ-ын чуулганы хуралдаанаар орж ирдэг.
УИХ-ын гишүүдийн тоо 126 болохоор Засгийн газарт хяналтаа тавих бүрэн боломжтой. Жишээ нь, 15 яамтай байлаа гэхэд нийт гишүүдийн 10 орчим хувь нь л томилогдоно. Тухайн сайд нар тус бүр нэг л байнгын хороонд орно. Ингэхдээ өөрийн хариуцсан салбарын байнгын хорооноос өөр байнгын хороонд орно. Ингэхээр хуралдааны аливаа асуудалд лобби орох боломжгүй буюу ЗГ-ын эрх мэдлийг хяналтдаа авах давуу талтай гэсэн үг.