Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч нар төмөр замын гарам давж зогсох нь байтугай 10 метрийн наана зогсох ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 10 секунд

Хотын түгжрэл хэзээ буурах вэ... Энэ асуултад ямар ч эрх ямбатан, захирагч, иргэн хариулт хэлж чадахгүй. Жилийн 4 улиралтай Монгол Улсад олон асуудал тулгарна. Энэ дундаас шийдэлд хүрдэггүй мөнхийн сэдэв бол түгжрэл. Түгжрэлээс шалтгаалсан олон сөрөг үр дагаврууд эхнээсээ гарч байна.

Энэ сарын 8-ны өдөр нийслэлчүүд зам дээр ТЭГ зогсолт хийсэн. Хичээл, сургууль амарсан, ямар нэг баяр ёслол болоогүй байх үед ТЭГ зогсолт хийж байгаа нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд буй.

Тэгвэл энэ үеэр цахим орчинд 5 шарын галт тэрэг зорчих ёстой гармыг автомашинууд даван зогссон үед галт тэрэг ирж буй аюултай нөхцөл байдал бүхий бичлэг цацагдсан. Тухайн бичлэг дээр гарсан вагон нь дан галт тэрэг байсан учраас яаралтай зогсож чадсан. Хэрэв олон чиргүүл бүхий галт тэрэг байсан бол гармыг давж зогссон иргэд эд хөрөнгө цаашлаад амь насаараа хохирох асуудал гарах байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллэж байна.

Тэгвэл Ubn.mn сайт төмөр замын гарам дээр автомашин хэдэн метрийн зайтай зогсох ёстой, гарам давж зогссоноор ямар эрсдэлд хүрэх вэ гэх талаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

"Төмөр замын гарам давж зогсох нь байтугай гармаас 10 метрийн наана зогсох ёстой"

"Замын хөдөлгөөний дүрэмд заасан зүйлийг хэрэгжүүлэхгүй байгаа нь тухайн хүний амь нас эд хөрөнгөтэй шууд холбоотой байдаг. Замын хөдөлгөөний хуульд зааснаар уулзварын цааш нэвтрэх боломжгүй тохиолдолд түгшүүрлэсэн гэрэл дохиог нэг удаа алгасаад дараагийн боломжтой орон зай гарсны дараа нэвтэрнэ гэх заалт бий. Жолооч нар үүнийг зөрчөөд тайлбарлахдаа түгжрэл үүссэн учраас гэж тайлбарладаг. Гэвч дээрх хуульд зааснаар түгжрэл саатал гарсан үед гарам руу орох хориотой гэж бий. Бүр яаж зогсох ёстой вэ гэдэг нь хүртэл бий. Тэмдгээс 5 метрийн зайтай зогсох ёстой. Хаах тэмдгээс бүр 10 метрийн зайд зогсох ёстой гэж заасан байдаг. Жолооч нар бүр гарамтай тулж зогсдог. Гарам дээр байтугай гармаас 10 метрийн зайд зогсох ёстой шүү дээ. Энэ дүрмийг зөрчсөнөөрөө иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, асуудал тулгардаг.

Түгжрэл саатал байлаа гээд хөдөлгөөний аюулгүй хангах нь жолооч нарын үүрэг. Ялангуяа уулзвар дээр ордог шигээ төмөр замын гарам дээр орох нь маш эрсдэлтэй аюултай зүйл. 5 шарын гарам дээр хяналт тавих боломж байдаггүй. Учир нь тус гарам дээр хяналтын камер байхгүй. Хэрэв бусад гарам шиг камертай байсан бол хяналт тавьж, галт тэрэг ирж байгааг анхааруулж зохицуулалт хийх байсан.

Тиймээс жолооч нар аюулгүй байдлын дүрэм журмаа уншиж танилцаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна" хэмээлээ.

Энэ сарын 8 -ны өдөр тэг зогсолт хийсэн шалтгааныг ТЦА-наас мэдээлэхдээ "Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Тухайн өдөр гармаар суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42 минут зам хаасан. Мөн ачааны галт тэрэг 21 удаа явж, 189 минут хөдөлгөөн хаасан бол дан зүтгүүр 20 удаа явж, 100 минут хөдөлгөөнийг хаасан. Нийт 47 удаа галт тэрэг нэвтэрсэн гэсэн үг. Ажлын цагаар буюу 08:00-22:00 цагийн хооронд 28 галт тэрэг явж өнгөрсөн. Мөн 16:20 цагаас 16:40 цаг хүртэл 20 минут гарам хааж цэвэрлэгээ хийсэн. Дунджаар 331 минут буюу 5 цаг 31 минут Энхтайваны өргөн чөлөөтэй огтлолцож байгаа Таван шарын гармыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоож, галт тэрэг нэвтрүүлсэн" гэж тайлбарласан юм.

Х.Булгантуяа: Дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна
Х.Булгантуяа: Дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.