Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шоронжсон системийн ХОХИРОГЧИД

Ангилал
Нийгэм Нийтлэлч
Огноо
Унших
13 минут 12 секунд

“Шоронд муу хүмүүсээс илүү алдсан хүмүүс их байдаг. Алдсан аавын хүүхдүүдээс сурах юм ч бас бий. Шоронд эрх чөлөө, гэр бүл ямар эрхэм зүйл болохыг ойлгосон” гэж иргэн М ярилаа. Түүний хувьд 2023 оны нэгдүгээр сард шүүхээс нэг жилийн хорих ял сонсож “аавын хаалга” татжээ.

Хэрвээ тэр уураа хянаж чадсан бол, хэрвээ түүнийг зодоогүй бол, хэрвээ хэрвээ... М нь ийм бодолд ээрэгдсэн өдөр хоногийг эцэслэн хоёр сарын өмнө суллагдаж хайртай ээж, хүүдээ очжээ. Тэрбээр “Шоронд 30 хоног ажиллаад 10 хоног хасуулах эрх чөлөөний цалин надад хамгийн амттай байсан. Шоронд орсон залуусыг харахаар Монголын нийгмийн толь шиг л санагддаг. “Чи гараад юу хийх вэ” гэхээр “Эхнэр, хүүхэд орхиод явсан юм чинь. Хулгайгаа л хийх байх даа. Би угаасаа өнгөрсөн хүн” гэж ярих жишээний. Ямар ч зорилгогүй, шоронжуулсан систем тэнд үйлчилж байна” гэж хэлсэн нь анхаарал татав.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээр хорих ангиуд хоригдлуудыг нийгэмшүүлэхэд бэлдэж чаддаг эсэх талаар хөндлөө.

Монгол Улсад жилд дунджаар 2500 орчим хүн хорих ялаар шийтгүүлж, 1800 орчим хүн суллагддаг аж. Хоригдлын тоо 4000-аас буурахгүй байгаа нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна. Хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн 82-84 орчим хувь нь хүний амь насыг хөнөөх, бэлгийн хүчирхийлэл, өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэрэг байна.

- Хоригдлуудыг нийгэмшүүлэх хөтөлбөр хөрсөн дээрээ БУУСАНГҮЙ -

Өнөөдрийн байдлаар хорих ял эдэлж байгаа 4526 хоригдлын 2497 буюу 55.2 хувь нь 2 ба түүнээс дээш удаа дахин гэмт хэрэг үйлдэн хоригджээ. Дахин гэмт хэрэг үйлдсэн 2497 хоригдлын 963 буюу 38.6 нь суллагдсанаас хойш ердөө 1-2 жилийн дотор дахин гэмт хэрэгт холбогдсон байх юм. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн нь хувь хүнтэй холбоотой ч үүний цаана удаан хугацаанд нийгмээс тусгаарлагдсан, нийгэмшээгүй учраас бие даан амьдрах чадварт сургасан эсэх асуудал хөндөгдөж таарна.

2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар хорихоос суллагдах хөтөлбөр, 2023 оны тавдугаар сард дээрх хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтран баталсан хорихоос суллахад бэлдэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан.

Хуульд “ШШГЕГ нь ял эдэлж буй хүмүүсийг суллагдахад бэлдэж бие даан амьдрах хувь хүний хөгжилд чиглэсэн сургалт явуулах, суллагдсан хүмүүсийг гараас гарт буюу дараагийн шатны байгууллагад хүлээлгэж өгнө. Улмаар суллагдсан хүмүүсийн мэдээллийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, бүртгэлжүүлж хаягжуулах, орон байраар хангах ажлыг хийнэ” гэж заажээ.

Гэтэл ШШГЕГ нь суллагдахаар нь хаячихдаг. Тиймдээ ч дээрх баримт бичгүүдийн үр нөлөө гараагүй, цаасан дээрээ мөнхөрсөн гэдгийг 2024 онд ХЭҮК-оос дүгнэсэн байна.

Нийгэмших хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа сургалт нь ямар ч үр дүнгүй гэдгийг ял эдэлж байгаа хоригдлууд өөрсдөө хүртэл хүлээн зөвшөөрчээ. Ихэнхдээ хорих ангийн нийгмийн ажилтан сургалт ордог, хааяа гаднаас төрийн бус байгууллагуудын сургалт оруулахдаа байнга шашны сургааль, номлол ордог гэнэ. Хоригдож буй хүмүүст шашны номлолоос илүү сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй байгаа гэдгийг ч онцолжээ.

- Төрийн албан хаагчдын дарамт “НАРАНД ” ч үргэлжилсээр -

Хорих ял эдлээд суллагдсан, анх удаа болон дахин гэмт хэрэг үйлдэн хоригдож буй 663 хүний дунд судалгаа явуулсан байна.

Ингэхэд залуусын 38.1 хувь нь "Хорих ял эдлээд суллагдсаны дараа хамгийн их тулгарч байгаа бэрхшээл нь төрийн албан хаагчдын хардалт, сэрдэлт, дарамт шахалт” гэдгийг хэлжээ.

Тухайлбал, гадуур таарахдаа “Чи хэзээ гарсан юм, хоорондоо энэ нөгөө хориход байсан хэн байна” гэж ярьцгаах. Цаашлаад машинтай явж байхад нь замын цагдаа зогсоогоод регистрийн дугаарыг нь асуугаад “Чи өмнө нь ял эдэлж байсан байна” гэх шалтгаанаар саатуулсан тохиолдол гарчээ. Ийм тохиолдол ганц нэг биш. Олон хүнд давтагдсан байна.

Шоронд хоригдоод гараад ирснийг битгий хэл урьдчилан хорих төвд саатуулагдан шалгагдаж байгаад, гэм буруугүйгээ нотлуулаад гараад ирсэн хүнийг хүртэл ойр тойрныхон, хамт олон, хамаатан садан төдийгүй гэрийнхэн нь өмнөхөөсөө тэс өөр харцаар хардаг гажиг тогтолцоо Монголын нийгэмд тогтчихжээ. Ойр тойрныхон нь, зөрж өнгөрсөн хүмүүс хүртэл “гэмт хэрэгтэн”, “шоронд орсон хүн” гэсэн байдлаар харж, хандаад байхаар тэр хүн засарна гэдэг нь эргэлзээтэй.

- Манайх Орос маягийн шоронгийн системтэй -

Хуульч, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

оронгууд социалист арга барилаасаа салахгүй байна. Хэн нэгэн хүнийг шоронд оруулаад нийгмээс тусгаарлаж байгаа бол нөгөө талдаа тэр хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад анхаарч засах аргыг хийх ёстой. Гэтэл манай шоронгууд яг эсрэгээрээ. Хяналтын болон боловсон хүчний олон дутмаг байдлаас болж гэмт хэрэгтнүүдийг гэмт хэрэгтнээр нь мануулах гэж оролддог.

Бусдыгаа хамгийн ихээр айлгаж чадах, хүнд гэмт хэрэгтнийг овгороор нь тавьчихдаг. Ийм Орос маягийн шоронгийн системтэй.

Шоронгийн ийм системийн хор хөнөөл нь юу гээч. Шорон өөрөө гэмт хэргийн сургууль болоод хувирчихдаг. Овгор гэх хүн нь бусад хэрэгтнүүдийг хянахын тулд айлган сүрдүүлж дэг сахиулах гэж төрөл бүрийн аргыг хэрэглэдэг. Хулгай юм уу жижиг төрлийн гэмт хэргээр орсон хүн гарч ирэхдээ илүү зохион байгуулалттай аль нэг гэмт хэргийн бүлэглэлийн хуруу гар болох хэмжээнд очдог. Шоронгоос гарсан ч тэр өмхий системтэй хамааралтай болсон, гарч чаддаггүй.

Үнэндээ шоронгоос гарсан хүн бүр засарсан гэхээсээ илүү догширсон, эсвэл дахин гэмт хэрэг үйлдсэн ч баригдахгүй дээ гэх хэмжээний бодолтой болооод гараад ирдэг.

Бид бодох хэрэгэй. Нийгмээс хүнийг тусгаарлаад байгаа ч буцаж гарч ирэхдээ өмнөх гэмт хэргийнхээ алдааг давтахгүй байлгах хэмжээний хүн бэлдэж чаддаггүй. Илүү харгис хүн бэлдээд байна. Хүмүүсийг шоронжуулаад байх ер нь зөв үү гэж бодоход хүртэл хүргэж байна шүү дээ. Хэн нэгэн гэмт хэрэгтэнд нийгмийн бүх бурууг тохоод шоронд хийчихээд бүх юмыг шийдчихлээ гэж андуу бодож болохгүй. Ардчилсан нийгэмд арай өөр хяналттай ухаалаг системийн талаар л ярих ёстой.

- Суллагдсан иргэнд халамжаас 1.2 сая төгрөг олгох ёстой -

ХҮЭК-ын гишүүн Ө.Ундрах “Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолд хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй иргэнд нийгмийн халамжийн сангаас нэг удаа амьжиргааг дэмжих 1.2 сая төгрөг олгоно гэж заасан. Сүүлийн гурван жилийн хугацаанд хорихоос суллагдсан 664 иргэн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авсан байна. Энэ нь гэхдээ хангалтгүй үзүүлэлт. 1.2 сая төгрөгийн халамж өгдөг талаар мэдээлэлгүй хүмүүс их.

Зарим нэг нь авах гээд очихоор холбогдох журамт огт байхгүй шалтаг хэлээд өгдөггүй. Нөгөө хүмүүс ганц нэг удаа очно, сүүлдээ “аавын хаалга” татсандаа санаа зовоод алга болдог.

1.2 сая төгрөг бол 2012 оны байдлаар тогтоосон Монгол гэрийн үнэ. 2024 онд гэхэд шалгүй гэр 2-3 сая төгрөгөөс эхэлж байна.

Тиймээс одоогийн хэрэгжиж байгаа хууль, мөнгөн дүн бодсон аргачлалыг шинэчлэх шаардлагатай болжээ. Суллагдсан иргэдийн хувьд нийгэмшээгүйгээс болоод ялгаварлан гадуурхалтад өртөх, ажил олдохгүй, орон байраар хангагдахгүй байна гэдгийг хэлж байна.

Хорих ял эдлэгсдийн боловсролын 2021-2023 оны судалгаанаас харахад 2021 онд боловсролгүй 380 хүн, 2022 онд 482 хүн, 2023 онд 553 хүн байсан. Үүнээс харахад бичиг үсэг мэдэхгүй хоригдлуудын боловсролд анхаарал хандуулах цаг болжээ. Суллахад бэлдэх хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэхийн тулд төсөв мөнгийг нь нэмэх. Шаардлагатай журам, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах шаардлагатай” гэдгийг онцлов.

- Гэмшлээс, өширхөл рүү -

Хорих ял авсан хүн эхний жилдээ хийсэн хэрэгтээ маш их гэмшдэг бөгөөд энэ үед ар гэр, найз нөхдийнх нь эргэлт ч их ирдэг. Хоёр дахь жилдээ хүн ухаарч, эргүүлж эргэцүүлэн боддог. Харин гурав дахь жилээсээ хүн өширхөх байдалтай болдог гэнэ. Шоронд дасан зохицоод, хуучраад ирэхээрээ нэлээд “хүнд гар” болж эхэлнэ. Шинээр ирж байгаа хоригдлын хэргийн зүйлчлэлийг хараад өөрийнхтэйгөө харьцуулж бодох, яаж ийгээд ямар нэгэн ялгааг өөрөө зохиогоод ч болов гаргаад л ирнэ. Тэгээд дөрөв дэх жилээсээ тэр хийсэн хэргээ дахин яаж хийвэл баригдахгүй байх вэ гэдэг арга саамыг хайдаг, хууль эрх зүйн нүх сүвийг судалж эхэлдэг байна.

Удаан хоригдсон хүмүүс хуулийн зүйл заалтыг хуульчдаас ч илүү мэддэг болдог бөгөөд тэд өөрийгөө гэмт хэрэгт улам мэргэшүүлж, бэлтгэж эхэлдэг аж.

- Судалгаа: Нийгэмшүүлэх ажлын үр дүн эргэлзээтэй -

ШШГЕГ-ын 2015-2020 онд хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажилд хийсэн судалгаанд оролцсон 1293 хоригдлуудын дийлэнх нь нийгэмшүүлэх ажил гэж юу болох, ямар учраас тухайн ажлыг явуулах ёстой талаар нэгдсэн ойлголт байхгүй байжээ. Судалгааны ДҮГНЭЛТЭД:

  • Хорих байгууллага дахь нийгэмшүүлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээг онолын үндэслэлгүй, оновчгүй төлөвлөх, нийгэмшүүлэх ажлыг мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах хэлбэрээр хязгаарлах, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ нь төдийлөн үр дүнтэй бус байна.

Нийт суллагдсан хоригдлуудаас зөвхөн хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоосон хоригдлуудыг судлан үзвэл 2015-2019 онд ний 5761 хүн суллагдсан. Дээрх хугацааны өмнө суллагдсан хоригдлууд нь бүгд засрал хүмүүжлээ олсон, бүрэн нийгэмшсэн гэсэн үндэслэлээр суллагдсан байгаа ба давтан гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын 70 орчим хувь нь дээрх хугацаанд хамаарч байгаа нь нийгэмшүүлэх ажлын үр нөлөөнд эргэлзээтэй байдлыг төрүүлж байна.

  • Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажил нь зөвхөн журам, зааврын хүрээнд хэрэгжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой тул зорилтот бүлэгт тохирсон хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх шаардлагатай.

“МӨНГӨН МОД“ цомын шилдгүүд тодорлоо
“МӨНГӨН МОД“ цомын шилдгүүд тодорлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.