Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудын ёс зүйгүй, идэж ханадаггүй авлигын асуудал бул чулуу шиг болчихлоо. Өнгөрсөн хойно нь уулга алдаад суух биш урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байгаа учраас энэ үндэсний хөтөлбөрийг сайн болсон гэж харж байна.
Тухайлбал, гурван өдөр үргэлжилсэн эмийн сонсголоос харж байхад эмийн бизнест төрийн зохицуулалт хамгийн их орчихсон. Хамгийн их хуультай хэрнээ төрийн зохицуулалтаар мэдээлэлд ойр хүмүүсийн бизнес цэцэглэчихсэн байна. Түүнийг дагаад эмийн хэдхэн монополь компаниуд эмийн зах зээлийг аалзны тор шиг бүрхчихсэн байна. Эмийн салбарын төсвийг 2019 онд 40 тэрбум төгрөг , 2023 онд 90 тэрбум төгрөг, 2024 онд 137.7 тэрбум төгрөг төсөвлөсөн атал ард иргэд эмийн үнийн дарамтад орж, зайлшгүй уух ёстой эмээ худалдаж авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Тэгэхээр энэ мэт асуудлуудад Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж харж байна.