Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг хоёрдугаар сарын 1, 2-нд зохион байгуулна. Энэ хүрээнд "Бүсчилсэн хөгжлийн чуулган 2024"-ийг бүс, бүсээр нь зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэг Удирдлагын академийн Б байранд болж байна.
Зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Манай улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаа говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэсэн зургаан бүсэд хувааж байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн тойргийг ч энэ зургаан бүсэд хуваахаар болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн бүсчлэлийг УИХ-ын сонгуулийн тойрогтой уялдуулсан юм.
Монгол Улсын газар нутгийг эдийн засгийн дараах зургаан бүсэд хуваасан.
1. Дорнод Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Бүсийн төв: Чойбалсан
2. Хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, палеонтлогийн аялал жуулчлалын бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
Бүсийн төв: Даланзадгад
3. Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай)
Бүсийн төв: Баянхонгор
4. Өрнөд Монголын эдийн засгийн хөгжлийн тэнхлэг, алтайн соёл, байгалийн нөөц, ногоон хөгжлийн бүс (Ховд, Баян-Өлгий, Увс)
Бүсийн төв: Ховд
5. Хангайн эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан)
Бүсийн төв: Улиастай → Шинэ нийслэл
6.Олон улсын шинжлэх ухаан, технологийн төв, тээврийн зангилаа, өндөр технологийн үйлдвэрлэл, үйлчилгээний бүс (Төв, Улаанбаатар)
Бүсийн төв: Улаанбаатар
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийг ирэх гуравдугаар сард УИХ-д өргөн барьж, батлуулна. 30 жил хэрэгжих тус үзэл баримтлалд иргэн, улс төрийн намууд, орон нутгийн удирдлагууд, бизнесийн төлөөллийн үгийг сонсож, саналыг нь тусгах юм. Тиймээс “Монголын хөгжлийн форум”-ыг бүс бүсээр зохион байгуулах бөгөөд зүүн бүсийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэж байна.
Ш.Ёл: Маш олон саналыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд оруулахаар өгсөн
/Дорнод аймгийн Засаг даргын орлогч/
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал буюу хэтийн хөгжлийн маш том бодлогын баримт бичгийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Ингэхдээ сонгуулийн тогтолцоотой мөн уялдуулсан бөгөөд цаашид бүсчилсэн хөгжлийн загвар биелэх боломжтой боллоо гэж харж байна. Манай зүүн бүс мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын нөөц боломжоороо бусад бүсээс ялгарах онцлогтой. Дорнод гэхэд хоёр улстай хиллэдэг, хамгийн олон боомттой аймаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд бүсийн хөгжлийн талаарх саналуудаа дунд болон урт хугацаанд төлөвлөж, эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилан тусгавал илүү бодит, зөв төлөвлөлт болж чадна. Үүгээр өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүн гарах болов уу гэж найдаж байгаа. Манай Дорнод аймаг бүсийн хөгжлийн тулгуур төв гэж явдаг. Сүхбаатарын Бичигт боомтоос Чойбалсан хот Эрээн цаваар дамжин Транс Сибирийн төмөр замтай холбогдон зүүн хойд Азийн тээвэр ложистикийн интеграцид орсноор бүс нутгийн эдийн засгийн том хөгжил ирэх боломжтой. Аливаа хөгжил эдийн засагт суурилдаг. Эдийн засгийн кластер дээр суурилсан бүс нутгийн хөгжлийн загвар хийгдэнэ гэсэн хүлээлт байгаа учраас Дорнод аймгийнхан нэлээд олон саналыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд оруулахаар өгөөд байна.
Г.Хэрлэнчулуун: Цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна
/Хэнтий аймгийн ИТХ-ын дарга/
-Сум, орон нутгийн хөгжил хувь хүн, гэр бүлээс эхэлдэг. Сумдын хөгжлөөс аймгийнх, аймгуудын хөгжлөөс улсын хөгжил тодорхойлогддог. Улсаа хөгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулах ёстой. Тиймээс бүсчилэн урьдчилсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаад хувийн зүгээс талархаж байна. Оны өмнө Хэнтийд мал аж ахуй аялал жуулчлалын эдийн засгийн форум зохион байгуулагдсан. Тус форумд Дорнод, Сүхбаатар аймгийн бүх удирдлага, холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөллүүдийг урьж оролцуулсан. Манай зүүн бүс аялал жуулчлалын маш олон давуу тал бий. Хэнтийд Чингис хааны түүхэн дурсгалт газрууд, Дорнодод Халх гол, Сүхбаатарт Шилийн богд, Алтан-Овоо байна. Энэ бүх давуу талаа цогцлоож цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгээс бүсчилэн хөгжихөд тулгамдаж буй асуудал, нөөц боломж, гарц гаргалгаа, цаашдаа хэрхэн хөгжих талаар орон нутагт амьдарч байгаа оролцогчид жижиг гэлтгүй олон гарц гаргалгааг гаргаж, Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгах болов уу гэсэн хүлээлттэй байна. Хэнтий аймаг нь 2013-2015 оны хувьд хүн ам буурч байсан бол 2016 онд шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, харьцангуй өсөж байна. 2020 оноос хойш нийгмийн баталгаат байдал болон дутагдалтай боловсон хүчинг нөөцөөр хангах бодлого баримталж ажиллаж байна. Хүний нөөцийн хувьд гурван аймаг нэгдэж, боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй гэж үзэж байна.
Д.Хосбаяр: Орон нутагт эрх мэдлийг нь давуу өгөөсэй гэж боддог
/Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга/
Хүмүүс янз бүрийн л бодолтой байна. Миний хувьд орон нутагт эрх мэдлийг нь давуу өгвөл хязгаар нутгууд хөгжих боломжтой гэж боддог. Сүхбаатар аймаг газар нутгийн хэмжээгээр улсдаа наймд ордог. Европын зарим улс, Өмнөд Солонгос, Сингапуртай харьцуулахад хэд дахин том газар нутагтай. Мал аж ахуй, ашигт малтмал, аялал жуулчлал гээд давуу тал ихтэй. Зэргэлдээ хошуунд хоёр настай мал 400-500 мянга хүрч байхад Сүхбаатарт 50-60 мянгаар борлуулдаг. Үнэндээ малчдыг буруутгах аргагүй. Малыг нь 500-600 мянгаар борлуулах боломж бий. Мэдээж, зах зээлийн зарчмаар махны үнэ өсөх нь гарцаагүй ч, зоригтой шинэчлэлт хийх шаардлага байгаа. Сүхбаатар хүрэн нүүрсний маш том нөөцтэй. Нөөцдөө түшиглэж, ямар ч том хэмжээний аж үйлдвэрийн парк байгуулж болно. Үүнд түшиглэж эрчим хүчний цахилгаан станц байгуулж, эрчим хүчээ экспортлох ч боломж бий гэж би хардаг. Түүнчлэн, тээвэр ложистикийн асуудлыг зоригтой шийдвэрлэх ёстой.
Сүхбаатар, Хэнтий, Дорнод өөрөө маш том бүс нутаг. Манайхаас их дээд сургуульд сурахаар явсан залуусын бараг 90 хувь нь ирдэггүй. 2.5 сая төгрөгийн цалин амласан ч ирдэггүй. Орон нутагт хөгжил байхгүй учраас тэр. Ирдэг болгохын тулд тэнд маш олон хөшүүрэг, хууль, хөнгөлөлт байх ёстой. Бүсчлэхээс илүүтэй, аймаг аймагт нь эрх мэдлийг нь өгөөд явсан бол амжилттай байх болов уу гэж би боддог юм. БНХАУ саяхан л хамгийн их ядууралтай улс байсан. Харин одоо эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын нэг болж чадсан. Энэ улсын хөгжил Шанхай, Бээжингээс эхлээгүй, хязгаар нутгаасаа эхэлсэн. Орон нутагт эрх мэдлийг өгснөөр өөр өөрсдийн боломж, нөөцдөө тулгуурлан хөгжсөн. Түүн шиг орон нутагт эрх мэдэл өгвөл Монголын хязгаар нутгуудад маш их боломж байгаа.