Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЭГТЭЙЧҮҮД: “Бүсгүйчүүдийн манлайлалд шинэ үүд хаалгыг нээж, гүүр болохыг хичээдэг“

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
21 минут 51 секунд

UBN сайт ЭМЭГТЭЙЧҮҮД ярилцлагын нэвтрүүлгийнхээ эхний дугаарын зочин хойморт Ховд аймгийн Засаг дарга Болормааг урьж, ярилцлаа. Удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байгаа энэ цаг үед бүсгүйчүүдийн манлайллын үнэ цэнэ, мөн чанарыг таниулж шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоонд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж яваа эмэгтэйчүүдийн зүй ёсны төлөөлөл юм.

Боловсролын зэрэг:

  • АНУ-ын Орегоны их сургуульд Эдийн засаг, олон улсын харилцааны бакалавр
  • АНУ-ын Колумбийн их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

2015-2018 он

  • Дэлхийн Банкны Уур амьсгалын өөрчлөлтийн шинжээч
  • Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлын ажлын албанд шинжээч

2018-2022 он

  • НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн Ази, номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн
  • Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны ажилтан
  • Ерөнхий Сайдын ажлын албаны дарга
  • 2022.09.02-ны өдрөөс хойш Ховд аймгийн Засаг Дарга

УЛС ТӨРИЙН АЖИЛ ХИЙГЭЭД ЯНЗ БҮРЭЭР ХЭЛҮҮЛЭХЭД НАДААС ИЛҮҮ ЭЭЖ, ААВ, ГЭР БҮЛИЙНХЭНД МИНЬ ХАМГИЙН ХҮНД ТУСДАГ

-Өөрийгөө болон гэр бүлээ товчхон танилцуулаад ярилцлагаа эхэлье?

-Намайг Энхбатын Болормаа гэдэг. Эцэг эхээс гурвуулаа. Нэг ах, эгчтэй. Айлын бага охин. Миний аав насаараа төрийн албанд ажиллаж, ажилдаа чин сэтгэлээсээ зүтгэж ирсэн. Ховд аймгийн Мөст сумын харьяат хүн байдаг. Ээж минь харин Дорнод болон Завхан аймгийн Алдархаан сумын харьяат хүн байдаг. Аав арван жилийн сургуулиа Ховд аймагт төгссөн. Их сургуульд суралцах шалгалтаа онц дүн өгч, тухайн үеийн ЗХУ, одоогийн Беларусь улсад дээд боловсролоо эзэмшсэн. Тэнд манай ээжтэй танилцсан. Би эмээ дээрээ өссөн. Ээжийн талын өвөө, эмээ маань хэвлэл мэдээллийн салбарын хүмүүс. Нагац өвөө маань насаараа “Хөдөлмөр” сонинд ажилласан бол эмээ маань “Монцамэ” агентлагт ажиллаж байсан. Харин аавын талын өвөө, эмээ маань одоо хүртэл Ховд аймагтаа амьдардаг.

-Аймгийн улс төр гэдэг багагүй "галтай". Та хэдийгээр хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл ч гэсэн ээж, аавдаа бол бага охин л байгаа. Хувийн орон зай руу чинь хэт өнгийсөн сошиалын хандлагуудыг танай гэрийнхэн одоо ерөнхийдөө хүлээж аваад дадаж байна уу. Эхэндээ бол эмзэглэж байсан л байлгүй?

-Мэдээж ээж, аавдаа бол бага охин нь л байгаа. Улс төрийн ажил хийгээд янз бүрээр хэлүүлэхэд надаас илүү ээж, аав, гэр бүлийнхэнд минь хамгийн хүнд тусдаг. Гэхдээ манай ээж, аав хоёр эмзэглэж байгаагаа аль болох надад харуулахгүйг хичээж явдаг юм шиг байна лээ.

-Өглөөнөөс орой болтол амсхийх завгүй ажилладаг юм шиг санагдлаа. Гэртээ, гэр бүлдээ хэр их цаг зав гаргаж чадаж байна?

-Уг нь бол би их гэр амьтай хүн. Улс төрийн ажилд томилогдохоосоо өмнө бол гэртээ их цаг зав гаргадаг байсан ч одоо бол чадахгүй байна. Ажлын онцлогоос шалтгаалаад гэртээ нэлээн орой ирдэг болсон. Хамгийн эртдээ л 22.00 цагт гэртээ орж ирдэг болчихсон. Магадгүй ажлаас гадна аав, ээжээсээ хол ганцаараа амьдарч байгаа минь ч үүнд нөлөөлдөг байх. Ардаа яарах зүйлгүй яг ажилдаа төвлөрч чаддаг. Товчхондоо бол яг одоогийн энэ цаг хугацаа бол миний хувьд ажилдаа л анхаарал хандуулах ёстой мөч юм шиг санагддаг.

-Улс төрийн замналд ороод төрийн цаг наргүй ажилд амьдралын ихэнх цаг заваа зарцуулж яваа хүний хувьд гэр бүл төлөвлөлт, ахуйдаа хэр анхаарч чадаж байна даа?

-Засаг дарга болсноор хойш иймэрхүү асуултууд багассан. Учир нь яг энэ сэдвээр халдаж ярихаа больчихдог юм байна лээ. Тэр нь их таалагдаж байгаа /Инээв/. Гэр бүл төлөвлөлтийн тухайд гэвэл яг одоогийн байдлаар ажилдаа л анхаарал хандуулж байна. Учир нь би ажилдаа маш их дуртай, хайртай учраас өөр юунд ч анхаарал хандуулахгүйгээр ажиллах боломж олдсон дээр нь ажлаа л сайн хийе гэж бодож байна. Мэдээж гэр бүл зохионо. Учир нь гэр бүл гэдэг бол энэ нийгмийн үнэт зүйл. Цаг хугацааны хувьд хэзээ байх вэ гэдэг тийм чухал зүйл гэж боддоггүй.

АНХ ИРЭХЭД ХОТЫН ЖООХОН ОХИН ГЭДЭГ БАЙСАН ХҮМҮҮС ӨНӨӨДӨР МАНАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГЭЖ БАХАРХАЛТАЙГААР ХЭЛЭХИЙГ ХАРАХ САЙХАН БАЙДАГ

-Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Таныг ирэхэд хүлээж авч байсан улс төрийн нөхцөл байдал өнөөдөр хэр өөрчлөгдөв?

-Би Ховд аймгийн Засаг даргаар томилогдоод жил хагасын хугацаа өнгөрч байна. Залуухан бас эмэгтэй Засаг дарга гэхээр шинэлэг зүйл их байсан. Тэр ч утгаараа янз бүрийн шүүмжлэлүүд гарсан. Үүнийг би хувь хүн буюу гуравдагч нүдээр анзаарч байсан. Өөрөөр хэлбэл, шүүмжилж байгаа юм уу, өөрөөр харж байгаа хүмүүсийн оронд өөрийгөө тавих гэж үзсэн. Би оронд нь байсан бол бас л "Хэн ирчхээд, яах гээд байгаа юм. Манай аймагт ажиллаж, амьдарч байсан юм уу. Мэддэг юм уу" гээд л бодох байсан байх.

Намайг мэдэхгүй учир хүмүүс тэгж харах нь аргагүй. Гэхдээ ер нь хүн мэдэхгүй юмнаасаа айдаг. Тэгсэн хэрнээ өөрчлөлтийг асар ихээр хүсэж байдаг. Болохгүй, бүтэхгүй юмнаасаа салъя гэж байна. Энэ өөрчлөлт өвдөлтгүй ирэхгүй. Тэр өвдөлтийн нэг хэсэг нь энд болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Гэхдээ дээрх нөхцөл байдал жил гарангийн хугацаанд их өөрчлөгдсөн гэж бодож байна. Надаас илүүтэйгээр манай Ховдчууд энэ асуултад хариулах байх. Анх ирэхэд хотын жоохон охин гэж ярьдаг байсан бол өнөөдөр манай аймгийн Засаг дарга гэж бахархалтайгаар хэлэхийг харахад надад их сайхан байдаг. Яагаад гэвэл ажлаараа хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол цаг хугацаа их ордог асуудал. Дээрээс нь энэ зөвхөн Э.Болормаа гэдэг хувь хүний хүлээн зөвшөөрөгдөл биш.

Яг өөр шиг тань олон эмэгтэйчүүдийн замд би хаалт болохгүй юмсан гэж боддог. Үүд хаалгыг нь нээх хүн нь байгаасай гэж хүсдэг. Тэрнээс биш би буруу ажилласнаас болж "Эмэгтэйчүүд ингээд аймгийн дарга хийж чадахгүй" гэдэг ийм зүйл бүү хэлээсэй гэдэг үүднээс хичээж ажилласан.

-Аймгийн хэмжээний улс төр таныг эхэн үедээ нэлээн ганцаардуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Одоо хэр байна?

-Мэдээж ганцаардах үе бий. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлийг хүссэн олон хүн надад ханддаг. Би 4 дэх өдөр болгон өрөөндөө иргэдтэй нээлттэй уулздаг. Янз бүрийн л хүн орж ирдэг. Тэр дунд дэмжсэн ч хүмүүс орж ирнэ. Дэмжихгүй ч хүмүүс таарна. Аймгийнхаа төлөө сэтгэл зовниж, бодлогын чанартай юм ярьж орж ирэх хүн байхад хувийнхаа асуудлыг ярих хүмүүс ч орж ирдэг. Тэр дунд "Манай аймагт байсан болохгүй зүйлсийг цэвэрлэж байгаад баярлалаа" гээд урам хайрладаг хүмүүс олон бий. Би үүнд маш их баярладаг. Тийм болохоор жил хагасын өмнөх Ховд аймгийн Засаг даргаар шинэхэн томилогдсон Энхбатын Болормаа өнөөдөр жил гаран ажлаа хийсэн Э.Болормаа нарын хооронд их том ялгаа байгаа болов уу. Ховдчуудын маань харж байгаа өнцгийн хувьд ч гэсэн бас өөр байгаа болов уу гэж найдаж байна. Итгэж байна.

-Анх ирэхэд угтсан уур амьсгал хэр хүнд туссан бол. Эмэгтэй хүн болохоор эмзэглэж, тунирхах үе байсан л байх?

-Хэдий гадна аа би зүгээр ээ гэж байгаа ч эмэгтэй л хүн юм хойно үгэнд эмзэглэх тохиолдлууд байсан. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм болохоор ураманд хөөрч, хатуу ширүүн үгэнд гонсойх юм байлгүй л яах вэ. Гэртээ ганцаараа хоолны ширээнийхээ ард суугаад олон зүйл бодож суусан үе олон бий. Гэхдээ тэр болгоныг даван туулаад ард нь гарчихсан гэдэг л хамгийн чухал. Миний хувьд хамгийн их эмзэглэж хүлээж авдаг зүйл бол үнэн биш зүйл. Ор үндэсгүй худал гүтгэлэг. Ялангуяа улс төрд байгаа эмэгтэйчүүдэд их тохиолддог юм шиг санагддаг. Давж гарах хамгийн том хүч нь хүн тэгж хэллээ гээд би тийм болчих биш дээ гэж бодоод урагшаа алхах л байдаг.

ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭРНЭЭ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ДЭЭР ОЧИХООР ЭНЭ ТОО МАШ БАГА БОЛЧИХДОГ. ЯГ Л АХИХ ШАТ НЬ ДУНДАА ЭВДЭРЧИХСЭН ЮМ ШИГ

-Эмэгтэйчүүд эсвэл залуу хүн гэдгээр нь үгүйсгэж, удирдлагыг түвшинд тэнцэхгүй гэх туйлширсан хандлага бас их байх шиг?

-Манай Монголд энэ хандлага бүр маш их байдаг. Гэхдээ үүнийг дан ганц би туулаагүй. Ажлын байран дээр байгаа эмэгтэй хүн бүр мэдэрч байгаа. Залуу хүн болгон ямар нэгэн байдлаар хүйс эсвэл наснаасаа болоод ялгаварлан гадуурхалтыг мэдэрдэг. Тэр хүн байгалиас өгөгдсөн зүйлээсээ болоод гадуурхалтад өртөх нь үнэхээр харамсалтай. Манай Монгол Улсын 70 хувь нь 40 нас хүрээгүй залуучууд байгаа. 50 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл манлайллын түвшинд ийм хувьтай байж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн алба хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд. Удирдах албан тушаалтан дээр очихоор энэ тоо маш бага болчихдог. Яагаад гэдэг нь их сонин. Яг л ахих шат нь дундаа эвдэрчихсэн юм шиг. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бол өөрчлөлт гарч байна. Би энд суугаад энэ ярилцлагыг өгч байна гэдэг нь өөрөө өөрчлөлтийн нэг хэсэг. Тиймээс залуучууд, эмэгтэйчүүд байнга биенээ дэмждэг байх ёстой. Өөрчлөгдөх цаг нь болсон. Биднээс шалтгаалах зүйл их байдаг шүү гэж хэлмээр байна.

-Таны хувьд ажлын байрандаа эмэгтэйчүүдийг хэр их дэмждэг вэ?

-Эмэгтэйчүүдэд илүү боломж олгоно гэхээсээ илүү ижил тэгш боломж олгохыг хичээдэг. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, хэн чадвартай нь шударгаар гарч ирэх боломжийг олгох гэж хичээдэг. Өмнө эрэгтэйчүүдэд л нээлттэй байсан тэр боломжуудад эмэгтэйчүүдэд нээлттэй болоод ирэхээр удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэж байгаа. Түүгээр ч зогсохгүй эмэгтэйчүүд, залуучууддаа боломжийг нь гаргаад өгөхөөр байгаа газруудаа ямар их өөрчилж, шинэчилж чадаж байгаа нь маш тодорхой харагддаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд байгалиасаа эх хүн учир бусдын төлөө гэсэн сэтгэл нь үргэлж давамгайлж байдаг учраас байгаа газраа үргэлж гийгүүлж, гэрэлтүүлж явж байдаг. Эдгээр хүмүүст ижил тэгш боломжуудыг нь олгох нь л хамгийн чухал.

ЕРӨНХИЙ САЙДААС ДУУДЛАГА ХҮЛЭЭЖ АВСНЫХАА МАРГААШ АЖЛААС ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ЭХ ОРОНДОО ИРСЭН

-Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банканд ажиллаж байхад нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын санал тавьсан гэж сонссон?

-Ковидын үед би Бээжинд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс дуудлага хүлээж авсан. "Ерөнхий сайдаар томилогдож ажиллах гэж байна. Ирж Ерөнхий сайдын ажлын албаны дарга болооч ээ" гэдэг саналыг надад тавьсан. Ерөнхий сайдын ажлын албаны дарга гэдэг албан тушаал бол дэлхийн хаана ч анкетаа өгөөд ордог ажил биш. Урилгаар л хийдэг ажил. Яагаад гэвэл тийм өндөр гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа хүн багаа бүрдүүлэх урилга хүргүүлдэг. Тийм их итгэлийг Ерөнхий сайдаас хүлээж авна гэдэг ямар ч залуу хүний хувьд шууд за гэж хүлээж авах шийдвэр болов уу гэж би хувьдаа бодож байна. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэдэг бол асар их нэр төрийн хэрэг учраас маргааш өглөө нь шууд ажлаасаа гарах өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан.

-Гадаадад олон жил ажиллаж, амьдарсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан хүн монгол орны баруун хязгаарт ирж ажиллаж, амьдрах саналыг анх яаж хүлээж авч байсан бол. Мэдлэг мэргэжилтэй залуусын дунд хөдөөг голж, хотыг зорих. Улсаа голж, гадагшаа гарах боломжийг эрэлхийлдэг болсон цаг үе шүү дээ?

-Хэдий би өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байсан боловч миний хийдэг ажлууд ихэвчлэн хөгжиж буй орнуудтой холбоотой байсан. Ази, Номхон далай, Африк, Латин Америк гээд хөгжиж буй орнууд руу байнга томилолтоор явдаг байлаа. Товчхондоо бол Ховд аймгаас хөгжил дорой улс орнуудад олон удаа очиж ажилласан. Эндээс би юуг хэлэх гээд байна вэ гэхээр, бид хөгжил гэдэг зүйлийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй.

Миний хувьд юуг бодож Ховд аймаг руу тэмүүлсэн бэ гэвэл баруун бүс нутгийн потенциал надад харагдсан. Зарим нь шоолонгуу л байдаг байх. Гэхдээ миний харж буй өнцгөөр Ховд аймгийг хараасай гэж хүсэж байна. Миний нүдээр Ховд аймагт маш их боломж байгаа харагддаг. Би энд юу болохгүй байна гэж харахаас илүүтэйгээр хаана очиж болох вэ гэдэг дүр зураг нь харагддаг. Улаанбаатар хотоос Ховд аймаг маш их алслагдсан гэж ярьдаг. Харах өнцгөө бид нар өөрчлөх хэрэгтэй. 1500 км ч гэсэн 2 цаг хүрэхгүй нисдэг. Бид Улаанбаатар хотыг төвөө гэж хардаг шигээ баруун бүсийг төвөө гэж төсөөлөөд үзэхэд маш их зах зээл байгаа нь харагдаж эхэлнэ. БНХАУ, ОХУ, Казакстан руу гээд боломжит бүх хувилбараар төсөөлөх ёстой. Жишээлбэл, Ховд аймгийн Жаргалант сумаас Шинжааны Өрөмч рүү Улаанбаатар хотоос илүү ойрхон. Тэгэхээр бид нар тэр зах зээлээ бас харах ёстой. Улаанбаатараас юм татаж авах, нийлүүлэхээс илүү дээрх зах зээл рүүгээ тэмүүлж байх ёстой. Суурь дэд бүтцүүд нь байна. Жишээлбэл, АХБ-ны зээлээр хэрэгжсэн босоо тэнхлэгийн авто зам байна. Цагаан нуур боомтоос Булган боомт буюу ярант гэж ярьж заншсан энэ хооронд ОХУ, БНХАУ-ыг холбосон олон улсын транзит зам байна. Олон улсын ангилалтай нисэх буудал ч бий. Одоогоор хэдий олон улсын нислэг хийхгүй байгаа ч гэсэн өргөтгөлүүдээ хийх юм бол нислэг үйлдэх бүрэн боломжтой. Үүнээс гадна баруун бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах Эрдэнэбүрэнгийн УЦС гацаанаасаа бүрэн гарлаа. Энэ хавраас барилга бүтээн байгуулалтын ажил бүрэн жигдрээд явна гэх мэтчилэн потенциалтай зүйлүүд асар их байгаа.

Манай монголчууд их хурдан шийдлийг хүсдэг. Тэгэх нь ч аргагүй. Тэр нь магадгүй эх орноо хайрласан сэтгэлээс л гарч байгаа. Гэхдээ дэлхийн хаана ч хөгжлийн зам өөрөө тодорхой хэмжээний цаг хугацаа ордог. Дэлхийн дунджаас харвал бид харьцангуй хурдтай хөгжиж яваа улс орнуудын нэг.

Товчхондоо бол бидний чиг шугам урагшилж байгаа. Том, том алхмаар урагшилж байна. Энэ дунд засаж залруулах, сайжруулаад явах юм зөндөө байгаа. Тэр чинь л өөрөө улс орны хөгжлийн асуудал. Тэгэхээр би өнөөдрийн байгаа Ховд аймгийг баруун бүс гэж харахаасаа илүү хаана очиж болох вэ. Бүр байгалийн өгөгдлүүд нь ямар давуу талтай вэ гэдгийг илүү харж байгаа. Тийм учраас Ховддоо ирж ажиллах бол миний хувьд сэтгэл дүүрэн гаргасан шийдвэр.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлэг нэг хэсэг олны анхаарлыг их татсан. Залуу хүн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байх боломжгүй гэх утгатай шүүмжлэлүүд хөвөрч байсан санагдаж байна. Таны тайлбарыг сонсъё?

-Энэ бол төрд ажиллаад авсан мөнгө биш. Би өөрийнхөө амьдралдаа хэрэглэдэг бүх төгрөг, ам.доллар, хөрөнгийг бүгдэд нээлттэй тооцоолж чадна. Гадаадад олон жил өндөр цалинтай ажиллахдаа бий болгосон мөнгөн хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгийн тухайд АНУ-д амьдрах нь тодорхой юм чинь гээд моргежийн зээлээр байр авсан. Тэр байраа одоо түрээсэлдэг.

Дэлхийн банкнаас гарахад тэтгэврийг нь ажилласан жилээр нь урьдчилаад өгчихдөг юм. Тэр мөнгөөрөө Монголдоо ирээд байр авсан. Хүний л амьдрал болсон хойно, тэрийгээ Ховдод ирэхдээ түрээсэлчихээд ирсэн. Надад машин, газар, мал байхгүй нь үнэн.

-Таны ирээдүйн зорилго төлөвлөгөө юу вэ?

-Алсын хараа, зорилго, зорилтоо урт хугацаагаар төлөвлөхөөсөө илүүтэйгээр жил, жилээр нь ч юм уу төлөвлөөд явдаг. Яг одоогийн төлөвлөгөө бол миний ажил. Өөрийн байгаа цаг хугацаандаа чадлынхаа хэрээр Ховд нутгаа хөгжүүлж, Ховдчууддаа олон сайхан боломжийг нээж өгөхийг зорьж байна. Хувь хүнийхээ хувьд бол хэнд, хэзээ, юу тохиолдохыг мэдэхгүй учир өөртөө сэтгэл ханамжтай, харамсах зүйл багатай амьдрахыг хүсдэг. Тийм учраас аль болох сурахыг хичээдэг. Хэрвээ би сурахаа болиод нэгэн хэвийн тогтсон ус шиг байвал тухайн ажилд миний хийж чадах зүйл тэр хэрээрээ хумигдаж эхэлнэ гэж боддог. Тиймээс илүү их хичээж, өөрийгөө сорихыг хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд цахимаар хууртагдаж, алга болсныг шуурхай эрэн сурвалжилж олжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд цахимаар хууртагдаж, алга болсныг шуурхай эрэн сурвалжилж олжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.