Өнөөдрийн байдлаар нийслэлд 1474 Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-2022 онд СӨХ-той хамааралтай нийт 5360 нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Ихэнх нэхэмжлэл нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, СӨХ-ны ашиглах эрхтэй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай байсан гэдгийг албаныхан онцолж байна.
Тэгвэл СӨХ-ны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод буй.
Тодруулбал, ХЗДХЯ-наас “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулаад буй. Тус хуулийн төслийн 57 дугаар зүйл. Сууц өмчлөгчийн хүлээх хариуцлага тусгагдсан.
57.1.Сууц өмчлөгч орон сууцны байшин болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгана.
57.2.Сууц өмчлөгч энэ хуулийн 34.1, 35.1, 35.2, 37.1, 57.1-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураар биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө.
57.3.Сууц өмчлөгч энэ хуулийн 34.1, 35.1, 35.2, 37.1, 57.1-д заасан үүргээ зургаан сараас дээш хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураар биелүүлээгүй бол сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтийн дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.
57.4.Энэ хуулийн 57.2, 57.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд дараах тохиолдол хамаарна:
57.4.1.эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа;
57.4.2.энэ хуулийн 57.4.1-д заасан эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан;
57.4.3.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;
57.4.4.хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;
57.4.5.хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ гэж заажээ.