Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Сонсголоор илэрсэн гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг хууль хүчний байгууллагад шилжүүлэхээр бэлтгэж байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
14 минут 22 секунд

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол энэ сарын 15-17-нд болсон билээ. Сонсголын тайлан дүгнэлтийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах юм. Үүнтэй холбогдуулан тус түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Түр хорооны даргын хувьд гурван өдрийн турш болж өндөрлөсөн нээлттэй сонсголыг хэрхэн дүгнэж байна. Үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөл болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын хамаарлыг хөндсөн шүү дээ?

-Сонсголын гол зорилго нь иргэдийн мэдэх эрхийг хангах юм. Ер нь эрүүл мэндийн салбарт болохгүй зүйл нь юу байна, энэ бүгдийг ард иргэдэд утга дараалалтайгаар харуулахыг оролдлоо. Сонсголын эхний өдөр хөнгөлөлттэй эмийн журмыг хэн яаж баталдаг, энэ журам нь ямар байдаг мэдээллийг хүргэлээ. Тухайлбал, эхний өдөр сонссон ноцтой зүйл бол 8, 9-р заалтын жагсаалтыг баталсан протокол алга болсон байх жишээтэй. Нууж хааж, протоколыг алга болгосноороо уснаас хуурай гарна гэж байвал тийм зүйл байхгүй шүү. Мэдээллийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

Сонсголын хоёр дахь өдөр эмийн үнэ өссөн шалтгааныг харуулахыг зорьсон. Маш олон мэдээлэл дээр ажилласан. Тухайлбал, ГЕГ-ын болон Сангийн яамны татвартай холбоотой мэдээлэл, ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн мэдээлэл таарахгүй байх жишээтэй. Эдгээрийг уялдуулахгүй байх хүсэл сонирхол хэнд байгааг хөндөж ярилаа. Тэгэхээр тогтолцоонд байгаа эмийн үнийг бодитой хянах боломжийг хязгаарлаж буй явдал нь эмийн үнээ хэд дахин нугалж буйгаа нуусан үйлдэл гэдгийг харуулж чадлаа. Шийдвэр гаргах түвшинд шийдвэр гаргадаг хүмүүсийн хамаарал бүхий байдлыг харуулж буй нь компаниудын нөлөө бүхий этгээдүүд төр шигдэж, мэдээллийн давуу байдлаа ашиглан буйг нэр устай нь гаргаж ирсэн. Үүнд хүмүүс их эмзэглэж байна лээ. Шийдвэр гаргах процесст оролцсон эсэхийг хууль хяналтын байгууллага ч гаргаад ирэх учраас та бүхэн нээх сандрах хэрэггүй.

Дараагийн асуудал бол чанар. Бидэнд үнэхээр чанартай эм байна уу гэхэд л эмийн чанар шалгах лаборатори нь музей болчихсон. Өөр ноцтой асуудал нь “хөлдсөн” дусалыг тэнцүүлээд гаргасан байх жишээтэй. Хөлдүү дусал ирснийг нь мэдчихээд 10 хоногийн дараа гэсгээж, тэнцлээ гэж дүгнэж буйг эмч хүний хувьд би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудал байгаа учраас гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг хууль хүчний байгууллагад шилжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

-Хууль хяналтын байгууллага руу хэчнээн хүн, ААН-ийн мэдээлэл явахаар байна?

-Та бүхэн хамаарал бүхий этгээд гээд харсан шүү дээ. Гэхдээ эдгээрийг гэмт хэрэгтэн гэж байгаа зүйл биш. Шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлснийг нь хууль хүчний байгууллага дахин шалгах байх. Бидэнд байгаа мэдээллээс харахад, 700 ажилтан, 9000 гаруй хамаарал бүхий этгээдтэй харьцуулж шалгасан байсан. Эдгээр тоонуудыг харахад нэлээн өндөр тоо байгааг харсан байх. Үүнээс гадна шаардлагатай материалуудыг архивт хадгалахгүйгээр нуусан, лабораторитай холбоотой мэдээллийг зөрүүтэй гаргасан мөн өөрийн хамааралтай нэгдмэл ашиг сонирхолтой байгууллагын мэдээллийг бүртгүүлсэн гээд олон зүйл дурдагдсан. Энэ бүхнийг хууль хүчний байгууллага шалгах байх. Харин бид Улсын Ерөнхий прокурорт дагалдах материалуудынх нь хамт хүргүүлнэ.

-Сонсголд дуудагдаж, олон нийтэд хүлээлт үүсгээд байсан зарим гэрчүүд ирсэнгүй. ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл гэрчээр дуудагдсан гэдгээ мэдсээр байж томилолттой гэх шалтгаанаар сонсголд оролцоогүй. Хариуцлагын асуудал яригдах уу?

-Гэрчийн оролцоо санасныг бодвол харьцангуй сайн байлаа. Өөрөөр хэлбэл, 82 хувийн ирцтэйгээр сонсголд оролцсон. Би өмнө нь ч хэлж байсан. Гэрч бүхэн гэмт хэрэгтэн биш шүү дээ. Тухайн шалгаж буй процесст өөрийн гэрчилж, мэдэж байгаа зүйлээ л хэлэх ёстой. Тэр утгаараа гэрчүүд өндөр ирцтэй оролцлоо. Ирээгүй хүмүүс шалтгаанаа албан бичгээр ирүүлсэн. Шалтгаан нь үнэн бодитой эсэхийг шалгаад, шаардлагатай тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

Монгол Улсын эмийн салбарт болохгүй байгаа бүх зүйлийг ил гаргасан гэж бодож байна

-Сонсголоор цөөнгүй мэдээлэл ил боллоо. Удирдан зохион байгуулсан танд болон түр хорооны гишүүдэд дарамт шахалт их ирж байна уу?

-Багагүй ирсэн. Гэхдээ би гоншигоноод, тэглээ ингэлээ гэж ярихгүй. Тэртээ тэргүй ард түмнээ төлөөлж, парламентад сууж буйн хувьд эмийн салбарт томоохон дэвшил гарах ёстой гэж хардаг. Үүнийг “ЭМ” холбоо ч гэсэн дурдсан байна. Эрүүл мэндийн яам ч хүлээн зөвшөөрсөн. Тус яамнаас нийслэлд болон орон нутагт эмийн сангийн зөвшөөрөл олгоход илэрсэн зөрчлүүдээ ил болгосон. Зарим улсууд нь АТГ-т мэдээллийг нь өгнө гэж байх шиг байна. Үүний араас хулгай хийдэг, эрх мэдлээ урвуулан ашигладаг бүх үүд хаалга хаагдах ёстой. Энэ салбар өөрөө эрүүл болох ёстой. Тийм учраас бид сонсгол хийхээс айгаагүй. Түр хорооны гишүүд маш идэвхтэй, 100 хувийн ирцтэй оролцсон. Монгол Улсын эмийн салбарт болохгүй байгаа бүх зүйлийг ил гаргасан гэж бодож байна. Бараг сэдэв үлдээгүй байх.

-Эм бол хүний эрүүл мэндээс гадна Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. “Нүүрсний” гэх хэргээс дутахааргүй хэмжээнд яригдлаа. Нүүрсний сонсголтой харьцуулбал эмийн сонсгол хэр болов?

-Тэр илүү, энэ дутуу гэж хэлэхэд чадахгүй. Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн учраас гарцаагүй ярих ёстой сэдэв мөн. Хүмүүс “Чи дөрвөн жилийн хугацаанд энийг хийхгүй юугаа хийж байсан юм” гэдэг. Харин сонсголын дараа энэ эрч нь суларчих шиг боллоо. Мэдээж энэ бол ганц өдөрт хийдэг ажил биш. 20 мянган хуудас файл, мэдээлэлд ажиллан баримт цуглуулж, дээрээс нь тогтолцоог томоор харж, бүх зургаар нь энэ асуудлыг гаргаж тавина гэдэг бол нүүрсний болон Хөгжлийн банкны асуудлыг бодоход, задгай талбараас бүх мэдээллийг цуглуулж нэгтгэх нь тийм амар байсангүй.

-Сонсголын үеэр хөлдүү дуслыг эмнэлгүүдэд нийлүүлдэг байсан, мөн ковидын үеийн оношлуурын 80 хувь нь вирусийг илрүүлж чаддаггүй байсан зэрэг мэдээллүүд ил болсон. Таныг эмчээр ажиллаж байхад энэ мэт асуудал хэр их гардаг байсан бэ?

-Эмнэлэгт ирсэн бараа материалаа л ашигладаг байсан. Харин 1990-ээд он буюу дөнгөж эмчээр ажиллаж эхлэх үед эм ханган нийлүүлэлт тасалдаж, нэг системээс нөгөө систем рүү шилжүүлээд хэцүү байсан үе. Хүндрэлтэй зүйл нь дусал залгахаар “реакц” өгөх асуудал байсан. Дусал залгасны дараа хариу урвал өгч чичрэх явдал шүү дээ. Харин сүүлийн 20 жилд дотоодын үйлдвэрлэл дундаа дуслын системд том дэвшил гарсан гэж боддог. Эмнэлгүүд дуслаа өөрсдөө найруулдаг байсан шүү дээ. Тэр битгий хэл, ганзагаар зөөсөн дусал шингэнийг бөөний төвөөс авдаг байлаа. Ийм л замбараагүй тогтолцооноос арай гэж гараад явж байна.

Эм үйлдвэрлэх сайн туршлагаа хэрэгжүүлж буй ААН-ийг дэмжихгүйгээр туршлагаа хэрэгжүүлдэггүй үйлдвэрүүдийг дэмжээд байгаа нь ноцтой асуудал байхгүй юу. Энэ асуудлыг ч сонсголоор хөндөж чадлаа.

Түүнчлэн хүний бие рүү орж байгаа дусал шингэн бүрд анхаарлаа хандуулах ёстой. Яармагийн эмнэлэгт хүүхдүүдэд тариа хийгээд, юу болж байлаа. Дусал шингэний алдаа биш, эсрэгээрээ буруу дуслыг найруулсантай холбоотой асуудал гарч ирж байна. Өнөөдрийг хүртэл дүгнэлтийг нь харж чадахгүй байх жишээтэй.

-Эмнэлгийн удирдлагууд яагаад ажилчдадаа хайргүй байдаг юм бэ-

-Ер нь эрүүл мэндийн салбарын цаашдын чиг хандлагыг та хэрхэн харж байна?

-Анх би 2020 онд УИХ-ын гишүүн болж ирээд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтын тогтолцоог өөрчилж чадсан. Даатгалын санхүүжилт гэдэг бол манай эрүүл мэндийн салбарын томоохон шинэчлэл шүү. Олон хүнийг эмчилснийхээ төлөө санхүүжилт авдаг. Үнийн төлөөх биш чанарын төлөөх өрсөлдөөн юм.

Эмчилгээний явцад хэрэглэж буй эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал гэдэг нь томоохон мөнгөн дүнг эзэлж байгаа. Бид мөсөн оргилын зөвхөн үнийн асуудлыг л ярилаа шүү дээ. Цаана нь эмийн хэрэгсэл гээд бүхэл бүтэн салбарыг ярьж амжихгүй. Энэ бол дараагийн парламентын хийх ажил байх болов уу гэж найдаж байна. Ер нь бид хөөрсөн үнэтэй, шулдаг биш тогтолцоотой болчихвол эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдэх боломж бүрдэнэ. Өнөөдөр гүйцэтгэлээр авч байгаа санхүүжилт ихэнх мөнгө нь эм, эмнэлгийн хэрэгсэл рүүгээ орчхоор ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй, өрөнд ороод байна. Жишээлбэл,

Яаж хасах баланс руу орж болдгийг “Өргөө” амаржих газар харууллаа. Тэгэхээр эмнэлгийн удирдлагууд яагаад ажилчдадаа хайргүй байдаг юм бэ. Тэднийхээ цалинг нэмэхийн төлөө хичээн зүтгэх ёстой биз дээ. Эсрэгээрээ эмнэлгээ баахан өрөнд оруулчихдаг. Ижилхэн үйл ажиллагаа явуулж буй газрууд нь цалингаа нэмчихсэн. Тиймээс манай эрүүл мэндийн салбарт илүү шударга тогтолцоо үгүйлэгдээд байгаа биз. Хулгай хийдэг тогтолцооноос салъя л даа. Тэгвэл тогтолцоо маань эрүүл саруул болчих гээд байна шүү дээ. Дараа нь өвчнөөс урьдчилан сэргийлдэг тогтолцоо руу орж чадвал олон иргэнийг санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр бүрэн эмчлэх боломж бүрдэнэ.

-Таны хувьд нэг түр хороог даргалж ажиллалаа. “Ногоон автобус”-ны түр хорооны гишүүн учраас дараагийн ажил энэ түр хорооны ажилд анхаарал хандуулах байх. Дээрх түр хорооны ажил хэр урагштай, шуурхай явж байна?

-Миний хувьд эмийн түр хорооны тайлангаа тавиад, дараагийн ажил руугаа орох гэж байна. Бидэнд одоогоор нотлох баримт ирсэн, хянан шалгагчдын чиглэлээр хийсэн ажлын мэдээлэл гишүүдэд хараахан ирээгүй байна. Ирэх долоо хоногоос энэ сэдэв рүүгээ орно доо.

-Улстөрийн хүрээнд “Ногоон автобус”-ны сонсгол энэ парламентын хугацаанд болж амжихгүй гэх яриа байна. Анх дөрөвдүгээр сард болохоор ярьж байсан ч амжихааргүй боллоо. Яг үнэндээ ирэх сард хийж чадах уу?

-Намайг эмийн түр хороог ахалж эхлэхэд сэтгүүлчид “Та сонсголоо хийж амжихгүй ээ” гэж байсан. Түр хороог ахлах тийм амар биш. Улстөрийн хариуцлага нь түр хороог ахалж буй хүнд илүү очно. Тийм учраас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гишүүн сонсголоо хийх болов уу гэж найдаж байгаа. Энэ түр хороонд манай эмийн түр хороо шиг задгай талбараас бүх баримт материал цугларахгүй шүү дээ. Бэлэн материалууд байгаа учраас энэ парламентын хугацаанд амжаад хийнэ гэсэн итгэлтэй байгаа. Сонсгол болохгүй гэсэн эргэлзээ алга.

-Худлаа хэлж, хулгай хийсэн асуудал алга-

-Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Таны хувьд БЗД-ийн тойрогтоо нэр дэвших үү эсвэл тойргоо солих уу?

-Би намынхаа удирдлагуудад БЗД-тээ нэр дэвших хүсэлтээ өгсөн байгаа. Хийсэн болон хийх ажлууд ч их байна. Тийм учраас тойргоо сольж, ичиж буцах зүйл алга. Худлаа хэлж, хулгай хийсэн асуудал алга. Янз бүрийн санд гар дүрж, хутгалдсангүй. Тиймээс эрүүл мэндийн салбарт томоохон дэвшлүүдийг үргэлжлүүлэх юм сан гэх чин сэтгэлээрээ л ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.