32 насандаа Монгол Улсын отгон аварга болж, монгол бөхийн дэвжээнээ ид хаваа гайхуулж яваа Монгол Улсын аварга Оргихын Хангайг энэ удаагийн FACELOOK буландаа онцолж байна. Түүний олон нийтийн хараанд тэр бүр өртөж байгаагүй дурсамж агуулсан гэрэл зургууд болон мэдээллүүд таны сонирхлыг татан гэдэгт итгэлтэй байна.
-О.Хангай дөрвөн хүүхэдтэй айлын ганц хүү-
Оргихын Хангай 1990 онд төрсөн. Тэрбээр Ховд аймгийн Буянт сумд төрж өссөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй айлын ганц хүү. Түүний аав Оргих нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын тэргүүний тариаланч. Харин ээж Баярлах нь нярав хийдэг.
Харин тэрбээр өөрийн нэрийн утгыг "Намайг төрж байхад аав маань “Газар шороо” романыг уншиж байж л дээ. Тэр номын зохиолд Хангай Базар гэж энгүй бяртай хүний талаар өгүүлдэг. Тэгээд тэр баатрыг бэлгэшээн надад энэ нэрийг хайрласан хэрэг" хэмээн ярьсан байдаг.
Түүний бага насны зургуудаас сонирхуулбал,
-2007 онд арван жилээ төгсөж, ХААИС-ийн оюутан болов-
О.Хангай 2007 онд Ховд аймгийн Буянт сумын арван жилийг төгссөн. Тэр жилдээ Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалт, инженерийн ангид элсэлт өгч тэнцжээ. Тухайн үедээ хичээл номноос өөр зүйлд сатааралгүй явсаар гурван жил суралцсан байдаг.
-"Волейболын спортод нугасгүй"-
Тэрбээр ерөнхий боловсролын сургуульд байхдаа волейболын спортоор хичээллэдэг байжээ. Тэрбээр энэ талаараа 2014 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй. Бас даам тоглох дуртай" хэмээн ярьж байжээ.
-О.Хангайгийн аав, ээж нь аль аль нь бөхийн удамтай-
Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай аж. Ээжийнх талд улсын арслан Ванчинхүү гэж алдарт бөх байсан аж. Харин аавын талаасаа Ш.Батсуурь дархан аваргатай холбоотой хэмээх нь бий. Ямартай ч тэрбээр "Энэ агуу хүний удмыг залгаж яваадаа баяртай байдаг" хэмээн ярьсан байх нь бий.
Хангайгийн аав Ж.Оргих гуай хэвлэлд “Хангайг есдүгээр ангид байхад ачааны машины тэвш дүүрэн төмс ачаад, үдшийн бүрийгээр харьсан юм. Гэрт орж, хадам аавтай хэдэн үг сольчихоод гараад иртэл Хангай 70 кг-ийн шуудайтай төмсийг хоёроор нь үүрээд зоорь руу зөөж байсан. Тэгэхээр нь “Миний хүү болохгүй шүү дээ, нуруунд нь юм орно. Яаж дааж байна аа” гэтэл “Аав энэ хүмүүс үүрээд байна шүү дээ” гээд инээмсэглэж билээ” хэмээн ярьсан байдаг. Энэ үеэс хүүгээ бөхийн спортоор хичээллэвэл ирээдүйтэй гэдгийг олж харжээ.
-Сумын начин О.Хангай-
О.Хангай 2010 онд буюу ХААИС-ийн оюутан байхдаа сумынхаа наадамд барилдах боломж олдож, ямар ч бэлтгэлгүй байсан хэрнээ үзүүрлэж сумын начин цол хүртжээ. Тухайн үед аавынх нь төрсөн дүү Ж.Алтанбагана “Миний дүү сайн бөх болоорой” гээд зодог, шуудаг авч өгсөн гэдэг.
Тухайн үед О.Хангайд "Бэлтгэл хийвэл цолоо ахиулж болох юм байна гэдэг бодол" төрж, улмаар 2010 оны өвөл нутгийн бөхчүүдийн бэлтгэл хийдэг “Ховд бөхийн дэвжээ”-г сураглаж явсаар Ц.Мягмарсүрэн заантай уулзжээ. Тухайн үед бөх болох хүсэлтэйгээ багшдаа хэлж шавь орсон гэнэ.
-Гэргийтэйгээ арван жилээсээ танилцан, үерхжээ-
Түүний гэргийг Н.Дэлгэртуяа гэдэг. Ховд аймгийн Манхан сумын харьяат. Тэд арван жилдээ танилцан оюутан болоод үерхэж, нэг гэр бүл болжээ.
-О.Хангай ширым бөхийн олон улсын тэмцээнд түрүүлэв-
БНСУ-ын Андун хотод ширым бөхийн үндэсний аварга шалгаруулах болон олон улсын нээлттэй тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Ширым бөхийн олон улсын нээлттэй тэмцээнд БНСУ, БНХАУ, Испани, Шинэ Зеланд, ОХУ, Монголын нийт 60 гаруй гадаад бөхчүүд оролцсон бөгөөд тус тэмцээнд Монголын бөхчүүд амжилттай оролцсоноос О.Хангай түрүүлж, БНСУ-ын үндэсний ширым бөхийн холбооноос олгодог “Дэлхийн ширым бөхийн их аварга” өргөмжлөлийг хүртэж байв.
-Бөх сонирхогчдын хараанд өртөж явсан тэрбээр 2017 онд Улсын харцага цол хүртэв-
2012 онд аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд аймгийн арслан Н.Батсайхантай барилдаж, үзүүрлэн Аймгийн заан цол хүртсэн. Харин дараа жилийнх нь наадам буюу 2013 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. Мөн ондоо бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.
2014 оны цагаан сарын барилдаанд үзүүрлэсэн цагаас эхлэн тэрбээр хоёр ч удаа “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авч байлаа. Мөн “цахиур хагалах бөх”-ийн шагналыг ч авсан байдаг. Ийнхүү улсын цолд ойрхон хэмээн бөх сонирхогчдын анхааралд өртөж явсан тэрбээр Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Серикээр зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн түүхтэй.
Харцага цол хүртсэний дараах он жилүүд түүний хувьд "уналтын" гэж хэлж болохуйц барилдаануудаар үргэлжлэв. Төдийлөн дээгүүр барилдаж чадахгүй байсан хэдий ч олон нийт түүнийг дэмжсээр байлаа.
-Допингийн асуудлыг хурцаар шүүмжлэв-
О.Хангайгийн хувьд бөхчүүдийн дунд хэрүүлийн алим дэгдээх болсон допингийн асуудалд шүүмжлэлтэй байр суурийг удаа дараа илэрхийлж, багахан хэмжээний акцыг хүртэл хийж явсан удаатай. Ингэхдээ тэрбээр эл асуудалд байр суурьтай нэгтэй бөхчүүдтэй хамтран явцын шинжилгээ тогтмол авах, улсын наадамд дөрвөөс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авах, аймгийн наадмын үзүүр, түрүүний бөхөөс шинжилгээ авдаг болох, шинжилгээ өгөхөд унасан бөх, цагдаа, шүүх, АТГ-ынхныг байлцуулах, допингийн шинжилгээний хариу олон түмэнд ил байх талаар тусгах, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 3-4 жилээр хасах зэрэг саналыг гаргаж байсан.
-Аварга цол хүртэж, тугаа тойров-
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, үзүүр түрүүнд 24 настай Улсын арслан Б.Орхонбаяртай барилдан түрүүлэв. Ийнхүү тэрбээр 32 насандаа Монгол Улсын отгон аварга болсон юм.
-"Луу" жилийн сар шинийн барилдаанд түрүүлэв-
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан нар тунаж барилдсан. Түүнээс Улсын аварга О.Хангай давж түрүүлэн, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн юм.
-Түүний хүмүүжил бусдад үлгэр дууриалал болдог-
Эгэл жилийн ажилч хичээнгүй аавын хүү хэмээн түүнийг магтах хүмүүс олонтой. Тэрбээр аавынхаа тарьж ургуулсан тарвасыг тэр Улаанбаатар хотод зараад зогсох нь ч бий. Түүнчлэн тэрбээр олон ч сайн дурын ажилд нэгдэж, хүмүүнлэгийн ажил хийдэг нь бөх сонирхогчид төдийгүй олны хайр хүндэтгэлийг хүлээх бас нэгэн шалтгаан нь болдог гэхэд хилсдэхгүй. Аварга цол хүртсэнийхээ дараагаар тэрбээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулж өгч байв.
-О.Хангайг аварга цол хүртсэнээс хойш 985 хүүхэд "Хангай" хэмээх нэр авчээ-
2024 оны 02-р сарын 15 өдрийн байдлаар "ХАНГАЙ" гэсэн нэртэй 4,150 хүн байна. Харин түүнийг аварга цол хүртсэн жил тухайн нэрний хамгийн "оргил үе" болжээ. Тодруулбал, 2022 онд 574 хүүхэд Хангай хэмээх нэрийг авчээ