Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилт, соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт” аяныг зохион байгуулж байна.
“Соёлын сэргэлт” аян нь Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сум, 15 тосгонд 5,6,8,10-р саруудад зохион байгуулагдах бөгөөд соёлын төвүүдийг байнгын соёлын үйлчилгээтэй байлгах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мөн энэ нь зөвхөн соёл урлагийн тоглолтоор хязгаарлагдахгүй, соёлын өвийг хамгаалах, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа соёл урлагийн байгууллагууд олон нийтэд танилцуулах бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллага, соёл урлагийн ажилтан, албан хаагчид оролцож, иргэд олон нийтэд чиглэсэн соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.
“Соёлын сэргэлт” аяны нээлт өнөөдөр Төв аймгийн “Монгол туургатан” театрт болсон бөгөөд Соёлын сайд Ч.Номин, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж нээлээ.
“Соёлын сэргэлт” аяныг нээж Соёлын сайд Ч.Номин:
“Эрхэм хүндэт соён гэгээрүүлэгчид ээ!
Эрхэм хүндэт соёлын салбарын уран бүтээлчид, өв тээгчид, бүтээлч үйлдвэрлэгчид ээ,
Дэлхийн соёл иргэншлийн томоохон хэсгийг тээж, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь Монголчууд бидний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн билээ!
Нэгдмэл үнэт зүйлтэй байж, соёл уламжлалаараа нэгэн цул байх төрт ёсны энэхүү бодлого өнөө цагт улам бүрэлдэн бэхжиж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого шийдвэрт соёлын асуудал гүн гүнзгий тусгагдаж, улмаар эх хэл, эх түүх, соёлын өвийг нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар, дархлаатай үндэстэн улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хурдацтай урагшилж байна.
Үндэсний тулгуур болсон соёлын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар 2020 онд түүхэн шийдвэр гаргаж, Соёлын яамыг 20 гаруй жилийн дараа бие даан байгуулсан билээ. Соёлын бодлого тасарч болзошгүй өнгөрсөн он жилүүдэд соёлын салбарынхан Та бүхэн өөрсдийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ салбарынхаа галыг манаж ирсний хүчинд Монголчууд бидний хамгийн том нэгдмэл үнэт зүйл нь соёлын нэгдмэл үнэт зүйл хэвээр байгаа төдийгүй та бүхний бий болгосон соёлын хөрсөн дээр орчин цагийн соёлын бодлогыг дахин тодорхойлоход дөхөм байгааг илэрхийлж, гүн талархал илэрхийлье. Та бүхэндээ баярлалаа.
Эрхэм хүндэт соёлын салбарынхаан!
Монгол Улсын Соёлын яам нь бусад Төрийн байгууллагатай харьцуулахад тун бага хугацаанд ажиллаж байгаа ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль эрх зүйн орчны бүрэн шинэчлэл хийж, дэлхий дахины соёлын бодлоготой уялдсан, өөрсдийн соёлын онцлогийг илтгэсэн бодлогоо тодорхойлж чадлаа.
Бид өнгөрсөн хугацаанд салбарын Үндсэн хууль болох Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай болон анхдагч хуулиуд болох Музейн тухай, Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогц бодлого нь дэлхий нийтийн соёлын бодлоготой гүн уялдсан төдийгүй соёлын салбар нь зөвхөн улс орны оюун санааны төдийгүй эдийн засгийн амин чухал салбар гэдгийг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа бодлого юм.
Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн хугацаанд соёлын салбарын үүрэг, цар хүрээг зөвхөн соёл урлагийн арга хэмжээ гэсэн ойлголтоос бүрэн ангижруулж, соёл нь улс орны тусгаар тогтнолын хүчин зүйл төдийгүй оюун санаа, эдийн засгийн хувьд нэн чухал, бие даасан салбар гэдгийг хууль эрх зүйн орчны хүрээнд бүрэн бататгаж чадлаа.
Улмаар өнөөдөр Та бид цуглаж, өөр өөрсдийнхөө мэдлэг боловсрол, оюун санааг дээшлүүлэхийн зэрэгцээ, улс орон даяар соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг улам бэхжүүлэхийн төлөө Соёлын сэргэлтийг улс орон даяар эхлүүлж байгаа нь энэ билээ.
Соёл урлагийн салбарын нийт ажилтан, албан хаагчид аа,
Өнгөрсөн хугацаанд Төрийн захиргааны төв байгууллагагүйн улмаас соёлын ажилтан нь аливаа яамны хавсарга бодлогод орж, цалин хангамж, нийгмийн баталгаа нь Төрийн бодлогын гадна орхигдож ирсэн нь гашуун үнэн юм. Улмаар 20 гаруй жилийн хугацаанд хурсан асуудлаас үүдэн Та бүхний нийгмийн баталгаа, цалин хангамжийн асуудал өнөө цагт хурцаар яригдаж буй нь зүй ёсны асуудал гэдгийг Соёлын яам хүлээн зөвшөөрч, цалин хангамжийг нэмэгдүүлэхэд Төр засгийн холбогдох байгууллагуудтай бүхий л талаар хамтран ажиллаж байна.
Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн соёлын ажилтны нийгмийн хангамжийг дээшлүүлэх асуудалд анхаарч ажилласан бөгөөд Та бүхний нийгмийн баталгаа, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлыг Соёлын тухай хууль болон салбарын бусад хуульд тусгаж чадсан нь хууль эрх зүйн орчны хувьд гарсан томоохон шинэчлэл байлаа. Улмаар Монгол Улсын Соёлын яам нь соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгаатай холбогдох хуулийн хэрэгжилтийг ойрын хугацаанд хангах шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.
Мөн бид соёлын салбарын нийт ажилтан, албан хаагчдын цалин хангамжийг цалингийн төсвөөс бусад эх үүсвэрээс нэмэгдүүлэхийн тулд үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоо, соёлын хүртээмжтэй уялдсан урамшуулал, давсан орлогын буцаан олголт зэрэг Та бүхний хичээл зүтгэлийг бодитоор үнэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа нь ойрын хугацаанд бодитоор мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт соёлын салбарын уран бүтээлчид, өв тээгчид, бүтээлч үйлдвэрлэгчид ээ,
Улс орныхоо баялаг соёл, нэгдмэл байдлыг бүхий л асуудлаас урьтал болгож, өргөн хүрээнд харж, хүн ардаа соён гэгээрүүлж байгаа Та бүхэнд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийд хосгүй соёлын өвөө түгээх үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.
Монгол соёл бол улс орны оюун санааны дархлаа төдийгүй хүн төрөлхтний соёлын үнэт өвийн чухал хэсэг билээ.
“Соёлын сэргэлт-2023” арга хэмжээ нээснийг мэдэгдэж, та бүхэнд талархал дэвшүүлье” гэлээ.
Мөн тэрбээр "Энэ ташрамд, Төв аймгийнхандаа түүхт зуун жилийн ой нь тохиож буйд баяр хүргэе. Төв аймгаас төрөн гарсан уран бүтээлчид, бичгийн мэргэд, яруу найрагчид, өв тээгчид маань Монгол Улсын XX зууны соёлын хөгжилтэй салшгүй холбоотой, гавьяа, зүтгэлтэй гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.
Түүнчлэн Төв аймаг түүх, соёлын дурсгалт өв, соёлын биет болоод биет бус өвийн баялаг сан, түүхтэй. Тэр ч утгаараа Монгол Улсын Соёлын яамнаас Археологи, угсаатны зүйн Үндэсний хэмжээний соёлын өвийн хамгийн том бүтээн байгуулалтыг Төв аймагт эхлүүлсэн.
Энэхүү бүтээн байгуулалтыг дагаад Төв аймгийн төдийгүй улс даяар соёлын хүртээмж, соёлын өвийн ойлголт, цар хүрээ нэмэгдэхийн адил өнөөдөр эхэлж буй Соёлын сэргэлт аян улс даяар амжилттай өрнөнө гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэнд баярлалаа” гэлээ.