Засгийн газраас 2021 онд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Боомтын сэргэлт" чиглэлд төмөр замын ямар төслүүд хэрэгжсэн талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.
-Шинэ Сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Түүний дотроос боомтын сэргэлт чиглэлд ямар ажлууд хийгдэв гэдгийг олон нийт сонирхож байгаа байх. Ер нь өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд ямар ажлууд төлөвлөлтөд орсон бэ. Ажил хэр урагштай байна?
-Монгол Улс 1940 оноос хойш босоо чиглэлийн нэг төмөр замтайгаар 70 гаруй жил явлаа. Тухайлбал, хойноосоо Оросын хилээр Наушкигаар орж ирээд Сэлэнгийн Сүхбаатар өртөөгөөр дамжаад Дархан, Сэлэнгэ, Зүүнхараа, Улаанбаатар, Дорноговь гэсэн чиглэлээр Замын-Үүд, Эрээнтэй холбогддог байсан. Төмөр замын нэг гарцтай байсан гэсэн үг. УИХ-аас "Алсын хараа 2050" хөтөлбөр батлагдаж, Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг авч үзсэн. Тэр дундаа төмөр замын нэг гарцтай биш олон гарцтай байх тал дээр анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн шинэ гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Нэгдүгээрт, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам. Монгол Улс анх удаа нарийн царигийн хил холболтын төмөр замыг бүтээн байгуулж байна. Ажил дуусаж байгаа. Гол замын урт нь 7.1 км урттай. Нийт урт 19.3 км урттай нарийн царигийн төмөр зам. Суурь бүтцийн ажил буюу далан шороо, гүүр хоолойн ажил 100 хувь дууссан. Эрчим хүч, дохиолол холбоо, барилга байгууламж гээд нийт ажлыг авч үзвэл, 60 орчим хувьтай үргэлжилж байна. Ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Гол замаа хүлээж аваад ачаа эргэлт явагдахад Монгол талаасаа бэлэн болж байна гэж ойлгож болно.
Хоёрдугаарт, Бичигт Зүүнхатавч чиглэлийн хилийн холболтын төмөр зам. Гол замын урт 8.1 км. Нийт урт 25 км. Хилийн холболтын төмөр замын ТЭЗҮ-г Монголын төмөр зам ТӨХК хийж дууссан. Энэ оны дөрөвдүгээр сараас бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон. Бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэхүү төмөр зам нь хилээс гадна Бичигт-Хөөт-Чойбалсан гэсэн 426 км төмөр замын бүтээн байгуулалт явагдана. Цаашилбал Улаанбаатар төмөр замын Чойбалсан Эрээнцавтай холбогдож зүүн босоо чиглэлийн коридорын төмөр зам бий болох юм. Ингэснээр ОХУ, Монгол, БНХАУ гэсэн гурван улсын коридор хамгийн ойр гарцаар далайд гарах гарц нээгдэнэ гэсэн үг юм.
Гуравдугаарт, 2019 оноос хойш Монгол Улс Зүүнбаян Тавантолгой чиглэлийн хөндлөн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 267 км гол замын урттай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн билээ. Тэгвэл Гашуунсухайт Ганцмод хилийн холболтын төмөр замыг барих ажил явагдаж байна. Хоёр жилийн хугацаанд барилгын ажил явагдана. Ийнхүү хил холбогдоно. Гол замын бүтээн байгуулалтууд явагдаад дууссан болохыг та бүхэн мэдэж байгаа байх.
Дөрөвдүгээрт, Зүүнбаян-Ханги чиглэлийн 222 км төмөр зам баригдсан. Одоо Ханги-Мандал чиглэлийн хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, хэлэлцээрийн ажил явагдаж байна. Ингэснээр Монгол Улс зүүн талдаа Бичигт-Зүүнхатавч, Эрээн-Замын-Үүд, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ гэсэн дөрвөн шинэ хилийн боомтын төмөр замыг барьж байгуулж, таван гарцаар БНХАУ-тай холбогдох нөхцөл бүрдэж буй юм. Энэ нь ЗГ-ын Шинэ сэргэлтийн бодлого тэр дундаа Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улс төмөр замын нэг биш таван гарцтай болох боломж бүрдэж байна гэсэн үг.
-Эдгээр төмөр замын төслүүд дээр БНХАУ-ын талаас ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ. Хил холболтын цэгүүд дээр тохиролцоонд хүрч амжсан байгаа юу?
-Засгийн газрын 2022 оны 444 дугаар тогтоолоор хил холболтын хэлэлцээ хийх эрхийг ГХЯ болон ЗТХЯ, Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Бид БНХАУ-тай Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, төмөр замын корпорациуд, Монгол Улс талаас ЭЗХЯ зэрэг оролцож хэлэлцээ үргэлжилж байна. 2023 оны 8 сард хилийн хэлэлцээрийн протоколд гарын үсгээ зурсан. Энэ хэлэлцээрээр сая дурдсан дөрвөн төмөр замын хилийн холболтын цэгээ тохиролцохоор ажиллаж байна. Одоо төмөр замын хил холболтын хэлэлцээрүүд явагдаж байгаа гэж ойлгож болно. Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа хилийн холболтын асуудлуудыг хөндсөн байдаг. Үүнтэй холбогдуулаад хоёр улсын төмөр замын байгууллагууд болоод Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой ГХЯ-аар дамжуулаад хэлэлцээ хийхээр ажиллаж байгаа.
-Хэлэлцээ үргэлжилж байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. 2023 оны долоодугаар сарын протоколоор БНХАУ-ын талаас Бичигт-Зүүнхатавч болон Шивээхүрэн Сэхэ боомтын ажлуудыг нэлээн явуулж, хил рүүгээ ойртуул гэдэг шаардлагыг тавьж байгаа. Дараагаар Хятад талаас Монгол руу холбох зүйлээ ярина гэдэг. Өөрөөр хэлбэл, бид өөрсдөөсөө шалтгаалах ажлуудаа хийчихэж байна гэсэн үг.
-Экспортын дөрвөн шинэ гарцыг нээснээр жилд 100 сая ба түүнээс дээш тонн ачаа бараа, бүтээгдэхүүний эргэлт бий болно-
-Таны сая дурдсан дөрвөн төмөр замын төслүүдээс хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн нь аль нь вэ?
-Төлөвлөгөөгөөр Шивээхүрэн Сэхэ чиглэлийн хилийн холболтын төмөр зам энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Гашуунсухайт Ханги чиглэлийн төмөр замын ажлууд хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ. Хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бичигт-Зүүнхатавч чиглэлийн хилийн холболтын төмөр замын ажил мөн дөрөвдүгээр сард эхэлнэ. Өмнө бид төмөр замыг голоосоо хил тал руугаа барьдаг байсан бол одоо хил талаасаа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлье гэж байгаа юм. 2023 онд Засгийн газрын 300 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор Сайншанд-Баруун-урт-Хөөт чиглэлийн 393 км хөндлөн чиглэлийн төмөр замыг Зүүнбаянгаас Баруун-Урт, Хөөттэй холбож Бичигт боомттой, хойшоо ОХУ-тай Эрээнцаваар холбох ажил явагдахаар Концесс нь зарлагдаад явж байгаа.
-Санхүүжилтийн асуудлыг бүгдийг нь Концессоор шийдсэн үү?
-Тийм ээ. Шивээхүрэн Сэхэ боомтын хувьд 6 жилийн хугацаатай. Хувийн ААН-үүд хөрөнгөө гаргаад төмөр замаа бариад 6 жилийн дотор Монголын төмөр замд 100 хувь шилжүүлж өгөхөөр байгаа. Ингэхдээ "Шивээхүрэн төмөр зам" компани байгуулагдсан. Тус компанийн 51 хувь буюу төр талын 51 хувийн хувьцааг Монголын төмөр зам ТӨХК эзэмшиж байгаа. Хувийн оролцоо талаас 49 хувийг нь эзэмшиж байгаа. Төр, хувийн хэвшлийн хамтарсан төмөр замаар бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа хүлээн авах юм.
-Таны хэлснээр бид нэг биш экспортын таван гарцтай болох боломж бүрдэх юм байна. Тэгвэл үр өгөөжийг нь бид хэрхэн яаж бас нөгөө талдаа хэр хугацаанд хүртэж эхлэх боломжтой гэж харж байна вэ. Хүчин чадлын тухайд та мэдээлэл өгөөч?
-Одоогийн нөхцөлд бид Эрээн-Замын-Үүд боомтоор 40 сая гаруй тонны ачаа барааг нэвтрүүлж байна. Цаашлаад энэ дөрвөн төмөр замын боомт ашиглалтад орсноор нэг боомтоор жилд багадаа 10-15 сая, 25 сая тонн хүртэлх ачаа барааг экспортлох боломжтой болж байгаа юм. Хэрвээ бид нэг биш таван боомтоор урд хөрш рүүгээ экспортын бараа бүтээгдэхүүнээ гаргахад 100 сая ба түүнээс дээш тонны ачаа эргэлт явагдана гэж ойлгож болно. Мэдээж хэрэг эхний жилдээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй. 2,3,4 дэх жилээсээ л жигдэрнэ. Зүтгүүр хөдөлгүүр нь жигдэрнэ. Мэдээж экспорт хийгдэж байгаа учраас эргээгээд манай улсын вальютын урсгал нэмэгдэх юм. Энэ өөрөө Монгол Улсын эдийн засаг болон төсөвт өндөр хувь нэмэртэй. Цаашилбал ДНБ одоогоор 5 мянга орчим байгаа бол ирээдүйд 10 мянгад хүрэх зорилт руу хүрэхэд ойрхон байна.
-Ирэх арван жилд төмөр замын бүтээн байгуулалт тасралтгүй өрнөнө-
-Ердөө хоёр жилийн хугацаа гэхэд томоохон төмөр замын төслүүд дээр ажиллаж байна. Энэ хэрээрээ томоохон сорилтуудтай тулгарч байгаа болов уу гэж харж байна?
-Цар тахлын нөхцөл байдал монголчууд тэр дундаа төмөр замын салбарт дэвшил авч ирсэн. Учир нь цар тахлын үед бүх улс хилээ хаасан. Тухайн үед Монгол Улс ганцаараа Зүүнбаян Тавантолгой болон Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн төмөр зам гээд нийт 1000 орчим км төмөр замыг дотоодын ААН-үүдийнхээ хүчээр бүтээн байгуулж чадсан. Өмнө гаднын ажиллах хүчнүүд орж ирдэг байсан. Энэ нь дотоодын ажиллах хүчийн зах зээлийг булаадаг байсан гэсэн үг. Энэ 1000 км төмөр замыг дотоодын инженер, техникийн ажилчид, тоног төхөөрөмж ашиглан барьсан. Тодорхой хэмжээнд 416 км төмөр зам бага өртгөөр, аж ахуйн шинжтэйгээр барьсан. Бид бусад төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна гэдгийг харсан. Гол асуудал нь хөрөнгө оруулалтын асуудал юм билээ.
-Ярилцлагын эхэнд хоёулаа Шинэ сэргэлтийн бодлого тэр дундаа Боомтын сэргэлт чиглэлд ямар ажлууд төлөвлөгдсөн талаар ярилцаж байсан. Тэгвэл энэ төслүүдийг урагшлуулахад бид хэр ажиллав гэдэгт дүгнэлт өгвөл?
-Нэгдүгээрт, уул уурхай дагасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдүүд эргэлтэд орно. Хаана ачаа бараа байна, уул уурхайн бүтээгдэхүүн байна. Түүнийг дагаж төмөр замын трасс зурагддаг. Хоёрдугаарт, тухай ачаа барааг тээвэрлэснээр эдийн засагт үр өгөөжөө өгдөг ёстой. Монгол Улс нэгхэн төмөр замын гарцтай 70 гаруй жил явсан бол Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 1 мянга орчим төмөр замыг бариад байна. Үргэлжлүүлээд ирэх онуудад зүүн босоо болон баруун босоо тэнхлэгийн төмөр зам, хөндлөн тэнхлэгийн 2300 орчим төмөр замын ажил явагдах гэж байна. Мөн дөрвөн хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Дотоодын ААН-үүд оролцоно. Чадавхжина. Энэ хэрээр туслан гүйцэтгэгч компаниудаар олон ААН цаашилбал малчин айл хүртэл оролцоно. Трассын бүтээн байгуулалт дамжсан орлогыг бий болгож дэмжинэ. Том зургаар нь авч үзвэл, Монгол Улс төмөр замын олон хилийн гарцтай болно гэдэг бол уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хурдан эргэлтэд оруулж, вальютын урсгалыг нэмэгдүүлэх улмаар ДНБ өсөхөд хувь нэмрээ оруулах юм. Мөн зөвхөн ОХУ биш Жинжөү боомтоор дамжаад бусад улсууд руу гарах давуу талтай юм. Ирэх арван жилд төмөр замын бүтээн байгуулалт тасралтгүй өрнөнө. Түүнийг дагаад түр болон байнгын ажлын байр бий болно. Тиймээс төмөр зам чиглэлд үр хүүхдээ сургавал ирээдүйд зах зээл, ажлын байр энэ салбарт байна шүү гэдгийг эцэг, эхчүүдэд хэлмээр байгаа юм
Ярилцсанд баярлалаа.