УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох 100 гаруй мянган иргэний цахимаар дэмжиж, УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн. Уг асуудалтай холбогдуулан Сангийн яаман дээр ямар судалгаа, тооцооллууд хийгдэж байгаа талаар тус яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүнээс тодрууллаа.
-НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд танайхаас ямар тооцоо, судалгааг хийж байна вэ?
-Энэ бол НӨАТ-ын буцаан олголт биш. Урамшуулал. НӨАТ-ын хуулиар урамшуулал олгож болно гэж заасны дагуу үүний нэг хэлбэр нь буцаан олголт байдаг. УИХ-аас холбогдох хууль тогтоомжийн дагуу санал асуулга явуулж, цаашид зохих журмын дагуу процесс нь өрнөөд явах байх. Сангийн яамны хувьд энэ чиглэлд байнгын тооцоо судалгаа хийдэг. 2024 оны төсөв дээр ч НӨАТ-тай холбоотой тооцоо судалгааг хийсэн. НӨАТ-ын урамшууллыг нэмэгдүүлэхтэй холбоотой гурван асуудал байгаа. Сангийн яам гурван үндсэн шалтгаанаар зохимжтой бодлого биш гэж үзэн, дэмжихгүй гэдэг байр суурьтай байгаа.
Нэгдүгээрт, урамшуулал зорьсон зорилтдоо хүрэх үү. Далд эдийн засгийг бууруулна, иргэдийн амжиргааг дээшлүүлнэ, инфляцийг бууруулна гэх мэт зорилтууд тавигдсан байдаг. Далд эдийн засгийг бууруулахтай холбоотой хоёр асуудлыг хэлье. Иргэд И баримт олгохгүй байна гэдгийн үндсэн шалтгаан нь иргэд нэхэхгүй байгаадаа биш. Иргэд баримтаа өөрсдөө уншуулдаг учраас баримтаа нэхдэг. Гэтэл нөгөө талд худалдаа эрхлэгч, ААН-үүд нь 10 хувиа хасуулж авах уу, манай систем гацсан байна гэх мэтээр баримт өгдөггүй. Өөрөөр хэлбэл, баримт өгөхгүй байгаа шалтгаан нь иргэдэд бус худалдаа эрхлэгч, ААН-үүдэд байна. Худалдаа эрхлэгч, ААН-үүдэд орлогоо нуух боломж нь байсаар байгаа тохиолдолд урамшуулал 5, 8, 10 хувь болсон ч шалтгаан нь арилахгүй гэсэн үг. Тэгэхээр далд эдийн засаг гэдгийг зөв ойлгох хэрэгтэй байгаа юм. Далд эдийн засагтай холбоотой асуудал нь Сангийн яам, татварын байгууллагын өдөр тутам хийдэг үндсэн ажлуудын нэг. Бид сүүлийн жилүүдэд олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, 2024 онд НӨАТ-ын орлогыг 610 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсөөлсөн. Далд эдийн засгийг бууруулна гэдэг өндөр амбицтай тоо явж байгаа. Төсвийн орлого 20 гаруй хувийн өсөлттэй байхад НӨАТ-ын орлогыг 33 хувиар өсгөсөн. 200 гаруй тэрбум төгрөгийн далд эдийн засгийг илрүүлэх амбиц тавьж байна гэсэн үг. Бид хяналт шалгалт хийгээд торгох зэргээр захиргааны арга хэмжээ авах арга байна. Нөгөө талдаа бид аль болох хялбаршуулж, цахимжуулах замаар автомат болгож хүний оролцоогүй болгоё гэж байгаа. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд И баримтыг автоматаар үүсгэдэг болох, бие биенээсээ баримт нэхдэг байдлыг байхгүй болгох чиглэлээр нэлээн олон ажлуудыг хийж байна. Тухайлбал, цаасгүй их баримтын тоо 2020 онд сая гарантай байсан бол одоо 20 саяд дөхөж байна.
Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд зөв бодлого уу. Бид төсвийн орлого, зарлага, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлэхдээ аль болох орлого их олдог, хуримтлал, хөрөнгө оруулалтыг дэмжсэн чиглэл рүү бодлогоо чиглүүлэх ёстой. Хэрэглээг дэмжсэн бодлогыг татварын бодлогоор дэмжих нь зохисгүй. Илүү их хэрэглэсэн хүн илүү их татвар төлдөг. Бага хэрэглээтэй нь бага татвар төлдөг. Зөвхөн ирэх жилийн хувьд 600 тэрбум төгрөгийн татварын зардал төсвөөс гарна. Хэрэв төсөвт 600 тэрбум төгрөгийн орон зай байгаад түүнийг өндөр орлоготой иргэд рүү илүү өгдөг байдлаар зохицуулах нь буруу. Бид бага орлоготой , нийгмийн тэтгэвэр халамж шаардлагатай өрхүүд рүү чиглэсэн бодлогод зарцуулах ёстой. Тоо баримтаас авч үзэхэд, нийт иргэдийн өндөр орлоготой 10 хувь нь буцаан олголтын 60 орчим хувийг авч байгаа. Тэгэхээр хэрэглээг дэмжсэн татварын бодлого буруу. Илүү орлого, ашиг, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын бодлого явуулах нь зөв.
Гуравдугаарт, аль ч хямралын үед дэлхийн бүх улс орнуудад хамгийн тогтвортой бааз суурь нь НӨАТ байдаг. Бид цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг НӨАТ-ын орлогоороо давж гарсан байдаг. Бид Шри Ланк улсын жишээг давтаж болохгүй. Эдийн засаг өөрөө эмзэг хэвээрээ байгаа. Энэ үед дараагийн хямрал уул уурхайн үнийн бууралтад төсөв эдийн засаг маань бэлэн байх ёстой. Энэ дархлаа нь НӨАТ-ын орлого л байна. Өнөөдрийн нөхцөлд ДНБ-ий өсөлт өндөр байгаа ч үргэлж хэвээр байхгүй. Тэгэхээр дараагийн эдийн засгийн хямралын үед төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болсон татварын орлогоор оролдох нь буруу гэсэн байр суурийг Сангийн яам илэрхийлж байгаа.
-Татварын орлогоороо нөхөх боломжтой гэж харах хүмүүс ч бий?
-Далд эдийн засаг тодорхой хэмжээнд буурахыг үгүйсгэхгүй. Гэхдээ 615 тэрбум төгрөгийн НӨАТ-ын орлогыг алдана. Энэ орлогыг нөхөхийн тулд эдийн засагт 13.2 их наядын далд эдийн засгийг илрүүлэх шаардлагатай болно. 13.2 их наядын далд эдийн засаг гэдэг нь ДНБ-ий 20 орчим хувь руу орчихоно. ҮСХ-ноос гаргасан хамгийн сүүлийн тооцооллоор далд эдийн засгийн хэмжээ 9.8 орчим тэрбум төгрөг байгаа. Төгс эдийн засагтай, ямар ч далд эдийн засаггүй улс болоод дахиад эдийн засгаа 9 орчим хувиар тэлж байж энэ орлого нөхөгдөнө. Далд эдийн засгаасаа НӨАТ-ын орлогоо нөхөж хүрэхгүй тохиолдолд төсвийн алдагдлаа нэмэх, зарлагыг огцом бууруулах нөхцөл байдал үүснэ. Алдагдал нэмэх хувилбар нь эдийн засгийн хувьд зөв бодлого биш. Энэ нь эргээгээд Монгол Улсын зээлжих зэрэглэл, төсвийн алдагдал, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, инфляц мөнгөний ханш зэрэг олон макро эдийн засгийн тоонуудтай уялдах асуудал. Хамгийн аюултай зүйл нь, ирэх жилүүдэд бидний урьдчилж харж тооцоолоогүй эрсдлүүд манай эдийн засагт бий болохыг үгүйсгэхгүй. Ийм эрсдэл тулгарахад Монгол Улс өөрөө төсөв санхүүгийн найдвартай байдлаа хангах нь чухал.
-Төсөвт нэмж 600 тэрбум төгрөг шаардлагатай гэх мэдээллийг Сангийн сайд өгсөн. Тэгвэл одоо өргөн бариад байгаа 2024 оны төсвийн төсөлд НӨАТ-ын урамшуулал чиглэлд хэр хэмжээний төсөв тусгагдсан юм бэ?
-Монгол Улсын Засгийн газраас төсвийг өргөн барих үед энэ асуудал яригдаагүй байсан. Одоо байгаа хүчин төгөлдөр хуулийн дагуу тооцооллоо хийж, төсвийг өргөн барьсан. Энэ төсөвт ирэх жил 400 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын урамшууллыг иргэдэд олгохоор тооцсон.
-Ер нь НӨАТ-ын урамшуулал нь анх гарч ирсэн зорилтоо хэр хангаж чадсан гэж та бүхэн харж байна вэ?
-НӨАТ бол өөрөө албан татвар. Дэлхий дээр 175 гаруй улс ашигладаг. НӨАТ нь өөрөө бизнес эрхлэгчдэд аль болох бага дарамт бий болгодог, хэрэглээний татвар байдаг. Олон нийт энэхүү татварыг зөвхөн бүртгэлийн татвар, төсөв бүрдүүлэх зорилгогүй гэж ойлгоод байна. Гэтэл дэлхийн хаана ч ийм татвар байгаагүй. Аливаа татварын үндсэн үүрэг нь төсөв бүрдүүлэх. Төсөв бүрдүүлэхдээ аль болох тэгш шударга бизнесийн орчноос бүх нийтээрээ бага татвартайгаар төсвөө бүрдүүлдэг байхын тулд бүртгэдэг. Энэ бүртгэл өөрөө татварыг тэгш шударга байлгахын тулд далд эдийн засгийг бүртгэж сайжруулдаг. Түүнээс биш бүртгэхийн тулд оршдог татвар гэж хаана ч байхгүй. Хэрэв цуглуулсан татвараа буцаагаад өгөх ёстой байсан бол бид бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагагүй. Татвар байх шаардлагагүй. Татвараа хураахын тулд бүртгэдэг. Тэгэхээр 1996 оноос НӨАТ-тай болсон. Иргэд танилцаж эхэлсэн нь 2017 он. Өмнө бидэнд 15,13 хувийн НӨАТ-тай байсан он жилүүд бий. И баримт, НӨАТ хоёр ялгаатай. Гэхдээ далд эдийн засгийг бууруулна гэдэг маань огцом хийдэг ажил хийдэг. НӨАТ-ын хамрагдалтын түвшинг 80-90 руу оруулах ёстой. Үүнийг цахимжуулалт, иргэдийн оролцоонд тулгуурласан байдлаар хийх нь зүйтэй.