"Хүүхэд харах хүнгүй учраас ажилгүй гэртээ суух, нэг бол хүүхдээ гэртээ цоожилж яваад эрсдэлд оруулах. Надад ийм хоёр сонголт байсан. Хамаатан, садандаа тээр болохыг хүсээгүй учраас хүүхдээ арга буюу 24-ийн цэцэрлэгт өгсөн. Тэгэхгүй бол энэ амьдралыг хэн авч явах вэ дээ" гэж өрх толгойлсон 25 настай эмэгтэй яриад уртаар санаа алдангаа хоёр настай охиноо хувцаслаад гарч одов. Түүний охин Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгт яваад нэг жил болж байна. Баасан гариг учраас охиноо цэцэрлэгээс нь эрт аваад харихаар явж буй нь энэ.
Өөр нэг аав "Би цаг зав муутай байдаг. Хөдөө ажлаар явдаг, эхнэр маань наймаанд явдаг хоёулаа байхаасаа байхгүй нь их. Хүүхдээ энэ тэнд айлд байлгаснаас цэцэрлэгт байлгах нь дээр гэж боддог. Хэдийгээр ах дүү хамаатан садан байдаг ч гэсэн айлд байлгах нь таалагддаггүй. Амьдралаа босгохын тулд өдөр шөнөгүй л ажиллаж байна. Хүүхдээ хүргэж ч өгч авч амжихгүй байна шүү дээ" гэв.
Монголд хойд хормойноосоо авч, урд хормойгоо нөхөж амьдарсаар залхсан залуусын хувьд ганц гарц нь гадаадад ажиллах. Ингэхдээ хамаатан садандаа хүндрэл учруулахгүйн тулд хүүхдээ 24 цагийн цэцэрлэгт өгдөг хүмүүс ч бий.
Энэ нь гэхдээ цөөн хувь нь. Ихэнхдээ зорилтот бүлэг буюу өрх толгойлсон эсвэл архины хамааралтай эцэг эх, нэн ядуу өрх, олон хүүхэдтэй гэх шалтгаанаар 24-т хүүхдээ өгч байна. 2020 оны тоо баримтаар нийслэлийн зургаан дүүргийн 24 цагийн үйлчилгээтэй 15 цэцэрлэгт 51 бүлэг үйл ажиллагаа явуулж байна гэжээ. Харин бүтцийн хувьд 30 хувь нь бүтэн 24 цагийн, 70 хувь нь холимог буюу 24 цагийн болон өдрийн бүлгийн тогтолцоотой. Нэг жишээ дурдъя. Эцэг, эх нь архины хамааралтай. Ойр, ойрхон олон хүүхэд төрүүлсэн учраас ажилгүй. Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг. 2-5 насны гурван хүүхдээ тус цэцэрлэгт явуулдаг гэр бүл ч байна.
Цэцэрлэгийн хананд зураг тогтоох алхны чимээг сонссон хоёр настай хүү "Согтуу хүн байна" гээд царай нь хувьсхийж айж, чичирсэн тохиолдол ч бий гэнэ. Энэ мэтчилэн хүүхдийн үйлдэл бүрээс гэр бүлийнх нь харилцаа хандлага шууд харагддаг аж.
Мөн хамгийн сонирхолтой нь 24 цагийн цэцэрлэгт хүүхдээ үе дамжсан байдлаар хамруулж байгаа тохиолдол ч бий. "24 цагийн цэцэрлэгт авга эгчийн дөрвөн хүүхэд хүмүүжсэн. Төлөвшил сайтай, биеэ даах чадвартай, хэрсүү болдог. Тэдний хүүхдүүд гэртээ орж ирэхээс унтах хүртэл бүх зүйлийг өөрсдөө хийдэг. Тэгээд л 24-т хүүхдээ оруулахаар шийдсэн" гэж ярих хүнтэй ч энэ цэцэрлэгт таарлаа.
- Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дуу чимээнээс болоод ядарчихлаа гэдэг-
Товчхондоо ядуурал, архидалт, зэрэг нийгмийн олон асуудлын улмаас эцэг эхдээ “шоовдорлогдсон” хүүхдүүд 24-т явж байна. Тус цэцэрлэгийн таван бүлэгт 140 хүүхэд суралцаж байна. Баасан гараг байсан учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ эртхэн аваад харьцгаажээ. Биднийг очиход таван настны анги хоосон байсан бол хоёр настны хоёр бүлэгт 3-4 хүүхэд л үлдсэн байв. Хүүхдүүд харихаар явах бүрт үлдсэн хэд нь том хархан нүдээр хаалга руу бөртөлзөнө.
Багш нарынх нь ярьж буйгаар "Хүүхүүд Лхагва гарагаас эхлээд ээж, аавыгаа санаж байна. Гэртээ харья" гээд уйлаад эхэлдэг. Тэгэхээр нь одоо хоёрхон хоног үлдсэн тэсээрэй гэхээс өөр үг амнаас гардаггүй. Харин баасан гарагийн өглөө гэртээ харина гэдгээ мэддэг учраас бүгд сэргэлэн, цовоо байдаг. Өдөр унтлагын цагаар сэрвэлзээд бүр унтахгүй шүү дээ. Хүүхдэдээ анхаарал тавьдаг эцэг эхчүүд адаглаад хүүхдийнх нь нүүр юм уу гар маажуулсан тохиолдолд ирж учир байдлыг нь асуудаг. Харин үүнийг анхаарах сөхөөгүй хувцаслаад аваад гардаг эцэг эхчүүд ч бий. Утсаар залгаж надаас хүүхдээ асуудаг, видео каллаар залгаж ярьдаг эцэг эхчүүд байхад усанд хаясан чулуу шиг алга болдог эцэг, эхчүүд их. Залгаад хэл дуулгах гэхээр утас нь холбогдохгүй байх жишээний.
Ер нь л Даваа гаригийн өглөө эцэг эхчүүдээс хүүхдээсээ залхсан төвөгшөөсөн хандлага ажиглагддаг. Амралтын өдрүүдэд хүүхдүүдийнхээ дуу чимээнээс болоод ядарчихдаг, бушуухан л цэцэрлэгт нь явуулж санаа амарлаа гэцгээдэг" талаар тэд ам уралдан ярьцгаав.
-24-ийнхөн үеийнхнээсээ намхан байгаа нь эцэг эхээсээ хол байдагтай холбоотой-
2020 онд хийгдсэн "24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний өнөөгийн байдал" төслийн суурь судалгааны тайланд 24 цагийн цэцэрлэгт явдаг таван настай хүүхдүүдийн бие бялдрыг цэцэрлэгийн өдрийн ангийн хүүхдүүдтэй харьцуулахад эрэгтэй хүүхдүүдийн 47.9 хувь нь хэвийн жинтэй байгаа ч биеийн өндрийн хувьд 51.2 хувь нь дунджаас намхан. Харин охидын биеийн жингийн 33.9 хувь нь хэвийн, харин 66.4 хувь нь жингийн өөрчлөлттэй өндрийн хувьд 41.9 хувь нь дундаж өндөртэй. Энэ нь хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдрах, хүүхдэд эцэг эхийн хайр халамжийг хангалттай мэдэрч чадахгүй байх нь хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлж биеийн өсөлт, хөгжил нь хэвийн бус байдалд хүргэж байна" гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд 7 хоногийн 5 өдөр нь эцэг эхээсээ хол байгаа нь дээрх үзүүлэлтэд нөлөөлсөн гэж үзжээ.
Мөн хүүхдүүдийн таамаглал дэвшүүлэх, үйл явдлыг харьцуулах, орон зайг мэдэрч ойлгох, танин мэдэхүйн үзүүлэлтүүд нь тун тааруу гарсан аж. Энэ нь 24 цагийн цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй, гэрээ, ээж, ааваа санадаг, хайр халамжаар дутагдаж байгаатай холбоотойгоор танин мэдэхүйн хөгжил нь доогуур байгааг судлаачын зүгээс онцолжээ.
Уг нь 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээ Монгол Улсад үүсэж хөгжөөд 84 гаруй жил болж байгаа хэдий ч уг үйлчилгээний хэрэгцээ, хүртээмж, чанар, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөлөл зэргийг судалж тодорхойлсон баримт бичиг хангалттай байдаггүй юм байна.
Ямартай ч 2020 онд зургаан дүүргийн 24 цагийн үйлчилгээтэй 14 цэцэрлэг, 28 эрхлэгч, арга зүйч, 166 бүлгийн багш, туслах багшаас судалгаа авахад багш нарын 61 хувь нь "Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхдийн хөгжлийг ойлгох мэдлэгийг сайжруулахгүй бол эцэг эхчүүд хүүхдийнхээ чадвар, чадамж, ахицыг тодорхойлж чаддаггүй. Эцэг эхийнхээ хайр халамж, хамгаалалд өссөн хүүхэд өөртөө болон бусдад эерэг хандлагатай өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвшдөг. Тиймээс эцэг эхчүүдэд бага насны хүүхэд аав ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын ач холбогдол, дотно харилцаа, хайр халамжийн хожмын сайн үр дагаврын талаар илүүтэй ойлгуулах, таниулах нь чухал байна" гэдгийг онцолж байж.
- Ядуу Монгол 24-ийн хүүхдүүдийн эцэг эхдээ хайрлагдах боломжийг хулгайлав -
Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Зэс, нүүрс, газрын тос, алт, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн нөөц ихтэй, гурван сая гаруйхан хүн амтай улсын нэг сая нь ядуу амьдарч байна гэдэг эмгэнэлтэй. Элгэн садан, ээж аавтайгаа эх орондоо үлдмээр байвч үр хүүхдээ сайхан амьдруулж, соёлтой боловсролтой хүн болгохын тулд гадагшаа хар ажил хийхээр явсан эцэг эхчүүд, өдрийн хоолоо таслахгүйг хичээн ажиллаж буй залуу гэр бүлүүдийг хүүхдээ 24-т үлдээлээ гэж бас буруутгамгүй.
Тэд бүгд л амьдралаа босгохын төлөө өөр, өөрсдийн аргаар тэмцэж байна. Улс төрийн тогтворгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, инфляци зэрэг нь энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үгс болчхоод байна.
Хэн ч эх орноосоо явах тухай бодохгүй, хэн ч гадны улсад очиж, хөдөлмөр эрхлэх тухай санадаггүй болсон тэр цагт л Монголын нийгэм сайхан болжээ гэж хэн бүхэн бодно.
/Бид хүүхдийн эрхийг зөрчихгүйн үүднээс хүүхдүүд, багш нарын зургийг авахаас, нийтлэхээс татгалзав/