Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: Ажилдаа ирэхгүй байж цалин авдаг, өөртөө чөлөө өгдөг, дураараа орж гардаг зэргээр хөдөлмөрийн сахилга бат алдагдсан байсныг цэгцэлсэн

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
8 минут 46 секунд

Сангийн яамны ТНБД Ж.Ганбаттай ярилцлаа. Түүний хувьд саяхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газраас томилогдсон БЭТ-ийн ажлаа хүлээлгэн өгөөд байгаа билээ.

-Гурав хоногийн өмнө та БЭТ-ын ажлаа хүлээлгэн өгсөн. Томилогдож очсоноос тань хойш Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд ямар үр дүн гарав?

-Монгол Улсын Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-наас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаа аравдугаар сарын 26-нд дууссан. Нэг жилийн хугацаанд эл компанид Засгийн газраас өгсөн гол үүрэг чиглэл бол вальютын урсгалыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь хангах байсан. Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд 3,3 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 33 сая тонн нүүрсийг борлуулсан байна. Мөн 55 удаагийн биржийн арилжаагаар 7.3 сая тонн нүүрсийг арилжсан байна. Үүнээс 400 орчим сая ам.долларын нэмэлт орлогыг Монгол Улсад олж ирсэн. Нэг жилийн хугацаанд төсөвт 2.7 их наяд төгрөгийн татварыг төлж, вальютын урсгалыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 1.7 тэрбум ам.долларыг Монголбанканд өгсөн. Ийм үр дүнтэйгээр ажиллалаа. Мөн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн бүхий л үйл ажиллагааг сайтад, бүх нууц хэлбэртэй гэрээнүүдийг ил болгосон. Нүүрсийг ачихаас эхлүүлээд хилээр гарах хүртэлх бүх л процессийг сайтад нээлттэй мэдээлдэг болсон. Цаашид энэхүү амжилтаа бататгах хүрээнд анхаарах хэд хэдэн асуудал байна. "Эрдэнэс тавантолгой" ХК биржээр 7.3 сая тонн нүүрсийг арилжсан. Үүний 60 орчим хувийг нь хүргэж өгөөд байна. Биржээр хил нөхцлөөр худалдаалсан нүүрсээ Ганцмод боомт дээр хугацаанд нь хүргэж өгөх тал дээр онцгой анхаарал хандуулах ёстой. Биржийн арилжаа тогтворжсон. Гэхдээ арилжаалж буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа.

Нөгөө талдаа Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүхий л үйл ажиллагаа ил тод болсон. Ямар нэгэн байдлаар нүүрсийг хэн, ямар компани худалдаж авсан нь далд байсан бол одоо нээлттэй болсон. Хамгийн сайн нүүрсийг ам нөхцөлтэй 100 орчим ам.доллараар зардаг байсныг оргил үедээ 160 гаруй ам.долларт хүргэж арилжлаа. Бид сорчилно гэх ойлголтоос аль болох татгалзахыг хичээсэн. Олборлож байгаа бүх л нүүрсээ борлуулах байдлаар ажилласан. 7.3 сая тонн нүүрснээс 30 орчим хувь нь сайн чанарын нүүрс, 30 орчим хувь нь сул коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс зэрэг сорчлохгүйгээр арилжаалахыг хичээсэн. 2022 оны жилийн эцэст 1.2 их наядын ашигтай ажилласан. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.7 их наядын ашигтай ажилласан байна.

-Таныг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар томилогдоно мэдээлэл бий?

-Аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм дуусч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, түр орлон гүйцэтгэгчийг дотроосоо томилсон. Ингэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсон. Гэхдээ түр томилсон. Дараагийн Гүйцэтгэх захиралд очих хүн дүрэм журмаараа Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал байдаг. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд гарсан амжилтыг бататгах, жигдрүүлэхийн тулд хяналт тавих гарцаагүй шаардлага бий болж байгаа. Энэ хүрээнд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлыг томилох байдлаар ТУЗ шийдвэрээ гаргасан. Гэхдээ цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулах Засгийн газрын тушаал шийдвэр гарчихсан. Тухайн томилгоог хийх хүртэл түр Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлыг томилсон.

Миний бие одоогоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байгаа учраас бусад томилгоотой холбоотой асуудал яригдаагүй.

-Онцгой дэглэм тогтоосон хугацаанд үр дүнтэй ажилласан гэх үндэслэлээр дагуулж очсон нэр бүхий ажилчдадаа 111 сая төгрөгийн урамшуулал олгосон гэх асуудал яригдсан. Энэ тал дээр та тайлбар өгөх үү?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш уурхайн болон бусад ажилчид маш их ачаалалтай ажилласан. Бүх үзүүлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Үүний тулд тухайлбал, хөрс олборлолтын ажил 3, тээвэр 3, борлуулалт 3 дахин нэмэгдсэн. Нөгөө талдаа энэ компани бол 2011 оноос эхлээд үйл ажиллагааг явуулсан 13 жилийн түүхтэй компани. Энэ түүхэндээ гаргаж байгаагүй амжилтыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргалаа. Нөгөө талдаа онцгой дэглэмийн хугацаанд бүх л талаар хариуцлагатай ажилласан хүмүүст урамшуулал олгосон. Хагас жилийн байдлаар бүтэн жилд хийх ажлаа хийчихсэн ажилчдад урамшуулал олгосон. Сошиалд яриад байгаа шиг хэн нэгнийг сугалж аваад аль эсвэл дарга нарыг шагнах бодлого бариагүй.

Ажилласан хугацаанд нь хувь тэнцүүлж зохих журмын дагуу олгосон. Нөгөө талдаа ингэж хүчин чармайлт гаргасан уурхайн бие бүрэлдэхүүн, ажилчдыг шагнаж урамшуулах ёстой. Цалин урамшууллыг нэмсэн. Ер нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйлдвэрчний эвлэл маш хариуцлагатай ажилладаг юм билээ. Анх хамтын ажиллагаа гэрээ байгуулж, гурван жил тутамдаа ажлаа дүгнэдэг. Үйлдвэрчний эвлэлтэй ярилцаад, хамтын ажиллагаагаа хийсэн. Нэг жилийн хугацаанд чамлахааргүй анхаарч ажилласан.

Өмнөх байсан хүмүүстэй холбоотой асуудал бий. Тухайлбал, ажилдаа ирэхгүй мөртлөө цалин авдаг хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн ажилдаа ирчихээд цагаа бүртгүүлдэггүй, өөрийнхөө дураар орж гардаг, өвчтэй гэж хэлээд өөрөө өөртөө чөлөө өгөөд явчихдаг хөдөлмөрийн сахилга бат алдагдсан зүйлсийг бүгдийг нь цэгцэлсэн. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс бүгд хөдөлмөрийн маргаан үүсгэж, шүүхэд хандсан. Шүүх үнэн мөнийг нь тогтоогоод, бидний талд гарсан зүйлс ч бий.

-Оффтейк гэрээний үлдэгдлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр төмөр замтай холбоотой оффтейк гэрээнүүд байсан. Нийт оффтейк болон ам нөхцөлтэй 178 гэрээ эхэлж очиход байсан. Хугацаа дуусах нь дуусаад, хил нөхцөл рүү шилжүүлэхийг нь шилжүүлж цэгцэлсэн. Тавантолгой Гашуунсухайт төмөр замын нэг гэрээ үлдсэн. Энэ гэрээ 2024 оны 12 дүгээр сард дуусна. Нөгөө талдаа газрын тосны дамжуулах хоолой чиглэлд нэг, баяжуулах үйлдвэрийн нэг гэрээ үлдсэн байгаа. 3-4 гэрээ үлдсэн. Зарим гэрээнүүд дээр нөгөө талд асуудлуудыг тавьж, зарим хэлэлцээрүүд амжилттай болсон.

Тухайлбал, нүүрсээр өгдөг гэрээнүүдийн хувь хэмжээг бууруулах байдлаар ашигтай тохиролцоо хийсэн зүйл бий. 90 хувийг нь нүүрсээр, 10 хувийг нь мөнгөөр авна гэсэн гэрээн дээр хэлэлцээ хийж байгаа 70 хувийг нүүрсээр, 30 хувийг нь мөнгөөр шийдвэрлэсэн зүйл бий. "Эрдэнэс Тавантолгой" ХК цаашид нэг ч оффтейк гэрээ хийхгүй гэдгийг Засгийн газар хатуу шийдсэн. Онцгой дэглэмийн хугацаанд нэг ч оффтейк гэрээ хийгдээгүй. Оффтейк гэрээнүүдийг аль болох дуусгаад зарим нэг дээр нь өөрчлөлт оруулсан. Цаашид ажиллах зүйлс бий.

Б.Жавхлан: Бид зорилтот халамжийн хэсгээ огт орхиж болохгүй. Халамжийг нэмэхгүй байх нь л чухал
Б.Жавхлан: Бид зорилтот халамжийн хэсгээ огт орхиж болохгүй. Халамжийг нэмэхгүй байх нь л чухал
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.