Гадаад бодлого тал дээр идэвхтэй байх “имиджийг” бүрдүүлсэн гурван жил өнгөрч байна. Аль ч улсын гадаад бодлого төрийн өндөрлөгөөс авхуулаад Засгийн газар, парламент гээд бүх түвшинд хангагдах ёстой гэх суурь зарчим цаг ямагт үйлчилж байх ёстой. Энэ үүднээс харвал, сүүлийн жилүүдэд ҮАБЗ-д багтах Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын гадагшаа хийсэн тус тусын айлчлал Монгол Улс гадаад бодлого дээрээ нэгдмэл бөгөөд идэвхтэй байгааг тун энгийнээр дэлхийд ойлгуулсан явдал байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л гэхэд эл албыг хаших болсноосоо хойш нийт 8 удаагийн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг “авторлоод” байна. Тэгвэл Ерөнхий сайд гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудаа хангахын тулд айлчлалууд дээрээ ямар нүүдэл хийж оролцов.
-“Туслах дүр” байсан ч хамаагүй. Идэвхтэй байгаагаа харуулах нь чухал-
Олон улсын харилцаанд оролцож буй улс, гүрнүүдийг жүжигчин гэж авч үзье. Гол дүр ганцаар чухал рольтой гэвэл өрөөсгөл ойлголт. Туслах дүр ч жүжигт идэвхтэй байж чадсанаараа бие биеэ тодотгож өгдөг. Өөрөөр хэлбэл, хөгжил буурайгаас авхуулаад хөгжингүй орнууд хүртлээ оролцож байгаа энэ харилцаанд идэвхтэй байхгүй л бол анхааралд өртөхгүй. Тиймээс “туслах дүр”-ээр ч хамаагүй идэвхтэй байгаагаа харуулах нь, мэдрүүлэх нь чухал. Энэ дүрмийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалууд дээрээ тунг нь тааруулж ашигласан нь онов. Өөрөөр хэлбэл, үүний цаана идэвхгүй байдал “хожил” дагуулахгүй учраас идэвхтэй бай гэдэг агуулга ч яваа юм.
Чухамдаа айлчлал хийнэ гэдэг аль нэг төрийн тэргүүн утас цохиж цаг товлоод л, нисэж очоод уулзаж учраад байх хэмжээний харилцаа огт биш. Айлчлахаар тохирохоос эхлээд хэлцэл хүртэлх бүхий зүйлс хоёр талаас нарийн ярьж ойлголцсоны эцэст ажил хэрэг болдог номтой. Тиймээс “Ямар их айлчлал хийдэг юм” гэх та бидний шүүмжлэлийн цаана олон улсад Монгол Улс гадаад бодлогоо бүх түвшинд хадгалахтай холбоотой агуулга хөндөгдөж байдгийг ойлгох нь чухал юм.
-Монгол “сонирхолтой тоглогч” болох нь...-
Гадаад харилцаа идэвхжихэд нөлөөлж буй хүчин зүйлсийг бид гадаад болон дотоод талбараас харж болно. Нэгдүгээрт, ковид19-ийн цар тахал дэлхийн улс орон хоорондын дипломат хамтын ажиллагаанд зогсонги, хүндрэлтэй байдлыг бий болгосон. Хоёрдугаарт, ОХУ Украины дайны нөхцөл байдал түүнийг дагасан олон улсын харилцаа, геополитикийн хямралуудыг нэрлэж болно. Эдгээр нөхцөл байдлууд нь Монгол Улс гадаад бодлогоо идэвхжүүлэх зүй ёсны хэрэгцээ шаардлагыг бий болгож өгсөн.
Нөгөөтэйгүүр, манай “мөнхийн хөрш” болсон хоёр их гүрэн Украин, Тайван руу санаархаж, гуравдагч хөршүүд тэдний эсрэг хүчний тэнцвэр гаргахаар зогсож байгаа энэ үед Монгол Улс жижиг ч гэлээ “сонирхолтой тоглогч” болж харагдаж чадаж байна. Энэ хэрээрээ Ерөнхий сайдын гуравдагч хөрштэй хийсэн айлчлалууд ч анхааралд өртөж чадаж буй юм. Үүнд, АНУ, Герман, Япон зэрэг улсуудад хийсэн айлчлалуудыг нэрлэж болно.
Идэвхжлийн удаах шалтгааныг дотоод хүчин зүйлтэй холбож болно. Манай улс цар тахлаас хойш эдийн засгийн таагүй нөхцөлд явж ирсэн нь үнэн. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт татах, бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагууд тулгарсан. Эдгээр шаардлагуудаас улбаалан Ерөнхий сайд айлчилсан улс орнуудын өндөрлөгүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Тухайлбал, валютын нөөцөө нэмэх, дотооддоо ажлын байр нэмэгдүүлэхэд шаардлагатай боловсон хүч бэлтгэх, экспортын төмөр замууд дээрээ хил холболтын цэгээ тохирох, экспортын гарцыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудад тохиролцсон.
-Төрийн удирдлагууд гадаад бодлого дээрээ НЭГДМЭЛ байгаа гэх мессежийг өгч байна-
Өмнө дурдсанчлан төрийн өндөрлөгүүд дотооддоо үзэл бодлого, байр суурийн хувьд санал зөрөлдөх нь хэвийн үзэгдэл. Харин гадаад бодлого тал дээрээ нэгдэж гадагшаа эерэг мессэж өгч чаддаг байх нь чухал. Өмнөх үе үеийн төрийн тэргүүнүүдийн гадаад айлчлалуудыг харахад, байр суурь дээрээ зөрдөг байдлаас үүдэж гадаад талдаа ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг бий болгох дүр зураг ажиглагддаг байв. Харин одоогийн ҮАБЗ-д багтаж буй өндөрлөгүүд гадаад бодлого дээрээ сууж, байр сууриа нэгтгэж, айлчлалуудаа тохиролцож ач холбогдол өгч буй нь эргээгээд Монгол Улс ямар ч бодолгүйгээр алхам хийдэг улс биш болохыг нотолж буй юм. Ийм ч үүднээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын цаг хугацааны хувьд давхцаж хийсэн айлчлалууд хоёр хөрш болоод гуравдагч хөрштэй харилцах харилцааг тэнцвэртэй харагдуулж чадаж байна.
-Царайчлах бус харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримтлах нь үнэ цэнтэй-
Муухайгаар хэлэхэд, гуйсан, царайчилсан байдлаа хаясан нь биднийг илүү үнэ цэнээ мэддэг, мэдэрдэг тоглогч болж харагдахад нөлөөлж байна. Ерөнхий сайдын зүгээс энэ байдалд “харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах” зарчим барьсан гэж харж болно. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрөгч оны зургаадугаар сард БНХАУ-д айлчлахдаа Монгол, Хятадын бизнесийн 50 байгууллага, компаниуд худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хүрээнд 3.1 тэрбум юань буюу 420 гаруй сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж хоёр орны хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсон явдал. Мөн БНСУ-тай харилцан визний хөнгөлөлт чөлөөлөлтийн шийдвэрт хүрч чадсан.
Мэдээж санамж бичиг, хэлэлцээрийн шатанд яригдсан асуудлууд өнөөдөр хэрэгжээд биеллээ олчих зүйл биш. Тодорхой цаг хугацаа шаардагдана. Том зургаар нь авч үзвэл, Ерөнхий сайдын айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд нь дараа дараагийн Засгийн газруудын хийж хэрэгжүүлэх ажлын суурийг тавьж өгч буй ач холбогдлыг тээж буй юм