Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАНДАРТЫГ компаниас, төрөөс, иргэдээс нэхэх цаг…

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 31 секунд

Энэхүү нийтлэлийн эхэнд амиа алдсан онцгой байдлын гурван алба хаагч, тэдний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье...

Толгойд бодогдож, төсөөлөлд бууж байгаагүй харамсалтай үйл явдалтай бид хоёр хоногийн өмнөхөн улаан нүүрээрээ туллаа. Хайрлаж явсан нэгнээ, мөр зэрэгцэн ажиллаж явсан хамтрагчаа, насаараа бий болгосон хөрөнгөө нэг шөнийн дотор алдчихна гэж хэний ой тойнд буух билээ. Яг үүний л буруутанг хайж, улсаараа шахуу хэдэн тийш талцав. Мэдээж хэнээс шалтгаалав гэдэг асуултын хариуг хууль хяналтын байгууллага нь тодорхой гэгч нь тун удахгүй гаргаад ирнэ. Харин бид ослын буруутанг хайж байгаа шигээ энэ асуудлын цаана хөндөгдөх ёстой гүн агуулга руу нь өнгийх нь чухал байна. Товчхондоо, энэ осол бидний үнэн "төрхийг" харууллаа. Стандартгүй "ширэнгэ" болсон гэх үнэнийг.

Онцгой байдлын алба хаагчид галын дуудлагаар очиход орц, гарцтай холбоотой асуудлаас шалтгаалж дотогш орж чаддаггүй, хугацаа алддаг зэрэг асуудлууд өнгөрсөн хугацаанд сөхөгдөж ирсэн. Яг энэ дүр зураг Дүнжингаравын уулзварт гарсан ослын үеэр ч бий болов. Галыг унтраахаар очсон онцгой байдлын тэрэг стандарт бус барилгын орц, гарцаас шалтгаалан хотхон руу нэвтэрч чадахгүйгээр, 60 айлын эд хөрөнгө тэр чигтээ сүйдэв. Тухайн нөхцөлд онцгой байдлынхан шаардлагатай арга хэмжээ авч ажилласан нь үнэн боловч нөгөө талдаа магадгүй тэнд өнөөх л стандарт бүхий орц гарц байсан бол хохирол одоогийнхоос бага байх байсан нь дамжиггүй.

Хоёрдугаарт, тээвэрлэлт тал дээр стандарт алдагдсан байх магадлалтай хэд хэдэн асуудлыг албаныхан хөндөж байна. Тухайлбал, 60 тонн газ тээвэрлэж явсан уу гэх асуудал. Дашваанжил компанийн зүгээс тээвэрлэлтийн хэмжээг буруу мэдээлсэн хэмээн мэдэгдэж, "дэлхийд ч байхгүй" тоо гэж онцлоод амжсан. Үүнээс харахад, аюулгүйн түвшнээс давсан буюу стандартаа бариагүй хэмжээний газ тээвэрлэж явсан уу гэх асуудал, асуулт урган гарч байна.

Гуравдугаарт, машин шүргэлцэх төдийд хий алдсан бол тэнд тээвэрлэлтийн тал дээр стандарт ярих шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, тухайн газаа зориулалтын, шаардлага хангахуйц тээврийн хэрэгслээр зөөвөрлөж явсан уу гэх асуудал. Шадар сайд С.Амарсайхан осолтой холбогдуулан хийсэн мэдээллийн үеэр "Газ хийг аюулгүй тээврийн зориулалттай машинаар тээвэрлэсэн эсэх асуудал хөндөгдөж байна" хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан энэ талын мэргэжилтнүүд ч ам нээж эхлээд байна. Ингэхдээ газыг буруу аргаар тээвэрлэсэн гэх асуудлынг хөндөж байна.

Энэ мэтчилэн стандартгүйн гор "Ширэнгэ" болсон хотод маань эхнээсээ нүүрлэсээр л байна. Санаж байгаа бол бид өнгөрсөн зуны үерийн дараахан ч стандарт гэдэг үгийг улс нийтээрээ шахуу амнаасаа унагаж байсан санагдана. Харин өнөөдөр бид 60 гаруй айл өрх, гурван алба хаагчийн амь нас эрсдсэний дараагаар өнөөх стандарт гэдэг үгээ санаж байна. Ослын шалтгаан нөхцлийг эцэслэсэн нарийн дүгнэлт хараахад гараагүй байгаа боловч эцсийн дүндээ стандарт гэдэг үгтэй л холбогдоод байгааг анхаарах цаг болсон. Төр засаг нь ч тэр, ААН байгууллагууд нь ч тэр хийж, хэрэгжүүлж буй бүхэндээ стандартаа мөрдөж ажилладаг болох хэрэгтэй байна. Хэзээ ч ирж мэдэх энэ мэт аюулын дараа дахиад стандарт гэдэг зүйлийг шаардаад зогсож байх уу гэдэг нь бидний одоо, яг одоо хийх үйлдлээс л хамаарах болохыг ойлгоод, ухаарчих хэрэгтэй байна, шат шатандаа.

С.Наранцогт: 2022 оны ашгаас иргэн нэг бүрд 120 мянга орчим, 2023 оны ашгаас 233 мянга орчим төгрөг буюу нийт 350 гаруй мянган төгрөг ногдох боломж бий
С.Наранцогт: 2022 оны ашгаас иргэн нэг бүрд 120 мянга орчим, 2023 оны ашгаас 233 мянга орчим төгрөг буюу нийт 350 гаруй мянган төгрөг ногдох боломж бий
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.