Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих асуудал яригдаж буй. Тэгвэл гаднын улсуудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хэрхэн арга хэмжээ авдаг, тэр дундаа Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн Японд хэрхэн шийтгүүлдэг вэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөнд оролцох явдлыг тэвчдэггүй, хамгийн хатуугаар шийтгэдэг улс орнуудын нэг нь Япон юм.
Энэ зууны эхээр тус улсад архидан согтуурахтай холбоотой замын хөдөлгөөний осол эндэгдлийн тоо өндөр байсан тул эрх баригчид хатуу арга хэмжээ авахаар шийдэж байжээ.
Ингээд 2002 онд хуулиа шинэчилснээр ийм шалтгаанаар хүний амь нас эрсдэх үзэгдэл тэр дороо тал хувиар буурч, дараагийн таван жилд 80 хувиар буурсан байна.
Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн шийтгэл шинэ хуулиар маш хатуу болсон нь үүнтэй холбоотой.
Тухайлбал жолоочийн цусан дахь спиртийн хэмжээ 0.03-0.04 хувьтай гарсан бол гурван жил хүртэл хугацаагаар хорьж, 5,000 ам.доллароор торгож, жолоо барих эрхийг нь 3 сараар хасдаг болжээ.
Энэ нь жижиг аягатай шар айраг уух хэмжээний согтолтын түвшинд оноох шийтгэл юм.
Харин 0.04 хувиас хэтэрсэн тохиолдолд таван жил хүртэл хугацаагаар хорьж, 10,000 ам.доллароор торгож, жолооны эрхийг нь бүрмөсөн цуцалдаг болжээ.
Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцох үеэр хажуудаа зорчигчтой явсан бол согтуу хүнээр жолоо бариулсан зорчигч бас хатуу шийтгүүлдэг болсон байна. Энэ тохиолдолд зорчигчид 5,000 ам.доллартай тэнцэх торгууль оноож, гурав хүртэл жил хорих шийтгэл оноодог юм байна.
Асуудал ингээд зогсохгүй. Жолоочид согтууруулах ундаагаар үйлчилсэн баар, ресторан бас шийтгэл хүлээдэг ажээ.
Тийм учраас ресторан, уушийн газруудын зөөгч нар согтууруулах ундаа захиалсан үйлчлүүлэгчээс ирэхдээ автомашинтай ирсэн эсэх, явахад нь хэн жолоо барихыг асууж лавладаг юм байна.
Үүний үр дүнд дуудлагын жолоочийн үйлчилгээ, спиртийн агууламжгүй шар айраг, дарс зэрэг ундааны сонголт Японд их болсон гэнэ.
Бас нэг сонирхолтой зүйл нь Японы энэ хууль бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолоочид, тэр ч байтугай дугуй унасан хүнд бас үйлчилдэг байна. Дугуй унаж яваа байдал нь сэжигтэй харагдвал цагдаа нар зогсоож, согтолтын хэмжээг нь шалгадаг гэнэ.
Эх сурвалж: Forbes