Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим өнөөдөр 21 дүгээр их хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Одоогоор 13 хүн албан ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөөд буй. Тэгвэл МҮХАҮТ-ын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын үйл ажиллагаа чиглэлд ямар мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа талаар зарим нэр дэвшигчдийн байр суурийг хүргэж байна.
-Танхимаа мэргэжлийн, эрч хүчтэй, хараат бус байлгах зорилго тээж Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна-
“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга: МҮХАҮТ бол монголын хувийн хэвшлийг төлөөлөх хамгийн том ууган ТББ гэж хэлж болно. Өнөөгийн нийгэмд хувийн хэвшлийн дуу хоолойг хүчтэйгээр хүргэх үйл явц сул болоод байна. Энэ хэрээр гарч буй бодлого чиглэл болоод бизнес эрхлэгчдийн нэр хүнд тийм ч сайнгүй байгаа. Эдгээр асуудлыг багцлаад шийдвэрлээд явах боломжтой байгууллага нь МҮХАҮТ. Танхим бол нэгдэл. Зах зээлд өрсөлдөж байгаа бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсдог нөгөө талаасаа зах зээл дээр шинээр үүсч буй боломжуудыг хоорондоо ярилцаж мэдээлэл солилцдог нээлттэй орон зай гэж хэлж болно. Энэ орон зайд улс төрийн оролцоо асар их орж ирж байна. Аль нэг улс төрийн хүчний нөлөөлөл ороод ирэхээр хувийн хэвшлийн дуу хоолой саармагжиж хүчээ алддаг. Тиймээс танхимаа илүү мэргэжлийн, эрч хүчтэй, хараат бус болгох шаардлага бидэнд бий. Миний хувьд энэ зорилгыг тавьж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.
Дотоодын зах зээлд татварын орчин буюу нэмүү өртгийн албан татвар бизнесүүдэд дарамт үзүүлдэг. Татварын тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх аль эсвэл татварын хэмжээг бууруулах ёстой. Нөгөө талаасаа би маш олон жил нийгмийн даатгалын шимтгэлийн талаар ярьж ирсэн. Нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийн ажил маш чухал. Олон улсын түвшинд авч үзвэл, манай улс өөрийн гэсэн худалдааны асуудал эрхэлсэн тухайлсан яамгүй. Одоогийн нөхцөл байдалдаа уялдуулаад бид гадаад худалдаа тал дээр импортын давуу байдал аль эсвэл хөнгөлөлттэй нөхцлийг олж авах хэрэгтэй.
-МҮХАҮТ-аар дамжин хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг ил тод, ШИЛЭН БОЛГОНО-
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми: Миний бие сүүлийн жилүүдэд нэлээн олон талын судалгаануудыг хийсэн. Судалгаанаас харахад, улс орны хөгжилд хамгийн чухал хөгжил дэвшлийг бий болгодог зүйл нь бизнесийн орчин, ялангуяа ААН үйл ажиллагаагаа явуулахад нь саад бэрхшээл учруулахгүй таатай орчин байх явдал. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын сонгуулийг харахад, эмэгтэй хүн хэзээ ч нэр дэвшиж, сонгогдож байгаагүй юм билээ. Дандаа эрэгтэй хүмүүс нэр дэвшиж байсан. Нэгдүгээрт, бизнесийн орчныг сайжруулах. Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг бизнесийн орчинд хүргэх гэх үүднээс нэрээ дэвшүүлсэн. МҮХАҮТ-ын хамгийн чухал гэж хэлж болох үүргүүдийн нэг нь бизнесийн таатай орчинг бий болгох. Гэтэл өнгөрсөн хугацаанд танхим энэ үүргээ хангалттай хэмжээнд биелүүлээгүй гэж би дүгнэж байгаа. Би хариуцлагатай, хүртээмжтэй, хэрэгжүүлэлт гэсэн гурван Х мөрийн хөтөлбөрийг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд нэгдүгээрт, МҮХАҮТ-аар дамжин хэрэгжиж буй гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг ил тод, шилэн болгоно. Хоёрдугаарт, 21 аймаг дахь салбарууддаа танхим өөрийн зарим чиг үүргийг шилжүүлэх ёстой гэж харж байгаа. Гуравдугаарт, тэргүүлэгчдийн түвшинд аймаг, орон нутгийн төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн эмэгтэйчүүдийн тоог ч нэмэгдүүлэх ёстой.
-Бизнес хийхэд төрийн хамгаалалт хамгийн чухал. Танхимын шинэчлэл тод, тодорхой, зорилготой байх ёстой-
"Коёотэ" ХХК-ийн захирал Д.Бямбасайхан: Би мөнхөд бизнес хийхгүй. 20,30 жил бизнесийн орчинд ажиллалаа. Би хэзээ тэтгэвэрт гарахаа мэднэ. Маргааш ч гарч болно. Гэхдээ биднээс хойш яах юм бэ. Биднээс хойш миний үр хүүхэд, залуус үлдэнэ. Тэдэнд зөв орчин, зөв явах нөхцлийг бүрдүүлж өгөх үүрэг нь бидэнд бий. Алдаж, онож үзлээ. Болох, болохгүйг ялгаж сурлаа. Бүртгүүлсэн гишүүн байгууллагууд бүгд ирээд сонголтоо зөв хийгээсэй. Хэн нэгний үг, эрх ашиг, бүлэглэлд бүү ороорой. Өнөөдрийн хийсэн сонголт бидний маргааш, нөгөөдрийг илэрхийлнэ. Мөрийн хөтөлбөр гэдэгт хорвоогийн гоё бүхнийг наамааргүй байна. Бизнес хийхэд төрийн хамгаалалт хамгийн чухал. Бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Байгууллагын шинэчлэлийг бид өөрсдөө хийх ёстой гэсэн үг. Тэгж байж бусдаас шаардах эрх үүснэ. Иймээс танхимын шинэчлэлт өөрөө тод, тодорхой, зорилготой байх ёстой.
-Төрийн бус хувийн хэвшил давамгайлсан бизнесийн орчинг бий болгож хангаж ажиллахад анхаарна-
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд: Бизнесийн орчинг таатай болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх ёстой. Татварын бодлого нь өөрөө зөв зохистой явах ёстой. Дарамтгүйгээр. Харин ч ААН-үүдийг өсөн бойжиж хүчирхэг болоход нь дэмжлэг үзүүлэх хэмжээний бодлоготой болох ёстой. Энэ хэрээрээ бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор төсвийн зарцуулалт нь хийгдэнэ. Төрийн давамгайлсан биш хувийн хэвшлийн давамгайлсан бизнесийн орчинг бий болгож хангаж ажиллахад анхаарна гэсэн бодолтой байна. Мөн төр засаг, эрх мэдэлтнүүдтэй харилцах харилцаагаа зөв түвшинд авч ирэх шаардлага байна. Хугацаа нь дуусахад залгамжлагчаа зүтгүүлдэг байж болохгүй. Би сонгогдож чадвал жил бүр бизнес эрхлэгчдийн сэтгэл ханамжинд үндэслэн огцрох эсэхийг шийддэг тогтолцоог бий болгоно.