Бид Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршсан анхаарал татахуйц тендерийн мэдээллийг цувралаар хүргэж буй. Өмнө нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 245.1 сая төгрөгөөр хөл амраагчтай, чийг татдаггүй гэх мэт онцлогтой оффисын сандал авахаар тендер зарласныг онцолсон.
Тэгвэл энэ удаад мөн уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 78.6 сая төгрөгөөр хатаасан жимс авахаар тендер зарласныг онцлон хүргэж байна.
Тодруулбал нийт дөрвөн төрлийн хатаасан жимс авах аж. Үүнд:
-Хар чавга /хатаасан/ - 400 кг
-Цангис /хатаасан/ - 140 кг
-Чангаанз /хатаасан/ - 450 кг
-Үзэм - 3100 кг байна. Тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу.
Өмнө нь дурдаж байсанчлан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн тендерүүдэд тавих хяналтыг сайжруулж ЗГ-ын хуралдаанд танилцуулах, сандал, ширээ болон тавилга, хөгжим, тайз дэлгэцийн тоног төхөөрөмж зэрэг бараа үйлчилгээ авах тендер зарлахгүй байхыг анхааруулж байсан юм. Гэвч бодит байдал дээр дээрх үүрэг чиглэлийн хэрэгжилт тааруу байгааг зарлаж буй тендерүүдийн мэдээллээс харж болохоор байна.