Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Энэ жил цагаан идээний үнэ 5-7 мянган төгрөгөөр НЭМЭГДСЭН бол ууцны үнэ 100 мянган төгрөгөөр БУУРЧЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 27 секунд

Шинэ он гарч нэгдүгээр сар хэдийн дундаа оржээ. Тун удахгүй хаврын тэргүүн сар эхэлж Монгол түмэн "ЛУУ" жилээ угтан авч, айл хотлоороо цуглан ахмад буурлуудаасаа үнэтэй сургаалаа сонсож, монгол ардын тоглоом наадгайгаараа тоглодог эртний ёст баяр тохиох гэж байна.

Нийслэлийн томоохон худалдааны төвүүд хүний хөлд дарагдаж эхэлжээ. Тиймээс UBN.mn сайт Баянзүрх дүүргийн "Шинэ 100 айл" худалдааны төвийн "Амар байна уу" цагаан сарын үзэсгэлэн худалдаан дээр очиж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, худалдан авалт ямар түвшинд байгааг сурвалжиллаа.

"Сар шинийн баяраар Монголчуудын худалдан авалтын эргэлт 1,3 их наяд төгрөгт хүрдэг. Үүний 70 хувь нь ГАДАГШ эргэлттэй"

Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн төсөл хөтөлбөр инновацын мэргэжилтэн М.Мөнхжаргал:

" Энэхүү үзэсгэлэн худалдаа нь 2 дах жилдээ зохион байгуулагдаж байна. Нийслэлийн засаг даргын санаачилгаар Нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцдог. Өнгөрсөн жил цагаан сарыг угтаж нэгдүгээр сарын 10-наас эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилж байсан. Энэ жил ч мөн ялгаагүй нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9-ныг хүртэл 10:00 цагаас 21:00 цаг хүртэл ажиллана. Сар шинийн баярын үеэр Монголчууд 1,3 их наяд төгрөгийг зарцуулдаг. Үүний 70 гаруй хувь нь гадагшаа урсгалтай буюу гадаадаас бараа бүтээгдэхүүн авхад зарцуулдаг байна. Тиймээс валютын урсгалыг дотооддоо эргэлдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой юм.

Өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм.

Урьдчилсан байдлаар 21 аймгийн 1500 гаруй ЖДҮ эрхлэгчид хамрагдаж байгаа гэх тооцоолол байна. Бид худалдаа эрхлэгчдээс ямар ч түрээсийн төлбөр авахгүй. Харин энгийн үеэс илүү хямд үнэтэй байх шаардлагыг бид тавьж байна" гэв.

Бид үргэлжлүүлэн худалдаа эрхлэгчдээс иргэдийн худалдан авах чадвар, үнийн мэдээллийн талаар асуулаа.

"Цагаан идээний үнэ 5-7 мянган төгрөгөөр НЭМЭГДСЭН"

Баянхонгор аймгийн худалдаа эрхлэгч Д.Цэцэнхуяг

Баянхонгор аймгийн худалдаа эрхлэгч Д.Цэцэнхуяг: "Би энэхүү үзэсгэлэн худалдаанд 3 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил иргэдийн худалдан авалт маш сайн байна гэж дүгнэсэн. Энэ жил бүр ч сайн байна гэж ажиглагдаж байна. Энэ удаа цагаан идээ болон сар шинийн баярт зориулсан 28 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үнийн хувьд өнгөрсөн жилээс 5-7 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Сүүлийн хэд хоног цахим сүлжээгээр цагаан идээ маш үнэтэй байна гэх шүүмжлэл байсан. Тэр үнэтэй ааруул нь Баянхонгор аймгийн Бууцагаанын "Тэмээн тавхайн" гэх нэртэй ааруул байх. Зарим хүмүүс малчдын хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Учир зүггүй цахим орчинд "ҮНЭТЭЙ" байна гэж орилж болохгүй. Өнөө цагт нэг боодол өвс, хивэг ямар үнэтэй байгаа билээ. Энэ бүгдтэй дүйцүүлж байж аливааг шүүмжлэх хэрэгтэй. "Тэмээн тавхай" нэртэй ааруул нь угаасаа их үнэтэй байдаг. Тэрийгээ дагаад их гоё амттай, тос нь ялгарч, шаргалтаж харагддаг" гэв.

"Өнгөрсөн жил УУЦНЫ үнэ 350 мянгаас эхэлж байсан бол энэ жил 250 мянгаас эхэлж байна"

Булган аймгийн худалдаа эрхлэгч Д.Амарсайхан

Булган аймгийн худалдаа эрхлэгч Д.Амарсайхан: " Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд Айраг болон ууц, сүү цагаан идээтэй оролцож байна. Өнгөрсөн жилийн худалдан авалт маш сайн байсан. Энэ жил ямар байхыг сайн мэдэхгүй байна. Ууцны үнэ 250 мянгаас 550 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Өнгөрсөн жил 350 мянгаас эхэлж байсан. Малчид бид жилд нэг удаа малынхаа ашиг шимийг хүртэх боломж олдож байгаа тул нийслэлийн иргэд худалдаж авч байгаа нь сайн хэрэг" гэв.

Сэлэнгэ аймгийн худалдаа эрхлэгч Л.Нямбаяр: "Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын зөгийн аж ахуй эрхлэгч. Энэхүү үзэсгэлэн худалдаанд 2 дах жилдээ оролцож байна. Байгалийн цэцгийн бал 30-35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Манай зөгийн балын хувьд өнгөрсөн жилийн үнээсээ огт нэмэгдээгүй. Өнгөрсөн жилийн худалдан авалт маш сайн байсан. Энэ жил ч ялгаагүй байна байх. Учир нь 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнүүд оролцож байгаа учир өргөн цар хүрээтэй үзэсгэлэн худалдаа болж байна" гэв.

"URAN'S BRAND" Монголын өв соёлыг залуучуудад түгээхийн тулд үсний гэр , бүс зэргийг орчин үеийн загвартай уялдуулан үйлдвэрлэж байна"

"URAN'S BRAND" ийн үүсгэн байгуулагч О.Золзаяа: "Манайх анх 2018 онд нээгдсэн. Зөвхөн онлайнаар бараагаа борлуулдаг. "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа болсноор худалдан авагч нарт илүү ойртох боломжийг олгож байна. Анх зөвхөн байгалийн чулуун эдлэлээр гоёл чимэглэл хийдэг байсан бол одоо зах, бүс зэргийг урладаг болсон. Сүүлийн үеийн залуучууд дээл өмсөхөө больсон тул ямар ч хувцсан дээр зохицох дээлийн зах, үсний гэрийг олон төрлөөр нь хийж байна" гэв.

Архангай аймгийн Чулуут сумын худалдаа эрхлэгч М. Даваажаргал: Би 8 дах жилдээ цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Цагаан идээний үнэ 5 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Учир нь гэвэл энэ жил их зудтай, бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдсэн. Жишээ нь элсэн чихэр их үнэтэй болсон. Мөн орон нутгаас нийслэл рүү ирхэд замын зардал гээд бүх зүйл нэмэгдсэн" гэв.

Ташрамд дурдхад энэ жил үзэсгэлэнд оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн тул өнгөрсөн жилийн борлуулалтын дүнг хоёр дахин нэмэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа аж. Мөн оролцогчдоос талбайн түрээс болон гадна зогсоолын төлбөр авдаггүй учир хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагыг тавьж буй.

“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна
“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.