Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрэлж УЛ болж,Тайланд, Вьетнам моод болж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 58 секунд

Хүмүүс хотоос зайдуухан цэвэр агаартай ч хэт үнэтэй, үйлчилгээ нь нойл газар мөнгө зарахаас илүү хил залгаа Эрээн Жининь, Хөх хот, Вьетнам, Тайландыг зорих болов. Статистик мэдээллээр, гадаадад зорчсон монголчуудын тоо давхардсан тоогоор хоёр сая давсан.

Тэдний дийлэнх нь буюу 67.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор хилээр гарчээ. Энэ бол 2023 оны дүн мэдээ.

Уг үзүүлэлт өмнөх оноос 3.2 дахин нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлж байлаа. Тус хорооны мэдээллээс харвал энэ оны нэгдүгээр сард гадаадад аялахаар 39.559 мянган иргэн хилээр гарсан байна.

Наад захын жишээ нь өнгөрсөн сард гэхэд л Вьетнамын Фукуок арал Эрээний зах шиг монголчуудын хөлд дарагдлаа. Үүнээс харвал манайхан нэг үеэ аялалд мөнгө зардаг болж байна. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралаар тодорхойлдог ч монголчууд хөлжсөндөө бус дотоодын мөнгөн тэмдэгттэй шууд холбоотой. Төгрөг цаас болж амралт худалдаа үйлчилгээний газрын үнэ тэнгэрт хадсан нь иргэдэд санхүүгийн дарамт болоод удлаа. Үүнийг ч салбарын сайд нь хүлээн зөвшөөрч буй.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ярихдаа “Хэт үнэтэй бол хүн ирэхгүй, тэр газар дампуурна. Тэр газар хүн ирээд байвал дахин ирэх хүмүүс нэмэгдээд л байна. Тэрэлж, Фукуок хоёр дээр ор хоногоор нь бодохоор Тэрэлж 250 мянган төгрөг, Фукуокд 170 мянган төгрөг гэж байсан. Тэгвэл Фукуокд очиж амар л даа” гэж байв.

Өнөөдрийн байдлаар тур компаниудаар дамжуулан аялалын хөтөлбөртэйгээр Пукет, Фукуок арлаар дунджаар найм хоног аялах мөнгө 3.5 сая төгрөг байгаа нь Хөвсгөл, Булганаар аялснаас илүү хямд үнэтэй тусах болжээ. Энэ мэтчилэн шалтаанаар дотоодын жуулчид гадаад, дотоодгүй дүрвэсээр. Үүний цаана валютын урсгал триллион триллионоор гадаадын зах зээлд эргэлдэж буй.

Энэ урсгалыг Монголд татах боломж байгааг “Байгальд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх” гэж салбарын сайд нь тодорхойлох болов. Тэрбээр салбарынхаа ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлсэн. Энэ тухай ярихдаа “2025 оноос хойш аялал жуулчлалын жил зарласан ч зарлаагүй ч аялал жуулчлал тогтсон байх ёстой. Тийм ч учраас 110 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж байгаа. “Welcome to Mongolia” бол зөвхөн аялал жуулчлалын уриа. Нэг ёсондоо, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд орж ирж буй үг гэж ойлгож болно” гэсэн юм.

Эдийн засагчдын зүгээс байгаа нөөц боломжоо ашиглаж эдийн засгийг солонгоруулах шаардлага үүсч байгааг хэлж байгаа юм. Энэ тухай Санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, эдийн засагч С.Бямбахорлоо “Өнөөдрийн нөхцөлд бидэнд байгаа боломж нь нүүрс, Монголын эдийн засаг бол нүүрс гэж бүх зүйлийг төлөвлөж, төсөөлж байна. Гэвч тийм биш. Бидэнд байгаа эдийн засгийн хамгийн чухал капитал бол газар. Газрыг хэрхэн эргэлдүүлэх талаар маш сайн бодлого боловсруулах хэрэгтэй. Гэхдээ газар тариалан биш. Зарим тохиолдолд бид газрыг түрээсэлж болно. Эргэлтэд оруулж аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Тиймээс бид өөрсдөд байгаа нөөц боломжуудаа үнэлж судлах ёстой. Засгийн газрын орлого өр зээлээр бүтэж болно. Харин зарцуулалт нь ямар байна вэ гэдэг нь чухал. Айлтай зүйрлэвэл бид орлого олох зүйлдээ л хөрөнгө оруулалт хийх ёстой” гэж зөвлөсөн.

Угтаа бол аялал жуулчлалын салбар уул уурхайгаас илүү үр ашигтайг хаяа залгасан орнуудаас харж болохоор. Харин Монголын аялал жуулчлалын салбар одоо л гүн нойрноосоо сэрж байна. Салбарын сайдын байр сууриаас авхуулаад Засгийн газар хүртэл урьд хожид байгаагүйгээр аялал жуулчлалын салбарт анхаарч эхэлсэн нь эдийн засгийг солонгоруулах зорилготой. Энэ хүрээнд жил бүр нэг сая жуулчин авах том амбиц эрх баригчдад бий.

Аялал жуулчлалын салбарыг төлөөлж Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Цаашид бид Монголыг зорих жуулчдын тоог нэг саяас илүү хоёр, гурван сая болгоход зүтгэх ёстой” гэж тодотгосон. Бодит байдал дээр өнөөдөр хээр тал, уул горхиноос өөр гайхуулах зүйл Монголд алга. Гадаад, дотоодын жуулчид ч тоож “аялах”-гүй байгаа нь гашуун үнэн. Хөрш зэргэлдээ Тайланд, Вьетнам аялал жуулчлалын бүс болж хөлжсөн байхад Монголын эдийн засаг Эрээнээс хараат байна. Энэ дөнгөнөөс гарах чухал хөшүүрэг нь аялал жуулчлалын салбар.

Валютын урсгалыг богино хугацаанд татах ёстой тэд анхаарлын гадна орхисон дотоодын жуулчдаа торгоож үлдээхэд эргэж харах цаг нь болсон бололтой.

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар өсжээ
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар өсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.