Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон ч “Топ хурд Дүнжингарав“ наадмыг 3 сарын 16-нд товлож, 3 насны хурдан морь уралдуулах гэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 34 секунд

Монголчууд бид эрт дээр үеэс л морио эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрласаар ирсэн. Тиймдээ ч эрийн гурван наадмыг хурдан морины уралдаангүйгээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ эрт үед морьдоо дээдэлж, хурдан морины уралдааныг өвөл, зунгүй зохион байгуулдаг байсан бол сүүлдээ "ТОМЧУУДЫН ТОГЛООМ" болсон гэхэд буруудахгүй. Түүнээс гадна үүний улмаас олон унаач хүүхэд мориноос унаж бэртэж, эрүүл мэнд, эцэстээ амь насаараа ч хохирох тохиолдол их гарч байсан тул унаач хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, тэднийг мориноос унаж бэртэх улмаар амь насаа алдах эрсдэлийг урьдчилан тооцоолж, өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл,

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, Засгийн Газрын 57-р тогтоол гарч, энэ үеэс эхлэн жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.

Гэвч морь сонирхогчид хийгээд уяачид тус тогтоолыг зөрчин нууцаар сунгаа, үсэргээ, хурдан морины уралдаан зохион байгуулдаг гэх мэдээлэл олон нийтийн дунд мэр сэр яригддаг ч үүнийг нотлох баримт байхгүй учир чимээгүй дарагдаад л өнгөрдөг байна.

Гэтэл цахим орчинд ирэх 3-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах нэр бүхий наадмын үеэр 3 насны хурдан морины уралдаан зохион байгуулагдах талаарх мэдээлэл цацагдав. Бүр морьдыг бүртгэж улмаар хурдан морины уралдаанд оролцох хүсэлтэй уяачид морио хөлслөөд ч амжиж.

Угтаа өвөл, хаврын улиралд энэхүү уралдаан нь хориотой болов ч ийнхүү хурдан морины уралдаан зохион байгуулж буй нь унаач хүүхдүүдийн эрх ашигт ч дахин халдаж буй хэрэг хэмээн олон нийт бухимдлаа илэрхийлсээр. Тиймээс бид энэхүү наадамд яагаад хурдан морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн талаар зохион байгуулагчаас тодруулахад,

"Хаврын эхэн сарын шинийн 14, 15-ныг Ерөөлийн өдөр хэмээн бэлэгшээдэг. Тиймээс "Топ хурд Дүнжингарав" наадмыг зохион байгуулна. Гэхдээ зөвхөн хурдан морины 3 нас уралдахгүй, харин өв соёлын наадам болно. Дээр нь манай уяачид Өвөрмонгол руу хурдан морины уралдаанд явж байна. Гэтэл бид монгол орондоо, монголын газар нутаг дээр байгаа шүү дээ. Өнгөрсөн жил бид энэ наадмаа амжилттай зохион байгуулсан. Мөн өнгөрөгч 4-р сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяачидтай уулзан өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглох тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж хэлээд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд уламжилсан. Гэвч өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй хэвээр байна. Тиймээс бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ жил энэхүү наадмаа зохион байгуулах гэж буйгаа мэдэгдэж "Өргөх бичиг" өгсөн. Энэ нь хүсэлт биш учир бидэнд хариу ирэх шаардлагагүй юм.

Хамгийн гол хүсэж буй зүйл нь цагаан сарын дараа гэхэд л хүйтний эрч эрс багасаж, дулаахан болж эхэлдэг. Тиймээс тогтоолд буй хугацааг л өөрчлүүлэх хүсэлтэй байгаа юм. Түүнээс биш миний хувьд ч гэсэн өвлийн хурдан морины уралдааныг эрс эсэргүүцдэг хүн. Харин хавар харьцангуй дулаахан. Гол нь хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд анхаарч, осол багатай л наадах хэрэгтэй.

Дээр нь морийг 12-оос дээш насныхан болон жижигхэн биетэй залуус ч унаж болно. Бид тийм шаардлага тавьж байгаа. Нэг ёсондоо 7, 8 настай хүүхдүүд 12 настай хүүхдүүд хоорондоо ялгаатай. Хэрэв хүсвэл жижигхэн биетэй хүмүүс ч морио унаад оролцож болно. Бид хамгийн гол нь хавар аюул багатай наадамлаж болдог гэдгийг үлгэрлэх гээд байгаа юм. Дээр нь уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг холбогдох газарт нь хүргэнэ" гэх тайлбарыг бидэнд өгөв.

Дээрх тодруулгад уяачид уламжлал болгон зохион байгуулагддаг хурдан морины уралдаанаа олон жил зохион байгуулагдаагүй тул мөн өнгөрсөн онд тогтоолыг зөрчин хурдан морины уралдаан зохион байгуулж байсан удаатай тул энэ удаа ч гэсэн зохион байгуулахад хүндрэлгүй гэх тайлбарыг өгчээ. Уг асуудлыг хуульд ёсчлон заагаагүй зөвхөн зөрчлийн хуулиар л торгоод өнгөрдөг болохоор энэ уралдааныг зохион байгуулах нь асуудал биш бололтой.

Гэтэл хамгийн чухал нь хурдан морины уралдааны үеэр мөн хөлсөлгөөний үеэр унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд дахин эрсэдвэл үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Эцэст нь буух эзэн, буцах хаяг бий юу, дахин балчир унаач хүүхдүүдээ харамсалтайгаар алдах вий гэх бухимдал ч иргэдийн дунд үүсэж байна.

Өдгөөгөөс хэдхэн жилийн өмнө нь аймаг орон нутаг хийгээд нийслэлд ч мөн өвөл, хаврын улиралд уламжлал болгон зохион байгуулагддаг хурдан морины уралдаан олон байсан ч үүнээс үүдэн олон унаач хүүхэд амь насаа алдаж байсан харамсалтай тоон мэдээллүүд бий. Тухайлбал,

  • 1996-2019 онд болсон хурдан морины уралдааны үеэр 35 орчим хүүхэд амь насаа алдсан
  • 2019 он, Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээний үеэр 10 настай хүүхэд мориноос унаж амиа алдсан
  • 2021 он, Төв аймгийн Аргалант суманд хурдан морь хөлсөлж байсан 12 настай унаач хүү мориноос унаж амиа алдсан
  • 2022 он, Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны сунгааны үеэр 14 настай унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан
  • 2022 он, Сүхбаатар аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 10 настай охин мориноос унаж амиа алдсан. Энэ бол томчуудын хайхрамжгүй бас буруутай үйлдлийн үр дүн.

Тиймдээ ч хүүхдийн амиар наадахыг иргэд төдийгүй эрх баригчид ч эсэргүүцэн Засгийн газрын 57-р тогтоолыг баталсан нь тодорхой. Гэтэл дээрх наадмын зар мэдээллийг харсан иргэд тогтоолын хэрэгжилт дууссан эсэх асуудлаар ам уралдан ярьцгааж буй.

Иймд бид Засгийн газрын 57-р тогтоол өнөөдөр хэрэгжиж буй эсэх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодруулахад,

"2019 оноос хойш Засгийн газрын 57-р тогтоолын хэрэгжилт үйлчилж байгаа. Тиймээс жил бүрийн 11-р сараас 5-р сар хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулах нь хориотой. Хэрэв уралдаан зохион байгуулбал, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мөн энэ хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх санамж бичгүүдийг аймаг, сумдын удирдлагуудад өгсөн. Түүнчлэн "Топ хурд Дүнжингарав" наадмын үеэр хурдан морь уралдахыг хориглож, холбогдох албан бичгийг хүргүүлсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

САНУУЛАХАД: Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулбал,

Зөрчлийн хууль 6.20.3 "Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Үүнээс үзэхэд өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хориотой боловч зөвхөн Зөрчлийн хуулиар л торгоод өнгөрдөг тул торгуулиа төлөөд ч хамаагүй хурдан морины уралдаан зохион байгуулах хүмүүс бишгүй бий гэдгийг харж болох юм. Гэвч хамгийн чухал зүйл бол унаач хүүхдийн эрүүл мэнд бас АМЬ НАС. Тиймээс томчууд бид ухамсартай байж, дахин хүүхдийн амиар наадахгүй байхыг, тогтоолын төслийг зөрчихгүй байхыг уриалъя.

Л.Мөнхжаргал: Манайх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн маршрутын дагуу, заасан цагт тээвэрлэлтээ хийсэн
Л.Мөнхжаргал: Манайх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн маршрутын дагуу, заасан цагт тээвэрлэлтээ хийсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.