Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут хөнгөлөлтийн эмийг ямар хүмүүст ямар зорилгоор хэрхэн олгодгийг тодруулсан юм.
Түүний асуултад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг "2018 оны байдлаар 377 мянган иргэн хөнгөлөлттэй үнээр эм авч байсан бол 2023 онд 2 дахин өсөж, 600 мянга давсан. Хөнгөлөлттэй эмийг сонгохдоо тухай жилийн өвчлөлийн шалтгааныг хардаг" гэх хариу тайлбарыг өглөө.