Эдийн засгийн чадамжаар авч үзвэл нийслэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд улсын төсвийн хуваарилалтад найдаж, бие даасан байдал гэх үгийг хэлэхэд тийм ч зохимжтой биш байв. Энэ хэрээрээ тогтвортой санхүүжилт хийх боломж бага тул томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилж ирсэн. Харин 2021 оны долоодугаар сарын 1-нд батлагдсан нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бонд гаргаж болно гэсэн зохицуулалт орж ирсэн байдаг. Энэ бол хот санхүүгийн эрх мэдэл олж авахад чухал гарц болж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвөөс гадна өөр санхүүжилт босгож нэн шаардлагатай бүтээн байгуулалт, ажлуудад зарцуулна гэсэн үг. Ийнхүү гарц хэдийнэ нээгдсэнээс хойш цаг алдахгүйгээр бонд босгох ажил эхлүүлснээс хойш багагүй бэлтгэл ажлуудыг хийсэн аж. Тиймдээ ч өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр СЗХ-ноос 500 тэрбум төгрөгийн бонд босгох зөвшөөрлөө авч чадав. Нэг талдаа ажил ийн өрнөж байхад нөгөө талд бондын зарцуулалт, баталгаа, урт хугацаандаа бидэнд ямар үр өгөөжтэй вэ зэрэгт олон нийт анхаарал хандуулж буй.
-Бондын эх үүсвэртэй 150 тэрбум төгрөгөөр Сэлбэ сэргэлт төслөө урагшлуулах нь үерийн байгууламжаа сайжруулж, болзошгүй гамшгаас сэргийлэхэд чухал шийдэл болно-
Бондыг бид хамгийн энгийнээр "өрийн бичиг" хэмээн хардаг. Тэгвэл эрсдэл үүрэн байж 500 тэрбумын бонд босгоод түүнийгээ юунд, яг юунд зарцуулах гэж байна вэ гэж асуух хүмүүс их.
Орон нутгийн анхны бонд гэдгээрээ Сангийн яамны хатуу хараа хяналт дор хот байгаа. Энэ утгаараа хяналтгүй, төлөвлөгөөгүй төлөвлөлтийг хийгээгүй нь мэдээж. Албаныханы мэдээлснээр нийслэл шууд болон шууд бус орлогоос жилдээ 2 их наяд төгрөгийг олдог. Өөрөөр хэлбэл, орлогынхоо 1/4-д нь бонд босгож байна гэсэн үг.
Олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртээд байсан хагас коксон түлшний туршилттай холбоотой зардалд 34 тэрбум төгрөг байхаар шийдэгдсэн. Дараагаар Сэлбэ сэргэлт төсөлд 150 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд уг төсөл нь Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшгаас сэргийлж далан байгуулах, Улаанбаатар хотын автозамын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх гэж төсөл юм. Уг төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хот гаргасан бондны эх үүсвэрээсээ 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдсэн.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж буй царцсан сургууль, цэцэрлэгийн 36 барилгыг гүйцээхэд 100 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах болон дэд бүтцийг сайжруулах чиглэлд төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ хэмээн мэдэгдсэн. Гэхдээ эхний ээлжинд 270 тэрбумын санхүүжилтийг Сэлбэ сэргэлт болон царцаад буй сургууль, цэцэрлэгийн төслүүдтэй холбоотой зарцуулалтуудыг хийхээр болоод байгаа аж.
-Ирэх жилийн зургаадугаар сард үерийн эрсдэл 2 дахин нэмэгдэж болзошгүй гэж байгаа учраас Сэлбэ сэргэлт төслийг яаралтай эхлүүлнэ-
Бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүд дундаас Сэлбэ сэргэлт төслийг онцлох нь зүй. Үерт өртсөнийхөө дараа бус өртөхөөсөө өмнө болзошгүй эрсдлээс сэргийлж арга хэмжээ авсан байх ёстой гэх хатуухан сануулгыг энэ зуны үерийн гамшгууд бидэнд өгсөн. Иймдээ ч олон нийт болоод Ерөнхий сайдын зүгээс тухайн төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатайг онцолж байв. Хотын дарга Д.Сумъяабазар ярихдаа "Сэлбэ сэргэлт төслийг яаралтай эхлүүл хэмээн үерт өртсөн айл өрхүүд их бичиж байгаа. Ирэх жилийн зургаадугаар сард үерийн эрсдэл 2 дахин нэмэгдэж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас хэлж байна. Эрүүл аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй учраас бид энэ чиглэлд ажиллаж байгаа" гэв. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгөөр нэн тэргүүнд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд дундаа тус төслийг багтаасан нь оновчтой хэмээн харж болохоор байна. Магадгүй төсөв гар харж сууж, одоогийн нөхцөл байдалтайгаа эвлэрвэл бид ойрын хэдэн жилдээ Сэлбэ сэргэлт төслийн үр өгөөжийг харахгүй ч байж болох юм.
-270 тэрбумаар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн үр өгөөжтэй төслүүд мөн үү-
Бондын эх үүсвэрээр санхүүжих төслүүд эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Гэвч одоогийн танилцуулсан эл төслүүдийг нийгмийн шинж чанартай хэмээн шүүмжлэх хүмүүс их байна. Харин хотын удирдлагууд энэ талаар тайлбарлахдаа орон нутгийн бондыг сонирхсон хүмүүс эдийн засгийн үр өгөөжөөс гадна хөгжлийн хөтөлбөрийг хардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн шинж чанартай хэмээн харж буй дээрх төслүүд нь урт хугацаандаа хотын хөгжилд чухал нөлөө үзүүлэх үр өгөөжтэй төслүүд хэмээн харж буйгаа илэрхийлж байна.
Нөгөө талдаа удаан хугацаанд хэрэгжиж үр дүн нь гарахгүй байгаа сургууль цэцэрлэгийн төслүүд дээр улс тэр хэрээрээ алдагдал хүлээсээр ирсэн. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн барилгыг хугацаанд нь дуусгаагүйгээс өнгөрсөн хугацаанд барилгын материал, инфляцаас шалтгаалан 30 хүртэлх хувийн үнийн өсөлтийг санхүүжилтийг хот шийдвэрлэжээ. Хэрэв энэ төслүүдийг хурдан хугацаанд шийдэж чадвал дараа дараагийн түвшинд гарах санхүүгийн хүндрэлтэй байдлаас салж чадна гэж хэмээн үзэж буй аж. Магадгүй нэг түүнээс ч олон жилээр хойшлуулсаар байвал тэр хэмжээгээрээ үнийн өсөлттэй холбоотой гаргах санхүүжилт өссөөр байх болно гэсэн үг юм.