Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программ шинэчлэл хийгдсэнтэй буюу гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн давтамжийг бүртгэдэг болсонтой холбоотойгоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодрууллаа.
-Он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад хичнээн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ. Үүнээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хэдэн хувийг эзэлж байна?
-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 28.625 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 9.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс энэ хугацаанд 1261 тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 8478 тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэж, бусад тохиолдлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг эрх зүйн актыг баримтлан хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хороо, сумын хамтарсан багийн хяналтад өгөх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зарим шаардлагатай иргэдийг архины сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах санал хүргүүлэх зэргээр хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж байна.
Харамсалтай нь статистик мэдээллээс харахад бүртгэгдсэн 2 хэрэг тутмын нэг нь архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий нэгнийхээ бие, эрх чөлөөнд халдасан байна.
-Сүүлийн үед Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэл хүлээн авдаг ECS программд шинэчлэлт хийгдсэн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ программын талаар мэдээлэл өгвөл?
-Цагдаагийн байгууллага НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд дуудлага, мэдээллийн “ECS” систем болон бусад мэдээллийн санг шинэчлэх ажлыг үе шаттай хийсээр ирсэн. Энэ удаад иргэний регистрийн дугаарыг дуудлага, мэдээлэл дээр газар дээр нь очиж ажилладаг эргүүлийн цагдаагийн алба хаагч, түүнд хяналт тавьдаг дарга, ахлахуудын ашигладаг албаны таблет төхөөрөмж, компьютерт нь шууд холбож өгснөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн өмнөх түүх, дуудлага, мэдээллийн давтамж, хүчирхийлэл үйлдэгч, хохирогч, тэдний гэр бүлийн боломжит бүхий л хувийн болон хэрэг, зөрчлийн мэдээллийг ганц хоёрхон сонголтоор дарж гаргаж ирэх боломжтой болсноороо онцлог юм.
Замын цагдаагийн алба хаагч нар тээврийн хэрэгслийг зогсоож регистрийн дугаарыг нь асууж таблетаар шүүгээд өмнө нь арга хэмжээ авагдаж байсан эсэх, жолооны үнэмлэх нь хүчинтэй эсэхийг газар дээр нь шалгадаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн.
Яг үүнтэй ижил Монгол Улсын ямар ч иргэний регистрийн дугаараар тухайн иргэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх, шүүхээр ял шийтгүүлээгүй ч Цагдаагийн байгууллагад дуудагдаж, шалгагдаж гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэж тухайн асуудал нь хаагдаж байсан эсэхийг тэр байтугай тухайн иргэн галт зэвсэг эзэмшдэг эсэхийг бүхий л мэдээллийг нэг дор авах боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Мөн энэхүү программыг хувийн сонирхлоор ашиглаж болзошгүй гэх шүүмжлэл ирж магадгүй. Тэгвэл ЦЕГ-ын кибер аюулгүй байдал, программ хангамжийн хяналт хариуцсан алба хаагчид дуудлага, мэдээллийн “ECS” программын аюулгүй байдалд байнгын хяналт тавих зохион байгуулалтын арга хэмжээ авч чадсан.
-Тэгэхээр хувь хүний нууцад өөр хэн нэгэн халдах боломжгүй гэсэн үг юм байна?
-“ECS” программд нэвтэрсэн тохиолдол бүрд “Лог” буюу хэн, хэзээ, хаанаас хэрхэн яаж нэвтэрсэн, ямар мэдээллийг шүүсэн гэх мэт бүх мэдээлэл давхар бүртгэгдэж байдаг. Энэ нь иргэний мэдээллийг хувийн зорилгод ашиглах ямар нэгэн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг юм.
-Ямар зорилгоор “ECS” программд шинэчлэл хийсэн юм бэ?
-“ECS” программын шинэчлэлийн хамгийн чухал ач холбогдол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн регистрийн дугаараар шууд мэдээлэл авдаг болсон ба энэ нь Монгол гэр бүл, тухайн гэр бүл дотор байгаа хүүхдийн дахин, дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бууруулах, цагдаагийн алба хаагчаас богино хугацаанд оновчтой зөв шийдвэр гаргах, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд ямар нэгэн шийтгэлгүй өнгөрөх явдлаас сэргийлэх, хууль зөрчсөн үйлдэл бүрийг мэдээллийн санд бүрэн гүйцэд бүртгэж, хариуцлага заавал байх хуулийн зарчмыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн амар тайван аюулгүй байдлын төлөө хийгдсэн ажил юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд болон хардах сэрдэх донтой энэ нь хүндэрч хүчирхийлэлд шилжиж байгаа иргэддээ хандаж хэлэхэд таны үйлдэл бүр бүртгэгдэж та цаашид хуулийн хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болсон гэдгийг үүгээр илэрхийлж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.