Дүүжин тээврийн үлгэр дахин “амилж” 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөөд байна. Энэ хүрээнд өнөөдөр бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэдээлэлд дурдсанаар “Улаанбаатар кабель кар” нь Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилготой. Бүтээн байгуулалтын хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм.
“Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Энэхүү тээвэр нэг талдаа 12 минут зарцуулах бөгөөд тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай. Нэг цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй. Товчхондоо хүн бүрт хүртээмжтэй бас байгаль орчинд ээлтэй төдийгүй 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх юм байна.