Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Г.Болор-Эрдэнэ: Энэ жил 9 тэмцээнд явж, ЗУРГААН алт, ХОЁР мөнгө, НЭГ хүрэл медаль хүртсэн

Ангилал
Нийгэм Спорт Спорт Ярилцлага
Огноо
Унших
8 минут 39 секунд

Монгол Улсын пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Г.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрбээр "Ханжоу-2022” Азийн зуны спортын пара наадамд амжилттай оролцож, алтан медалийн эзэн болсон юм.

-Хэдхэн хоногийн өмнө "Ханжоу”-д төрийн дууллаа эгшиглүүлж, алт медаль хүртээд эх орондоо ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-2020 оны Токиогийн олимп миний хамгийн том зорилго байсан. Харамсалтай нь, би 100 хувь сайн оролцож чадаагүй. Дараагийн зорилго нь Азийн наадмын аварга байсан. Алтан медаль авах зорилготой, даалгавартай очсон. Энэ зорилгоо биелүүлж, "Ханжоу”-д төрийн дууллаа эгшиглүүлж чадсандаа баяртай байна. Маш их хүсэж, хүлээж, мөрөөдөж байсан. Одоо Парисын олимпод алтан медалиа бататгаж чадвал 16 жилийн минь хүсэл мөрөөдөл биелэнэ.

-Учраа бүрээ ялж, алтан медалийн эзэн болсон. Өрсөлдөгчид хэр чанга байв?

-Ойрын хэдэн жил дэлхийд Азиуд ноёрхож байна. Сая Азийн наадамд хүчтэй өрсөлдөгчид олон байлаа. Алтан медалийн төлөө тоглосон Дэлхийн аварга, Азийн хоёр удаагийн аварга Ираны тамирчин маш хүчтэй өрсөлдөгч байлаа. Энэ тамирчинтай тоглох арга барилаа бүтэн жилийн өмнө бодож, багш дасгалжуулагчтайгаа ярилцсан байсан. Багшийнхаа зөвлөсөн тактик, боловсруулсан техник, бүх ур чадвараа ашиглаж, тоглосон.

-Алтан медаль авсны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа төрөөд удаагүй байгаа охиндоо амласан амлалтаа биелүүлсэн гэж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьвал?

-Охиноо дөнгөж төрөхөд нь аав нь бүх чадлаараа хичээж, энэ оны хамгийн том тэмцээнээс заавал алтан медаль авна гэж амлаж байсан. Тэр амлалтаа биелүүлж чадсан учраас сэтгэл маш их хөдөлсөн. Баярласан. Тэр сэтгэгдлээ камерын өмнө ил гаргаж хэлсэн.

-“ХАНЖОУ-2022”-ын медалийн тавцанд зогсоод төрийн дууллаа эгшиглэхийг сонссон тэр мөчийг эргээд хуваалцаж болох уу. Үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Медалиа авах гээд зогсож байсан тэр мэдрэмж хамгийн гоё байсан. Токиод авахыг хүсч байсан тэр мэдрэмжээ сая Ханжоуд авсан. Хүндэт харуулууд улс улсын тугийг барьж орж ирээд, төрийн дуулал эгшиглэх үед миний эх орны төрийн дуулал энэ том эзэнт гүрний тэнгэрт эгшиглэж байна гэж бодох төдийд өөрийн эрхгүй огшиж, чадахаараа чанга дуулахыг хичээсэн. Парисийн олимпод яг энэ үйлдлийг дахин давтаж, төрийн дууллаа дуулаад зогсож байх юмсан гэсэн бодол төрсөн. Өөрөөрөө болон төрүүлж өсгөсөн аав, ээжээрээ маш их бахархсан.

-Анх таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн түүхээсээ хуваалцаач. Багаасаа дурлаж, хичээллэдэг байв уу?

-2008 онд Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубт хичээллэж эхэлсэн. Н.Нэргүй гэж миний анхны дасгалжуулагч багш байдаг. 2015 оноос Паратаеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн.

-Гаргасан амжилтуудаасаа онцолж дурдвал?

-Дэлхийн таван удаагийн аварга. Ази тивийн таван удаагийн аварга гэсэн амжилтуудыг онцлоё.

-Монгол Улсад Пара тамирчин байх амар биш болов уу. Шантрах, халшрах үе бий юу?

-Би өөрийгөө Пара гэдэг байр суурьнаас авч үздэггүй. Яагаад гэвэл би гартай, хөлтэй, бусадтай адилхан оюун ухаантай хүн. Надад хүмүүсийн намайг юу гэж бодох, ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах нь огтхон ч хамаа байдаггүй. Би нэг тэмцээнд орох гэж асар их саад бэрхшээлийг туулдаг. Тийм учраас зөвхөн өөртөө анхаарч, төвлөрч уралдаан тэмцээндээ ордог. Өөрийнхөө хичээж, зүтгэсэн 16 жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлэхийг хүсдэггүй. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг ялгаравлан гадуурхсан янз янзын үйлдлүүд ажиглагддаг. Энэ хандлагаа өөрчилж өөр бодолтой болоосой гэж би хүсдэг. Гаргүй, хөлгүй гэсэн дүгнэлтийг битгий хийгээсэй. Эдгээр хүмүүс чинь энгийн тамирчдаас ч илүү хэцүү, хүнд зүйлийг туулж, өнөөдрийн амжилтаа гаргасан байдаг шүү гэж хэлмээр байна. Хэрэв та өөрийгөө голоод, өөрөөсөө ичээд гэртээ сууж байгаа бол өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Амжилт гаргах тусам чи гялалзана.

-Олимпыг бүх төрлөөр нь бүх телевиз шууд дамжуулдаг хэрнээ Паралимпийг шууд дамжуулсангүй гэх шүүмжлэл ойрын өдрүүдэд цахим орчинд өрнөж байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Паралимпийг зөвхөн манай улс шууд дамжуулдаггүй юм биш. Бусад улс орнуудад ч адилхан юм байна лээ. Яагаад гэхээр янз бүрийн бэрхшээлтэй хүмүүс байдаг учраас бүгдийг нь шууд дамжуулах нь хүний эрхийн зөрчил гэж үздэг гэж би сонсож байсан юм байна. Тийм учраас олимпыг шууд дамжуулчихаад бид нарыг дамжуулсангүй гэж эмзэглэдэггүй.

-Таныг хараад урам зориг авч, таеквондогийн спортод шимтдэг залуучууд олон байх. Энэ спортоор хичээллэхээр төлөвлөсөн залууст юуг зөвлөвөөр байна?

-Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ямар спортын төрлөөр явах сонирхолтой байгаагаа эхлээд зөв тодорхойлох хэрэгтэй. Дараа нь түүнийгээ зорилгоо болгоод тууштай явж чадвал амьдрал чинь 100 хувиар өөрчлөгдөх боломжтой. Би ийм, намайг хүмүүс ингэвэл яана гэсэн бодлоо өөрөөсөө авч хая. 100 хувь өөртөө итгэлтэй байна. Тэгвэл таныг хүрээлэн буй орчин. Таны харах өнцөг бүх зүйл өөрчлөгдөнө гэж хэлмээр байна.

-Дараагийн зорилго бол ойлгомжтой Парисын олимп. Эрх авах асуудал юу болж байгаа вэ?

-Манайх бол эхний 6 тамирчин ранкаараа ордог. Үлдсэн тамирчид нь тив тивээс олимпын эрхийн төлөө тэмцээнүүдэд орж байж эрхээ авдаг. Миний хувьд бол одоогийн байдлаар ранкийн эхний хоёрт явж байна. Оны сүүлийн тэмцээндээ оролцоод ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд манай таеквондогийн дэлхийн холбоо албан ёсоор эхний зургаан тамирчны нэрийг зарлана. Хараахан баталгаажаагүй байгаа ч ранкаараа авчих болов уу гэж бодож байна.

-Таны хувьд ихэнх цагаа бэлтгэл сургуулилтад зарцуулдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд их явдаг гэж ярилаа. Энэ бүхнийг ойлгож, арын албыг дааж үлддэг гэр бүл тань таны амжилтын үндэс байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Аав, ээж хоёр минь анх намайг таеквондод ороход л дэмжсэн. Одоог хүртэл 16 жил дэмжээд явж байна. Эхнэр маань жирэмсэн байх хугацаандаа, төрөхдөө гээд бүхий л цаг хугацаанд ганцаараа байсан. Би тэмцээн уралдаан гээд явчихдаг учраас байнга хамт байж чаддаггүй. Энэ бүхнийг ойлгож, үргэлж миний талд байдаг эхнэртээ баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна. Энэ жил 9 тэмцээнд явж, 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн. Энэ бол маш том амжилт. Хайрынхаа урам, итгэл зоригоор энэ том амжилтуудыг үзүүлсэн шүү гэж хэлмээр байна. Мөн намайг дэмждэг ард түмэн, зааж зөвлөдөг багш дасгалжуулагчиддаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээж яваа шүү.

“Ekids” үйлчилгээнд 11802 хүүхэд бүртгүүлжээ
“Ekids” үйлчилгээнд 11802 хүүхэд бүртгүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.