Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзултай ярилцлаа.
-Даатгалын компаниуд орон нутагт орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргах боломжтой болсон. Даатгалын салбар энэхүү хүрээнд ажиллахад бэлэн байна уу. Ямар бэлтгэл ажил хийгдэж байна вэ?
-Даатгалын салбар бизнес болон нийгэмд тустай хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, та бүхний мэддэг, даатгалын эрсдэлд нөхөн төлбөр өгдөг. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт болон баталгааны чиглэлээр ажилладаг. Даатгалын компани харилцагчдаас цуглуулсан мөнгөө тодорхой хэмжээнд нөөцөд байршуулаад, түүгээрээ хувьцаа, бонд, Засгийн газар, Төв банкны үнэт цаас худалдаж авдаг. Энэхүү хүрээнд баталгаа гаргах боломжтой байдаг. Хуулийн хувьд өмнө нь Иргэний хуулиар баталгаа, батлан даалт гаргах зохицуулалт байсан боловч яг ямар чиглэлээр гаргах нь Даатгалын тухай хуульд нарийн зохицуулагдаагүй байсан. 2022 онд хуульд орсон өөрчлөлтөөр даатгалын компаниуд тендерийн баталгаа болон ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгаа дээр ажиллаж болох зохицуулалт орсон. Үүнээс үүдэлтэйгээр Монголбанк ипотекийн зээлийн журамдаа өөрчлөлт оруулж, урьдчилгаанд даатгалын баталгааг зөвхөн орон нутагт гаргахаар зохицуулсан. Үүний дагуу даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд танилцуулж, зөвшөөрөл авдаг. Энэ процесс нь яваад одоогоор хоёр компани зөвшөөрлөө авчихсан байна. Бас нэг хийгдсэн ажил нь бид банкуудад бүтээгдэхүүнээ танилцуулж, тодорхой хэмжээний ойлголцолд хүрсэн. Тухайлбал, Төрийн банк орон нутагт ипотекийн зээлийн эх үүсвэрийг өөрсдөө шийдвэрлэн идэвхжүүлж эхлэх гэж байна. Зарим даатгалын компани Төрийн банктай хамтран энэхүү үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болсон.
-Орон нутагт ипотекийн зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргаснаар иргэдийн эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар нөлөөтэй байна гэж та харж байна вэ?
-Монголчуудын санааг зовоосон асуудал яах аргагүй Улаанбаатарын түгжрэл, хэт их төвлөрөл болоод байна. Тэгэхээр төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих үүднээс Засгийн газраас орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, ажиллах хүчийг орон нутаг руу чиглүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хөтөлбөрийг өргөжүүллээ. 2024 оны төсөв дээр мөн энэ чиглэлийн төлөвлөгөө, эх үүсвэрүүд туссан гэж ойлгосон. Орон нутагт өр, орлогын харьцаа, зээл авах чадвар байгаа ч гэсэн урьдчилгаа төлбөр хуримтлуулж чадаагүй залуу гэр бүлүүдэд даатгалын компаниуд баталгаа гаргаж өгснөөр амьдралын чанарыг дээшлүүлэх, нэг ч гэсэн янданг байхгүй болгож, утааг бууруулахад хувь нэмрээ оруулна. Ганцхан Улаанбаатар гэхгүйгээр, хөдөө орон нутагт утаатай болсон. Тиймээс олон талын ач холбогдолтой гэж бодож байна.
-Орон нутагт батлан даагаад зээл гаргавал нөгөө талдаа эрсдэл байх болов уу. Тодорхой хэмжээний эрсдэл байгаа гэж харж байна уу. Зохицуулалт нь ямархуу байх вэ, даатгалын компани зохицуулалт хийх боломж хэр байх вэ?
-Аливаа бизнес ямар ч эрсдэлгүй байна гэж байхгүй. Даатгалын компаниуд бүх эрсдэлээ тооцоод түүний дагуу бүтээгдэхүүнээ загварчлаад, үнэ мөнгөө гаргаад Санхүүгийн зохицуулах хороогоор хянуулдаг. Нөгөөтээгүүр, даатгалын компани борлуулалт хийгээд, түүгээрээ эрсдэлийн нөөц сан байгуулдаг. Ямар нэгэн хохирол гарвал тэр нөөц сангаасаа харилцагчдад өгч, хохиролгүй болгох үүрэгтэй. Даатгалын бизнесийн үндсэн зарчим нь эрсдэлийг л өөртөө авч, харилцагчийн эрсдэлийг бууруулах шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь эрсдэлийг үнэн зөв, бодитоор үнэлж, харилцагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хөрөнгө оруулалтаа сайн хийж, удирдах нь чухал юм.
-Даатгалын компаниуд орон нутагт хэр хүрч ажилладаг вэ?
-Одоогийн хууль зохицуулалтаар даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутагт төлөөлөгчийн газар байгуулахдаа зөвшөөрөл авч ажилладаг. Зөвшөөрөл авсны үндсэн дээр хаяг, байршилд тодорхой ажилтнуудыг ажиллуулж байгаа. Аймаг болгонд 7-10 даатгалын компанийн салбар, төлөөлөгч нар ажилладаг, хүртээмж нэлээн сайн гэж үзэж болно. Тэр ч байтугай суманд хүртэл даатгалын компанийн төлөөлөгч ажиллаж байгаа. Хоёрдугаарт, сүүлийн үед онцлох сэдэв болсон технологийн асуудал, орон зай цаг хугацааны асуудлыг хялбар шийдэж байна. Даатгалын компаниуд янз бүрийн шийдлүүдийг харилцагчдадаа санал болгож байна. Цаг хугацаа, орон зайнаас хамааран бүтээгдэхүүн авах боломж нээлттэй.
-Та ерөнхийд нь сая яриад эхэлчихлээ, даатгалын салбар эрчимтэй хөгжөөд эхэлчихлээ гэдэг агуулгыг та сая хэлэх шиг боллоо. Үүнийг дэлгэрүүлээд энэ салбар ямархуу байдалтай байна вэ?
-Олон улсын хувьд даатгалын салбарын ДНБ-д эзлэх хувь 3-6 хувь байдаг. Харин Монгол Улсын хувьд 0.66 хувьтай байдаг. Тэгэхээр дэлхийн дунджаас харьцангуй бага байгаад байна. Одоогоор 18 компани, хөрөнгө оруулагчид энэхүү салбарын хөгжлийн төлөө явж байна. Олон улсад даатгалын салбараа тодорхой хэмжээнд бодлогоор дэмжээд томруулж, хөгжүүлдэг. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улсад тохиолдож байгаа бүх эрсдэлийг даатгалын компаниуд даатгагдсан эрсдэлээр хаагаад явж байгаа. Гэхдээ ихэнх нь сайн дурын даатгал учраас хүмүүс даатгалын хойш тавих, эрсдэлээ сайн ухаарч, удирдах мэдлэг, боловсрол дутмаг байна. Олон улсад үүнийг бодлогоор томруулж, заавал даатгалд хамрагдахыг шаарддаг. Сүүлийн үед улс орнууд даатгалын салбарыг эдийн засгийн дархлаа гэж үзэн, энэ чиглэл рүү харж байна. Тэгэхээр манай эдийн засаг дархлаатай юу? Өнөөдөр Улаанбаатарт газар хөдлөлт мэдрэгдээд байна гэдэг гэтэл бүх байшин нураад унахад манай улсын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой явж чадах уу, түүнээс хамгаалах нөөц хөрөнгө байгаа юу. Үүнд даатгалын салбараа тодорхой хэмжээнд бэлдэх ёстой.
-Орон нутагт иргэдэд санал болгож буй бүтээгдэхүүний тухай тайлбарлаад өгөөч, 30 хувийн урьдчилгааны хэдэн хувь дээр батлан даалт орж ирэх бэ. Иргэний зүгээс ямар нөхцөл хангасан байх ёстой бэ?
-Тухайн иргэний авах гэж байгаа байрыг 100 хувь гээд бодвол 100 хувиар ч зээл авах боломжтой. Гэхдээ ганцхан нөхцөл хангасан байхыг шаардана, тэр нь банкуудын тавьдаг өр, орлогын харьцаа 45 хувиас бага байх ёстой гэсэн нөхцөл. Үүнийг л хангаж байвал 100 хувь хүртэл зээлээ аваад, 30 хувь дээр нь батлан даалт гаргаж болно гэсэн үг. Тэрийгээ хангахгүй бол урьдчилгаа төлбөрийн 10 хувиа иргэн өөрөө бүрдүүлээд, 20 хувийн даатгалын компани гаргаж болно. Гол нь өр, орлогын харьцаа 45 хувиа хангаж байвал эрүүл, тэр нь 0-30 хүртэл гаргах боломжтой. Үүнтэй холбоотойгоор бас нэг зүйл онцлоход даатгалын компаниуд МИК-тай уулзалт хийгээд эхний ойлголтод хүрсэн. Өөрөөр хэлбэл, банкуудын даатгалын баталгаатайгаар гаргасан ипотекийн зээлийн багцыг МИК хүлээн зөвшөөрч, үнэт цаасжуулах ёстой. Ийм боломж, нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр энэ талаар МИК, даатгалын холбоо уулзаад ойлголцчихсон. Одоо журамд өөрчлөлт оруулах зэрэг бичиг цаасны ажилбар хийгдэх юм билээ.