Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгах шинэ гарц Жинжөү боомт

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 48 секунд

Жинжөү бол Монгол Улсын хувьд хамгийн ойрхон далайн гарц. Үндсэндээ энүүхэн зүүн талд Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор цааш гараад, Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавчаар дамжаад л Жинжөү орчихно. Хятадууд аль хэдийнэ Жинжөүгээс Зүүн хатавч хүртэл төмөр зам тавиад, дэд бүтцийг нь хөгжүүлчихсэн. Ачаа бараа тээвэрлэхэд бэлэн. Харин манайх Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэл авто болон төмөр зам, бусад дэд бүтцээ шийдчихэд л хамгийн ойрхон далайн гарцтай болно.

Өвөрмонголын Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомтоос Бажү-Башин-Чида төмөр зам-Жинчи-Жинжөү боомт гэсэн маршрутаар ачаа тээвэрлэхэд нийт 1100 км зам туулна. Энэ нь Тяньжиний боомт хүртэлх зайнаас 863, Далианы боомт хүртэлх зайнаас 1163 км-ээр татуу. Юун шинэ боомт, далайн гарц, зай нь ойрхон гээд унав гэж гайхаж магадгүй. Монгол Улсын эдийн засгийн “цусны эргэлт”-ийг хурдасгах маш чухал “амин дэм” учраас тэр.

Тяньжин боомтод Монгол руу ирэх ёстой 4000 чингэлэг гацаж, тээвэрлэлтийн үнэ 4-5 дахин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарсан нь ердөө л хоёр жилийн өмнөх үйл явдал. Ковидын үед гарсан тээвэр ложистикийн энэ хямрал одоо ч үргэлжилж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үүнийг гэрчилнэ.

Манайхан импорт гэхээр л хойноос шатахуун, барилгын материал аваад, үлдсэнийг нь урдаас зөөдөг гэж ойлгодог. Гэтэл өнгөрсөн онд гэхэд манай улс 159 оронтой худалдаа хийсэн. Импортын буюу гаднаас худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүний дүнг авч үзвэл, БНХАУ 36.8, ОХУ 28.6, Япон Улс 6.6, БНСУ 4.5, ХБНГУ 3.3, АНУ 3.1 хувийг эзэлж байна. Орос, Хятадаас бусад гуравдагч орноос импортолж байгаа барааны ихэнх нь Тянжин боомтоор буюу далайд гарах ганц л гарцаар орж ирдэг. 2021 онд чингэлэг гацсан асуудал өөр гарцтай болохыг чангаар сануулсан. Жинжөүгийн боомт бол далайд гарах, гуравдагч орны бараа бүтээгдэхүүнийг саадгүй, хурдтай нэвтрүүлэх шинэ гарц. Тиймдээ ч манай улс ач холбогдол өгч, дэд бүтцийг нь хурдан шийдэх ёстой юм. Харин “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд ажил хэрэг нь урагшилж, овоо идэвхжиж эхэлсэн.

“Монголын төмөр зам" ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалын өгч байгаа мэдээллээр 2024 оноос Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Мөн Бичигт-Зүүн хатавч буюу хил дамнасан боомтын төмөр замын ажлыг ч ирэх жилээс хийж эхлэх нь. Энэ мэт дэд бүтцийн ажил 2030 он хүртэл эрчимтэй өрнөнө. Дэд бүтцийн ажлыг бүрэн хийж дууссаны дараа зүүн чиглэлээр жилдээ 20-25 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой аж.

Зарим хүмүүс Жинжөүгээс гараад Эрээний боомтоор орж ирэх нэг сонголт бий хэмээж буй. Гэхдээ Тяньжинаас ачаад, Эрээнээр орж ирэхээс үнэтэй тусна. Түүний оронд зүүн талдаа шийдчихвэл Дорнодоор орж ирсэн ч тээврийн зардал хамаагүй хямд тусах судалгааг нэгэнт гаргачихжээ.

Тээврийн зардал 2-3 дахин буурна гэдэг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурна л гэсэн үг. Зөвхөн тээвэрлэлтийн зардал ч хамаатай юм биш. Тяньжин боомтоос чингэлэг тээвэрлэгдэх хугацаа 5-7 хоног байдаг. Чингэлэг түрээсийн үнэ өдөрт 10-50 ам.доллар. Дээрээс нь хадгалалт, тээвэрлэлтийн үнэ нэмэгддэг. Тэгэхээр багадаа 5, цаашлаад 7 хоногийн хугацаанд түрээсийн төлбөр нэмж төлнө. Багахан асуудал үүсэхэд Тянжин боомт дээр нь бөөн түгжрэл, бөөгнөрөл болно, эрсдэлтэй. Нэмээд импортын 70 гаруй хувь нь зөвхөн Замын-Үүдийн боомтоор орж ирдэг гэсэн тоо нэгийг хэлж байгаа биз. Үүнийгээ дагаад Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа, бараа ирэх хугацаа 6-7 хоногоор хэмжигдэж байна.

Тэгвэл Жинжөүг нээснээр тээвэрлэлтийн хугацаа богино болно, боомт дээр олон хонохгүй. Дагаад зардал буурна. Манай улс нийт гадаад худалдааныхаа 63 хувийг Хятадтай хийж байгаа. Тэндээс ирэх барааны үнэ багасна. Гуравдагч орнуудаас далайгаар дамжиж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа богино болж, үнэ нь буурах юм. Бас ковидын үеийнх шиг асуудал үүссэн ч чингэлэг боомт дээр сар болно гэсэн эрсдэл үүсэхгүй л гэсэн үг. Мөн Замын-Үүд боомтын ачаалал буурч, Улаанбаатар хот руу ачаа бараа ирэх хурд нэмэгдэнэ.

Цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээвэр. Хятадаас хойд хөрш рүү ачаа, бараа гаргах. Эргээд Оросоос өмнө зүг рүү хамгийн хямд зардлаар бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх боломж нэмэгдэх, шинэ гарц болох талаас нь ярьвал эдийн засгийн үр өгөөж нь асар их. Мөн зөвхөн импортын бараа бүтээгдэхүүн хямд оруулж ирж, Монголд өргөн хэрэглээний зүйлсийн үнэ буурахаас гадна экспортын үр ашгийг нь тооцвол, тоочвол барагдахгүй их.

Дэлхийн банкны судалгаагаар манай улс ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг тээвэрлэлтэд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь бусад улс оронтой харьцуулбал хэт өндөр тоо юм. Энэхүү зардлыг бууруулах боломж нь боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, шинээр гарц нээх, дэд бүтцийг нь хөгжүүлэх л байна даа...

УИХ-ын чуулганаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.