Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах чиглэлээр Нийслэлээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр,
“Хот хөдөөгийн хөгжил хамт байж хотын төвлөрөл, түгжрэлийг сааруулах боломжтой гэж үзсэн. Энэ хүрээнд дагуул хотыг бий болгох нь зүйтэй. Ингэхийн тулд Толгойт, Баянхошуу, Дэнжийн мянга, Сэлбэ, Шархад, Дамбадаржаа гэсэн зургаан дэд бүтцийг байгуулах ажлыг эхний ээлжинд зохион байгуулж байна. Эдгээр дэд бүтцийг түшиглэж хотын төлөвлөгөөг хийх юм.
Эхний ээлжид Сэлбэ, Баянхошуу орчмын дэд бүтцийг ашигласан микрорайоныг байгуулах ажлыг эхлүүлнэ. Иргэдтэй зөвшилцөж, Сэлбэ орчмын 2000 гаруй айлын газрыг чөлөөлснөөр 12 мянган айлыг орон сууцаар хангаж, дараагийн газрыг чөлөөлөх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хамгийн чухал нь орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг байгуулж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангах эрхзүйн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна” гэлээ.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөллүүд оролцож, орон нутгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан “Дархан-Уул аймаг газарзүйн байршил, тээвэр логистик, дэд бүтцийн хувьд Улаанбаатар хотын ачааллаас хуваалцах боломжтой. Мэдээж иргэн, гэр бүл, ААН-үүд шийдвэр гаргаад орон нутагт шилжин суурьшихад хамгийн чухал нь ажлын байр, орон сууц юм. Уг бодлогын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ 10 мянган айлын “Залуус-1,2” хорооллын төслийг эхлүүлж, дэд бүтцийн ажлыг явуулж байна. Удахгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хямд үнэтэй барилгыг барина. Орон нутаг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд татварын таатай орчин, төрөөс үзүүлэх дэмжлэгийн дагуу энэхүү ажлуудыг гүйцэтгэнэ” гэсэн юм.