Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж буй. Энэ үеэрээ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт ажиллаж, малчдын санаа бодлыг сонслоо. Малчид өвс тэжээл үнэтэй байгаа тухай болон малын түүхий эд үнэгүйдсэн талаар, түлш шатахууны хангалт, нийлүүлэлт хомс байгаагийн улмаас отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгааг хэлж байна.
Донгой багийн хувьд энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа тул бусад багууд болон зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх эрсдэлийн шалтгаан болж буй аж.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад байгаа энэ цаг үед малчид, иргэд, орон нутгийн удирдлагууд маань харилцан ойлголцож, дэм дэмэндээ өвлийг өнтэй давах учиртай. Бэлчээрийн даацтай холбоотойгоор отор нүүдлийн маргаан дагуулдаг учраас үүнийг эртнээс анхааруулж, судалгаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтаа сайтар хангах тухай Улсын онцгой комиссоос аймаг орон нутгуудад албан даалгавар хүргүүлсэн ч газар дээрээ хангалтгүй байна" гэлээ.
Мөн "2024 оны хавраас анх удаа сарлагийн хөөврийн урамшууллыг кг тутамд 10 мянган төгрөгөөр тооцож олгох болсон нь сарлаг ихтэй Өндөр-Улаан сумын малчдад томоохон дэмжлэг болно хэмээн үзэж байна" гэсэн юм.