Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр
"СӨХ-ны шинэчилсэн хуулийн төсөлд СӨХ-ны мөнгөө төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж тусгасан. Мөн иргэдэд мэдээлэл өгдөггүй, тайлангаа тавьдаггүй СӨХ-ны удирдлагуудад хариуцлага тооцно. Оршин суугч болон иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл болон СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгох зэрэг олон асуудал дээрх хуулийн төсөлд тусгагдсан байгаа.
Үүргээ биелүүлэхгүй байгаа оршин суугчдад ч бас хариуцлага тооцох болно. Ийнхүү өмнө нь хуулиар зохицуулагддаггүй байсан харилцааг илүү тодорхой нарийвчлан гаргасан.
Тоглоомын талбай, явган хүний зам , ногоон байгууламж байх ёстой талбайг хууль бусаар ААН-д эзэмшүүлснээс болж иргэдийн эрх зөрчигдөж байна. Мөн орон сууцны засварын асуудал маргаан дагуулж байна. Сууц өмчлөгчдийн төлсөн төлбөр их засвар хийх хуримтлал болж чаддаггүй. Үүнээс болж иргэдийн худалдаж авсан өмч, хөрөнгө үнэ цэнээ алддаг.
Энэ тогтолцоог халахын тулд засвар ашиглалтын сан байгуулах болно. Ингэснээр Улаанбаатар хотын өнгө үзэмжид ч нөлөөлнө. Хамгийн сүүлд СӨХ-ны хууль 2003 онд батлагдсан 21 зүйлтэй хууль бий. Харин шинэчилсэн хууль нь 15 бүлэг 84 зүйлтэй. Хуулийн төсөлтэй холбоотой 16 дагалдах хуулийн төслийг боловсруулсан байгаа. Бид иргэдээс санал аваад хэлэлцүүлэг зохион байгуулах ажил үргэлжилж байна" гэв.