Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн амлалт ба эдийн засгийн өнгө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 0 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд эрх баригч намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулаад байна. Төрийн эрхийг найман жил барьж буй МАН энэ удаагийн сонгуульд нэг нам эвсэлтэй эвсэхгүйгээр дангаараа оролцоно. Тус намын мөрийн хөтөлбөрт “2028 он гэхэд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэнэ” гэж тусгасан нь анхаарал татсан АМЛАЛТ-уудын нэг байлаа.

10.000 АМ.ДОЛЛАР БА АЛСЫН ХАРАА

Монгол Улсын “Алсын хараа 2050” ДНБ-ийг 2025 онд 22,4 тэрбум, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 7378 ам.долларт хүргэхээр төлөвлөсөн нь 2019 оныхоос барагцаалбал 3 дахин өссөн дүн. Гэхдээ эдийн засаг нь уул уурхайд түшиглэсэн, гадаад зах зээл нь хоёр хөршөөс хамааралтай манай улсын хувьд ДНБ-ий өгсөх, уруудах эсэх нь шууд гаднаас хамааралтай. Өөрөөр хэлбэл, экспортын орлого өсөхийн хэрээр ДНБ-ий нэг хүнд ноогдох ам.доллар өснө.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын эдийн засаг зүйрлэвэл хөлд орж байгаа хүүхэд шиг байсаар ирснийг "Монголын эдийн засаг-30 жил сургамж ба шийдэл" Төв банкны тоймоос харж болохоор.

Эдийн засаг нь уул уурхайн салбар, экспортын орлого, гадаад худалдаанаас хамаарч дотоодын нийт бүтээгдэхүүний ам.доллартай харьцах ханш савлагаатай байв.

Тоон баримтаас үзвэл манай улсын нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан бол 2010 онд 2727 ам.доллар, 2020 онд 4128 ам.доллар 2022 онд 5033 ам.доллар болсон. Энэ нь 2000 оноос 10.4 дахин, 2010 оноос 84.6 хувиар, 2020 оноос 21.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт.

2023 онд эдийн засагт ногоон гэрэл ассан нь гадаад худалдааны гүйцэтгэл түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрснээр инфляци 7.9 хувьд хүрч, гадаад валютын нөөц 4.92 тэрбум ам.доллар давж, ДНБ 7 хувиар өссөн зэргээс харвал макро түвшинд эерэг үзүүлэлт гарахад уул уурхайн салбарын сэргэлт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ нөлөөлсөн.

Ирэх оны эдийн засгийн өнгөөр, худалдааны гол түнш Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд саарч, Монголын кокжсих нүүрс “мода”-наас гарах эрсдэл отож байгаа нь 2023 оны “рекорд”-оо хадгалах шаардлага бидний өмнө тулгарч байгааг эдийн засагчид сануулах болов.

Хэрэв өнгөрсөн жил шиг нүүрсээ 70 сая тонн, түүнээс илүү давуулахгүй бол эдийн засгийн томоохон сорилт угтаж болзошгүй гэж шинжээч нар таамаглаж байна. Товчхондоо, ДНБ-ий ам.доллартай харьцах харьцаа ямар байх нь урд хөршөөс шууд хамаарах нь. Уул уурхайн салбарын сэргэлт, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан эдийн засгийн эерэг нөлөөг эрх баригчид сонгууль угтсан төсвийн хэт тэлэлт, бэлэн мөнгө тараахаас эхлээд уул уурхайн түүхий эдийн үнийн савлагаа нь эргээд дарамт болж магадгүй бололтой.

АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ БУЮУ МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ

Ам алдвал барьж болдоггүй гэгчийн үлгэр улс төрийн намуудын амлалт болж хувирсан. Мөрийн хөтөлбөр нь цаасан дээрээ өтөлсөн мөрөөдлийн жагсаалт болсныг тэнэг хүн ч ойлгохоор хугаца өнгөрлөө. Улс төрд АН, МАН гэх хоёр намын тоглогчтой явж ирсэн сонгууль бүрийн амлалт эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулж ДНБ-ийг өсгөх тухай байлаа. Сануулахад,

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН мөрийн хөтөлбөрөөрөө 5 чухал зүйлийг онцолсон нь “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа ядуурлаас аварч эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг тэгш журамт Монголоо цогцлоож чадна” гэж байлаа. Тус нам мөрийн хөтөлбөрийн 2.6.2-т “дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж ДНБ-д эзлэх хувийг 20 хувьд хүргэнэ” гэж тусгасан байдаг.

2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрөөс

Тэгвэл Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2011-2015 оны тэргүүлэх чиглэлд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрнэ гэж амласан ч биелэлээ олж чадаагүй. 2011 онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3886 ам.доллартай тэнцэж байсан бол 2016 онд 3681 ам.доллар болж буурсан.

Харин АН 2016 оны сонгуулиар “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөртөө экспорт голлосон үйлдвэржилтийг эрчимжүүлэх замаар уул уурхай гэх ганцхан тулгууртай эдийн засгийн бүтцийг шинэчилж олон тулгууртай болгоно гэх зорилт дэвшүүлсэн. Мөн л ДНБ-ийг өөдрөгөөр төсөөлж байв.

Бодит байдал дээр эдийн засаг 2011-2016 онд 17.3-1.2 хувь хүртэл буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний ам.доллартай харьцах үзүүлэлт саарахад нөлөөлсөн. Энэ үед гадаад худалдаа буурсан, өр, төлбөрийн тэнцлийн алдагдал зэрэг томоохон хүчин зүйлс голлох шалтгаан байв. Харин эдийн засаг 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувиар өссөн байдаг. Уг 7.2 хувийн өсөлтийн 2.5 пунктийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж байжээ.

Ээлжит 2020 оны УИХ-ын сонгуульд намууд мөрийн хөтөлбөртөө мөн л эдийн засгийн “романтик” төсөөллөө орхисонгүй.

УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонх болж 65 суудал авсан МАН 2020 оны мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн бодлогод “Ирэх дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ гэж амласан байдаг. Мөн эрчим хүч экспортлогч орон болох том амбиц байв. Цар тахлын нөлөөгөөр 2020-2022 он хүртэл үргэлжилсэн эдийн засгийн хүндрэл, хасах хүртэл агшсан үзүүлэлт 2023 оноос 7 хувь хүртэл өссөн ч эрчим хүчний хувьд хараат, тогоо таслуулахдаа тулсан, ярьж байсан шиг экспортлогч бус эсрэгээрээ импортлогч болсон хэвээрээ л байна.

2024 он дөрвөн жилийн дараа монголчууд УИХ дахь 126 гишүүнтэй шинэ парламентаа сонгох гэж байна. Иргэдийн хувьд аль нам ялалт байгуулах нь сонин биш. Утаа, түгжрэлээс нь илүү асуудал болсон үнийн өсөлт, ядуурал, цалин гэх тулгамдсан асуудлыг нь бодитоор шийдэх алхам хэрэгтэй. Энэ цаг үед дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар хүрэх МАН-ын амбиц хоосон амлалт уу аль эсвэл бодит үзүүлэлт үү?, бидэнд ямар боломж байна вэ? гэдэгт ТЭД дараах байр суурийг илэрхийллээ.

-----------------------------------------

10.000 АМ.ДОЛЛАРААС ИЛҮҮ ЯДУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ

УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж: Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар байх боломжгүй. Энэ бол худлаа амлалт. Харин дэлхийн банк, олон улсын байгууллагуудын таамаглаж байгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүн дөрвөн жилийн дараа 6-7 мянган ам.долларт хүрнэ гэдэгт санал нэг байна. Учир нь тооцооллоос хол зөрсөн тохиолдол байхгүй. Уул уурхайгаас хараат бус эдийн засгийг хөгжүүлсэн тохиолдолд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ, үнийг тогтоож болох юм. Тиймээс биш өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэхээс илүү нэг сая ядуу иргэний тоог бууруулах зорилт дэвшүүлсэн бол үнэнд нийцэх байлаа.

Өнөөдөр эдийн засаг гоё байна гэж ярьж байгаа ч иргэдийнх нь 50 хувь ядуу байгааг гэр хорооллоор явахад л харагдаж байгаа шүү дээ. Эдийн засаг нь уул уурхайгаас хараат, түүхий эдийн үнэ ханш, экспортоос шалтгаалан савладаг, авлигын системтэй улсад дотоодын нийт бүтээгдэхүүн нь 10 мянган ам.долларт хүрсэн тохиолдол байхгүй.

Сүүлийн 30 жил уул уурхайгаас хараат бус эдийн засгийг солонгоруулах тухай ярьсан ч өнөөдөр хэвээрээ. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарт арьс шир боловсруулах ганц ч үйлдвэр алга. МАН-ын мөрийн хөтөлбөрийг харахад 2016 онд 22 хувийн биелэлттэй байсан бол 2020 онд 27 хувийн биелэлттэй байсан. Энэ мэтчилэн сонгууль бүрт иргэдээ хуурдаг, авлига нь соёл болсон улсад эдийн засаг сайжрахгүй. Бид Шри Ланка, Бангладеш улсын хэмжээнд очсон ч хэлж чадахгүй л явж байгаа шүү дээ. Энэ муухай хүнд өвчнөөсөө салаагүй цагт гоё эдийн засаг, ард түмний амьдрал сайжрах нь хоосон мөрөөдөл.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАДГАЛЖ ЧАДВАЛ 10.000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 10 мянган ам.доллар бол өндөр тоо. Харьцангуй өөдрөг төсөөлөл. Үүнийг одоогийн ханшаар тооцвол нийт 50 гаруй тэрбум ам.долларын тухай бид ярьж байна. Энэ зорилтод хүрэхийн тулд маш их хүчин чармайлт хэрэгтэй. Гэхдээ 2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх тухай ярьж байгааг би буруутгахгүй.

Бид нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-аас дээш 10 мянган ам.долларт дөхүүлэх ёстой. Ингэснээр ядуурал бага зэрэг буурч, дундаж давхарга нэмэгдэх боломж бүрдэнэ.

Дэлхийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянган ам.доллар байгаа юм. Тиймээс 10 мянган ам.долларт хүрэх зорилттой зэрэгцэн ажлын байр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг дагаад эдийн засгийн хүртээмжтэй өсөлт бий болно. Нөгөөтэйгүүр, бид өнөөдрийн эдийн засгийн 7 орчим хувийн өсөлтийг ойрын жилүүдэд хадгалж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх зорилт биелэнэ. Иймээс бүх намууд энэ чиглэлд зорих нь зүйтэй. Хэрэв бид 60 саяас доош тонн нүүрс экспортолсоор байвал өнөөгийн түвшингээ алдах эрсдэлтэй. Мөн бид эдийн засгийн хөгжлийн бодлогыг намуудаас шаардах ёстой. Мөрийн хөтөлбөртөө хэдэн тоонууд тавьдаг, тэр нь биелэсэн биелээгүй нь тодорхойгүй, үр дүн байхгүй бол ямар ч хэрэггүй. Дээр нь хуваарилалт, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн агуулга нь алдагдсны улмаас ядуурал ажилгүйдэл буурдаггүй, нийгмийн баялгийн хуваарилалт эргэлзээтэй байдаг. Иймээс энэ бүгдийг цогцоор харсан мөрийн хөтөлбөр намуудад байх шаардлагатай.

Ирэх дөрвөн жил сонгуулийн циклийн хугацаанд бид уул уурхайн салбараас л хамгийн хүчтэй хамаарна. Эдийн засаг өгсөж уруудах нь уул уурхайн салбараас хамаарч буй нь биднийг биднийг маш том эрсдэлтэй нөхцөлд байгааг л сануулж байгаа юм.

Иймээс бид уул уурхайн салбарын гарц, бүтээгдэхүүний үйлдвэрлэл гарцыг нэмэгдүүлэх талар өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХГҮЙГЭЭР ДНБ 10.000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ БОЛОМЖГҮЙ

АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Н.Амаржин: Улс төржөөгүй ч 2008-2012 он хүртэл хамтарсан Засгийн газрын үед дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Дараа нь Ардчилсан нам 2008 оноос 2012 он хүртэл хамтарсан засаг байгуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Дараа нь Ардчилсан намын засаглалын үед дотоодын нийт бүтээгдэхүүн буурсан нь нүүрсний үнэтэй холбоотой. Цар тахлын үед таг зогссон. Бид ковидоор менежмент хийж чадаагүй, ард түмнийхээ эрүүл мэндийг бодож бизнесүүдээ хаасан ч алдсан шүү дээ /инээв/ Байж болох хамгийн буруу шийдвэрийг гаргасан. Мэдээж уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй дэлхийн зах зээлд хамаарна. Гэхдээ тухайн үеийн эрх баригчдын шийдвэрээс эдийн засаг шалтгаална.

Аль аль намын үед мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй. Намчирхаагүй ч сүүлийн найман жил мөрийн хөтөлбөр биелснийг санахгүй байна. Нарийвчилж харвал, залууст таатай орчин бүрдүүлнэ, нэг ч татвар нэмэхгүй гэж байсан бол миний мэдэхээр 7 төрлийн татвар нэмсэн байна.

Иргэдийн амьдрал ямар байна. Статистикийг нөгөө талаар нь уншихад тоо зөрөхгүй ч агуулгаараа ялгаатай. Экспортын орлого өссөн үү үнэн, ДНБ урьд өмнө байгаагүйгээр өссөн нь үнэн. Энэ бүгд эрх баригчдаас хамаарахгүй натурал өсөлт байхгүй юу. Нэг үгээр хэлбэл, тоо өсч болно. Гол нь агуулга.

Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх боломжтой гэж харж байна. Энэ нь гайхахаар өндөр тоо биш, дэлхийн дундаж үзүүлэлт. Иймээс зорилт бодитой байж болно.

Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэчилсэн хууль түр зогсох шиг боллоо. Үүнийг татвар болон бусад холбогдох хуультай нь уяж өгөөгүй, түүхий санагдсан. Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтаар эрс сайжирч буй улсаас жишээ татахад Вьетнам, Филиффин зэрэг улсаас жишиг авч, нарийн зохицуулалтыг нь тусгаж хэрэгжүүлбэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх боломжтой. Магадгүй 10-15 мянган ам.доллар хүрж болно шүү дээ. Үүний тулд хөрөнгө оруулагчдыг татах хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий. Нөгөө талд, эрх баригч намууд статистикийг ард түмнээ хуурч байгаа юм шиг өөрсдийнхөөрөө танилцуулж байна. Статистикийн хувьд худлаа ярихгүй ч агуулгын хувьд ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, ард түмний амжиргааг сайжруулна гэдэгт дотоодын нийт бүтээгдэхүүнд нэг хүнд ноогдож буй тоо хамаагүй ч байж болно. Тооны хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн нь өндөр, иргэдийнх нь амьдралын чанар сайжрахгүй байж болно шүү дээ. Хойд Солонгос шиг зэвсэг үйлдвэрлэж, дотоодын нийтийн бүтээгдэхүүн нь өндөр атал иргэдийнх нь амьжиргаа дээшлэхгүй. Мөн адил Монгол Улсад тулгамдаж буй ядуурлыг бууруулах тухай эрх баригчид юу ч хэлэхгүй байна.

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.