1980-аад онд бөөс гэдэг амьтан бараг л хүн болгоны асуудал болж байсан нь үнэн. "Бөөс гэх амьтныг бид мартаад удаж байна. Одоо цагт ийм зүйл байдаг хэрэг үү" гэх иргэдийн хариу үйлдэл... Гэвч бодит байдал дээр энэхүү халдвар олон хүнд тархаж бөөс, хуурс эмчлэх салонууд олноороо нээгджээ.
Эцэг, эхчүүд хүүхдээ бөөстсөн гэдгийг нь мэдсэн даруйдаа гэр аргаар эмчлэх гэж бүх л арга хэмжээг авдаг. Гэвч энэ нь хуйхны халдвар үүсгэх, үс гэмтээх зэрэг олон хүндрэлийг дагуулаад байгаа аж.
UBN.mn сайт 6 буудалд байрлах бөөс, хуурсны салоныг зорьж, тус халдварыг хэрхэн зөв аргаар эмчлэх талаар үсчин Д.Ариунзавъяатай ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Бөөс гэх зүйл хүнд яаж халддаг, ямар шинж тэмдэг илэрдэг талаар мэдээлэл өгөөч?
-Манай салон үйл ажиллагаагаа явуулаад хагас жил болж байна. Бөөс, хуурс гэдэг нь дээр үеийн бохир заваан гэдэг зүйлээс ангид болсон. Бүр хуйхны халдварт өвчин гэдэг нэршлээр тархац өндөр байна. Ганцхан Монгол орон гэлтгүй дэлхий дахинд жилд 12 сая хүн бөөстдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Үүнийгээ дагаад маш олон клиник эмнэлэг байдаг. Манай Монгол Улсын хувьд сүүлийн 2 жил бөөсний халдвар маш их тархалттай байна. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ гэхээр хоорондоо хэтэрхий ойртох, айлд очиж хонох зэрэг нөлөөлж байна. Мөн цэцэрлэгийн багш нар хүүхдийн үсийг нэг самаар самнах зэрэг нь нөлөөлж байна.
Бөөсний халдварын шинж тэмдэг нь ханиадтай их төстэй. Хүүхэд ханиад хүрэх үед хөнгөн шинж тэмдэг илрээд сүүлдээ хатгаа болдогтой ижил бөөсний халдвар авсан хүн эмчлүүлэхгүй удвал хуйхны халдварт өвчин болох эрсдэлтэй. Үүнд эхэн үе, дунд үе, хүндэрсэн үе гэж бий. Манайхан гэрийн аргаар эмчилж байна гээд хуйхаа цэвэрлэдэггүй орхидог. Хуйханд бөөс нь өндгөө үлдээж хэдэн хоногийн дараа дахин бөөстөх эрсдэл бий болдог. Тиймээс иргэд заавал зориулалтын зөв аргаар 3 үе шаттайгаар салонд эмчлүүлэх нь үр дүнтэй.
"Иргэдийн түгээмэл хэрэглэдэг зарим бөөсний шампунийн зориулалт нь угаалгын өрөө цэвэрлэх зориулалттай байдаг"
-Эцэг, эхчүүд гэр аргаар эмчилж байна гээд дур мэдэн зориулалтын бус зүйлээр угааж халдварыг хүндрүүлэх тохиолдол хэр их байна вэ?
-Байлгүй яахав. Зарим хүмүүс бөөстсөн гэдгээ мэдээд үсээ будах, хими хийлгэх, майноез түрхэж үсээ гэмтээх, газтай ундаагаар үсээ угаах зэрэг үр дүнгүй олон арга хэрэглэснийхээ дараа манай салонд ханддаг. Манайхны нэг ташаа ойлголт нь будаг, хими хийлгэвэл бөөс устдаг гэж ойлгодог. Мөн иргэдийн түгээмэл хэрэглэдэг Хигия гээд шампунь нь бөөсийг түр хугацаанд мансууруулж өгдөг. Энэ хооронд зориулалтын самаар нь цэвэрлэх ёстой. Үүний дараа заавал хуйхаа цэвэрлэх шаардлагатай байдаг. Өдөр тутамдаа хигия гэх шампунийг хэрэглэж болохгүй. Зааврын дагуу болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр хэрэглэвэл үс гэмтээх, ургалтыг зогсоох, халцрах үйл явцыг нэмэгдүүлдэг.
Мөн иргэд цахим орчинд явж байгаа аливаа мэдээлэлд маш шүүлтүүртэй хандах шаардлагатай байна. Хигиягаас гадна иргэдийн түгээмэл хэрэглэдэг бөөсний шампунь гэж нэрлэсэн бодис байгаа. Тэр бодисын зориулалт нь угаалгын өрөө, суултуур цэвэрлэдэг байх жишээний. Зарахдаа бөөс, хуурс арилгана гэж хүмүүст зардаг. Энэ нь аюултай тул иргэд гэр аргаар дур мэдэн эмчлэхээсээ илүү мэргэжлийн эмч болон салонд ирж цэвэрлүүлэх шаардлагатай.
"Хүмүүс нэг удаа цэвэрлүүлээд нүдэнд нь харагдахгүй болонгуут санаа нь амарчихдаг. Гэвч заавал давтан цэвэрлүүлэх шаардлагатай"
-Танай салонд хэдэн насныхан түлхүү хандаж байна?
-Манай салонд 1-нээс 8 насны хүүхдүүд түлхүү ирдэг. Гэр бүлээрээ ирэх тохиолдол их байдаг. Яагаад вэ гэхээр нэг гэрт амьдарч хамт унтдаг, нэг буйдангийн дэр дэрлэдэг, самаа дамжуулж хэрэглэдэг учраас нэг айлын олон хүүхдүүд ирж цэвэрлүүлдэг. Насанд хүрсэн хүмүүс мэдэхгүй хүндрүүлсэн тохиолдол ч элбэг байна. Мөн хүмүүс нэг ирээд цэвэрлүүлсний дараа нүдэнд харагдах юм байхгүй болчихоор санаа нь амраад дахин ирдэггүй. Уг нь заавал давтан цэвэрлүүлэх ёстой. Энэ нь бөөс хуурсны тархалтыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
-Үсээ будах, хими хийлгэх, буруу шампунь хэрэглэх, майонез түрхэх зэрэг нь дараа нь хуйх цэвэрлэх явцад хүндрэл учруулдаг уу?
-Эмчилгээ, цэвэрлэгээнд ямар нэг хүндрэл учруулахгүй ч гэсэн бөөс устахгүй. Та үсээ ногооноор будсан бол бөөс, хуурс ногоон өнгөтэй болно л гэсэн үг. Манай салоны хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд зориулалтын хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй япон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн үсийг ширхэгчлэн зориулалтын машинаар цэвэрлэдэг. Үүний араас хуйхны үндсэн цэвэрлэгээ болон тэжээлийн тос түрхэж өгдөг.
-Хувцасны индүү хэрэглэснээр бөөс, хуурсны халдвараас сэргийлж чадна-
-Эмчилгээ, цэвэрлэгээг бүрэн хийлгэсний дараа иргэд юун дээр анхаарах вэ?
-Сүүлийн үед бөөс гэдэг зүйл өөрөөсөө 100 дахин хол үсэрдэг чадвартай болсон. Та бөөстсөн байлаа гэхэд таны хувцас, эдэлж хэрэглэж байгаа зүйл дээр наалдаж үлдэх магадлалтай. Сүүлийн үед хүмүүс хувцасны индүү огт хэрэглэхээ больсон. Бараг 10 хүний 2 нь л хувцасны индүү хэрэглэдэг. Индүү хувцсан дээр наалдсан нян бактерийг устгадаг. Үсний бөөс, хуурсаа бүрэн цэвэрлүүлсэн ч хувцсаа индүүдэхгүй өмсвөл буцаад л халдвар авах эрсдэл бий болно. Мөн удаан хадгалсан хувцсыг байнга ариутгаж ашиглах ёстой. Индүүдэж, ашиглахгүй байснаас шалтгаалж бөөс үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
"Бөөс, хуурс гэдэг зүйл бохир заваанаас үүсдэг гэх ойлголт байхгүй болсон"
-Уг халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
-Сэргийлэхийн тулд өдөр тутамдаа хувцасны индүү ашиглаж хэвших хэрэгтэй. Мөн айлд очиж хонохгүй байх, дэр хувааж хэрэглэхгүй байх, хүний самаар үсээ самнахгүй байх хэрэгтэй. Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийн үсийг нэг самаар самнаснаас шалтгаалж, маш хүүхдүүд бөөстөж байгаа учраас анхаарах шаардлагатай.
-Хүмүүс бөөс, хуурсыг бохироос үүсдэг гэх ойлголттойгоос болж ичиж санаа зовдог шүү дээ. Үүнээс болж халдвараа хүндрүүлэх тохиолдол хэр их байна вэ?
-Бөөс, хуурс бохироос үүсдэг гэх ойлголт байхгүй болсон. Сүүлийн үеийн бөөснүүд хол үсэрдэг, буцаад амилж, үржихдээ маш хурдан. Энэ нь 100 хувь хуйхны халдвар гэх нэршилтэй болсон учир бохироос үүсэх тохиолдол маш бага. Тиймээс хүмүүс ичиж, санаа зовох зүйлгүй шуурхай цэвэрлүүлэх шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа
Бөөс нь дотроо гурван төрөлтэй
- Толгойн бөөс – 2-3 мм урттай, гэрлээс дайжиж амьдардаг. Биеийн уртаасаа 100 дахин хол зайд үсрэх чадвартай, олон хүнтэй, чийглэг, дулаан орчинд хурдан үрждэг. Хэнд ч хэзээ ч халдах боломжтой.
- Хувцасны бөөс – Энэ төрлийн бөөс нь хувцас болон ор дэрний даавуун дээр өндөглөж, үрждэг. Бохир орчин нь амьдрах таатай нөхцөл болдог. Удаан хугацаанд усанд ороогүй, хувцсаа угаагаагүй, ор дэрний даавуугаа угаагаагүй байх нь энэ төрлийн бөөсний халдвар дамжихад нөлөөлдөг. Хувцасны бөөс нь гэдэсний хижиг өвчний халдвар тархаах, улмаар хүнийг үхэлд хүргэх хүртэл аюултай.
- Намилзгана буюу умдагны бөөс – Хувцасны бөөстэй харьцуулахад жижигхэн буюу 1.5 мм урттай. Хөлөөрөө умдагны үсний угт бэхлэгдэн арьсанд наалдаж амьдардаг. Мөн суга, сахал зэрэг үсэрхэг газар амьдрах боломжтой. Алчуур, халуун усны газар, зочид буудал, усан сан, хувцас зэргээр дамждаг.
Энэ гурван төрлийн бөөс хэзээ ч хоорондоо холилдож амьдардаггүй. Хүн, амьтны биенээс гараад 24 цагийн дотор үхдэг. Цусаар хооллож амьдардаг учраас хүний биеээс салаад удаан амьдарч чаддаггүй аж.
Шинж тэмдэг нь:
- Маш их загатнах
- Үс хөдөлж буй мэт сэтгэгдэл төрөх
- Бие, хуйх, хувцас, умдагны үс зэргүүдээр бөөс явах. Насанд хүрсэн бөөс нь наран цэцгийн үр шиг хэмжээтэй байна.
- Үсэнд хагтай төстэй цагаан хуурс ажиглагдана. Хагнаас ялгаатай нь үсээ самнахад унахгүй
- Хуйх, хүзүү, мөрөөр улаан шархлаа үүсэх
- Намилзагана буюу умдагны бөөсөнд хатгуулсан газар хөх улаан болж загатнах шинж тэмдэг илэрдэг аж.