"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан зураг, бичлэг өчигдөр /2024.03.14/ олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Эргэн сануулахад, 2023 оны аравдугаар сард нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд хуулийн этгээд буюу сургуулийн захирлыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 8 сая төгрөгөөр торгосон байдаг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд камер байршуулахыг хориглоно" гэж заасан.
Тодруулбал, ресторан болон хоолны газрын VIP өрөөнд камерын бичлэг байх ёсгүй. Харин нийтийн зааланд дууны бичлэг байхгүй, зөвхөн камерын бичлэг байна. Орц, гарцны хувьд давхартаа 2-3 айл амьдардаг гэж бодоход камерын бичлэгийг тухайн давхарт амьдарч байгаа айлуудын болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрлөөр өгдөг болсон юм.