"Мафижсан" гэх эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо эмийн сонсголын ард гарлаа. Гурван өдөр үргэлжилсэн эл сонсголыг эмийн хүртээмж, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 119 гэрчээс 83.2 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонссон байна.
Өмнө зохион байгуулагдсан Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой хэргээр нээлттэй сонсголоор илэрсэн улстөрчдийн хамаарал олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүлж, шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ удаагийн сонсголоор илэрсэн улстөрчдийн хамаарлыг шинжээч нар танилцуулж олон нийтэд хүргэсэн. Тэгвэл сонсголоор ямар улс төрийн хамаарал ил болсон талаарх мэдээллийг та бүхэнд багцлан хүргэе.
ТАНИЛЦ...
ЭРГЭН САНУУЛЬЯ, ДЭЛГЭРЭНГҮЙ:
Түр хорооны гишүүн М.Оюунчимэгийн зүгээс "Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал. Энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой" хэмээн сонсголын төгсгөлд мэдэгдсэн. Түүний ийнхүү хэлсэн нь "Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна" гэх шинжээчийн дүгнэлттэй шууд утгаараа холбогдоно.
Өөрөөр хэлбэл, өөрөө эрх ашгийн зөрчилтэй буюу тус салбарт хамаарал бүхий компанитай хэрнээ шийдвэр гаргах түвшинд нь оролцож, эм хангамжийн салбарын бодлогыг зангидаж буй нь хэр зохистой асуудал вэ гэх асуудлыг энд хөндөх шаардлага үүсэж буй юм.
Үргэлжлүүлэн та бүхэнд улстөрчдийн хамаарлыг эргэн сануулья. Шинжээч нарын зүгээс албан тушаалтнуудын харилцаа хамаарлыг тогтоохын тулд 2018-2023 оны хооронд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй албан тушаалтнуудын эм хангамжийн салбар дахь хамаарал бүхий компаниуд болон тэдгээрийн охин болон хараат, нэгдмэл сонирхолтой компаниудын мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох эх сурвалжийн ирүүлсэн мэдээлэлд үндэслэн олон нийтэд хүргэсэн юм. Ингэхдээ эдгээр албан тушаалтнууд нь эм хангамжийн салбарт хамааралтай компанитай гэх агуулгаар дурдагдаж буй гэдгийг ойлгох нь чухал.
Сонсголоор албан тушаалтнуудын хамааралтай компаниудыг танилцуулах үеэр дараах нэрс дурдагдсан. Тодруулбал,
-ЭМДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Дамдины Дэмбэрэл нь эмийн салбар дахь "Түмэн-Очир" гэх компанитай,
-Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа нь "Тахилтын овоо" гэх компанитай,
-Эрүүл мэндийн сайд асан Сэрээжавын Энхболд нь эмийн салбар дахь "Мөнхийн тун" компанитай,
-Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг "Өлзийдэн" гэх компанитай,
-ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр МСМ групп компанитай,
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь "Ламор" компанитай,
-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал МСМ групп компанитай хамааралтай хэмээн танилцуулагдсан юм.Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг шинжээчийн танилцуулгын дараагаар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан "Лондон лүүк" гэх компанитай хамааралтай гэж дурдагдсан талаар мэдээлсэн.