Нүүрсний гэх тодотголтой хэргийн процесс шүүхийн шатанд өрнөж, олон нийт эл хэрэгт чих тавин анхаарал хандуулж буй. Тэгвэл Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд ямар алдаа зөрчлүүд илэрч байсан талаар бэлтгэн хүргэж байна.
-Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргаснаас 419.7 тэрбум төгрөгийн АМНАТ-ыг улсын төсөвт төлөхгүй байх нөхцөл бүрдсэн-
Аудитын тайланд "Засгийн газар нь эрх мэдлээ хэтрүүлсэн" хэмээн дурджээ. Тодруулбал, 2014 оны 220, 2015 оны 102, 103, 2019 оны 342, 465 дугаар тогтоолуудаар нүүрс, төмрийн хүдэр, төмрийн баяжмалын хувьд АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээний үнээр тооцсон борлуулалтын үнэлгээнээс ногдуулж тооцох нөхцөлийг бүрдүүлж, бусад ашигт малтмал экспортлогч ААН-үүдэд давуу байдал олгосныг Засгийн газрын “Тогтоол хүчингүй болгох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2021 оны тогтоолоор зогсоосон аж. Ингэснээр хуулийн дагуу АМНАТ-ыг ногдуулах боломж бүрдсэн байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын дээрх шийдвэр нь зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд 2018-2021 онд экспортолсон нүүрсэнд ногдох 419.7 тэрбум төгрөгийн АМНАТ-ыг улсын төсөвт төлөхгүй байх нөхцөл болсон байна
-Иргэн, ААН-ийн төлөөллийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаагаас том хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлж байна-
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан ААН-үүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан. Энэ нь нийт хувьцаа эзэмшигчдийн 14.8 хувийг эзэлж байгаа иргэн, ААН-ийн төлөөллийг ТУЗ-ийн хараат бус 4 гишүүн хэлбэр төдий хэрэгжүүлж, тэдний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Энэ нь компанид сайн засаглалын зарчим хэрэгжихгүй зөвхөн том хувьцаа эзэмшигч (Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол ХХК зэрэг шийдвэр гаргах эрх бүхий этгээд)-ийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах, тэдгээрийн төлөөлөл удирдлагаар томилогдох нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн аудит дүгнэжээ
-Ерөнхийлөгч, Засгийн газар хөндлөнгөөс нөлөөлж, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг зах зээлийн зарчмаар ажиллуулаагүй-
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг засаглалын хувьд зах зээлийн зарчмаар ажиллуулахгүй Төр /Ерөнхийлөгч, Засгийн газар/-ийн шийдвэрээр үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж буй талаар дүгнэлтэд дурджээ. Ингэхдээ компанийн орлого, ашгаар ТЭЗҮ-д тусгасан ордыг цогцоор нь үр ашигтай ашиглах, нэгдсэн төлөвлөлтийн хүрээний дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүйгээр нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудалд зарцуулсан нь ордын үнэ цэнийг бууруулах, насжилтыг богиносгон, сорчилж ашиглахад хүргэсэн байна.
-Төрийн шийдвэрээр 2020 онд ЭТТ ХК БНХАУ-д үзүүлэх буцалтгүй тусламж болох 30 мянган хоньд 2.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ-
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг байгуулж, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойших компанийн орлого, ашгаас Төрийн шийдвэрээр нийгмийн болон төсвийн шинж чанартай дараах асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Тухайлбал,
▪ Хүний хөгжил санд 2011 онд 217.6 тэрбум, 2012 онд 80.2 тэрбум, 2013 онд 120.6 тэрбум төгрөг нийт 418.4 тэрбум;
▪ БНХАУ-д үзүүлэх буцалтгүй тусламж (30000 хонь)-д 2020 онд 2.9 тэрбум;
▪ “Азийн хүүхдүүд” олон улсын спортын YII наадмын хүрээнд 2019 онд 5.0 тэрбум;
▪ Засгийн 2022 оны 220 дугаар тогтоолоор Эрдэнэс Монгол ХХК-ийн МУХБ дахь 117.2 тэрбум төгрөгийг зээлийн төлбөрийг төлсөн (эх үүсвэр нь 2018 оны төрийн өмчийн ногдол ашиг болох 880.2 тэрбум төгрөгөөс 117.2 тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол ХХК-д хуваарилж, МУХБ-ны өрийг төлсөн);
▪ Засгийн газрын 2022 оны 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн БНХАУ-ын Норинко интернэйшнл күүпэрэшн компанитай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Газрын тос дамжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах арилга угсралтын ажил гүйцэтгэх” гэрээний үнэ болох 388.1 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 59.7 тэрбум;
▪ Засгийн газрын 2021 оны 206, 353 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 22 дугаар тэмдэглэлд үндэслэн “Богдхан төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын 1,404.9 сая ам.долларыг нүүрсээр болон бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар шийдвэрлэж, 2022 онд 130.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна
-Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалинг хуульд зааснаас 3.5 дахин өндөр бодож, 567.7 сая төгрөгийн цалинг илүү олгосон-
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүдэд сарын 1.3 сая, хараат бус гишүүдэд 1.8 сая төгрөгийг олгосон. Мөн 2019 оны 9 дүгээр сараас эхлэн төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүдэд 2.2 сая, хараат бус гишүүдэд 3.1 сая төгрөгийн цалинг тус тус олгосон нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын 3.721 - д заасан түвшнээс дунджаар 3.5 дахин өндөр байснаас ТУЗ-ийн гишүүдэд 567.7 сая төгрөгийн цалинг илүү олгосон байна.
-ТУЗ-ийн тогтоолоор компанийн газар, хэлтэс алба нь орлогч даргагүй байхаар дахин бүтцийн өөрчлөлт хийсэн ч 30 орон тоо нэмэгдсэн-
Эрдэнэс Тавантолгой ХК зохион байгуулалтын бүтэц орон тоог оновчгүй, үр ашиггүй хийсэн талаар ч мөн адил тус тайланд дурдсан байна. Тодруулбал, тус компанийн ТУЗ-өөс 2010-2022 онд нийт 13 удаагийн шийдвэр гаргаж, компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байна. Компанийн орон тоо 2011 онд 243 байсан бол 2021 онд 946, 2022 онд 1086 болж нэмэгджээ. Уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэхээр бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог нэмэгдүүлсэн ч бодит байдалд ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагааг өргөтгөх зорилтууд хэрэгжээгүй байхад бүтцийг хэвээр хадгалж, орон тоог тогтмол нэмэгдүүлсэн нь үйл ажиллагааны зардлыг өсгөж, ашигт ажиллагааг бууруулж байна.
Тухайлбал,
-ТУЗ-ийн 2018 оны 17 дугаар тогтоолоор олон улсын зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил хангах, нүүрс тээврийн жолооч нарын ажиллах орчныг сайжруулах, шинээр нүүрс шинжилгээний лаборатори байгуулах, гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлээр 54 орон тоо нэмэгдсэн ч үр дүнд хүрээгүй;
-ТУЗ-ийн 2018 оны 26 дугаар тогтоолоор компанийн хувьцааг олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлд арилжаалан эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах үндэслэлээр 21 орон тоог нэмсэн ч хувьцаа гаргах үйл ажиллагаа үр дүнд хүрээгүй;
-ТУЗ-ийн 2018 оны 33 дугаар тогтоолоор компанийн газар, хэлтэс алба нь орлогч даргагүй байхаар дахин бүтцийн өөрчлөлт хийсэн ч 30 орон тоо нэмэгдсэн;
-Бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаасаа халагдаж, эргэн томилогдсон 15 ажилтанд 565.3 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ-
Бүтцийн олон удаагийн өөрчлөлт болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ажлаас халагдаад шүүхийн шийдвэрээр буцаан томилсон 2019 онд 5 ажилтанд 68.1 сая, 2020 онд 6 ажилтанд 391.2 сая төгрөг, 2021 онд 3 ажилтанд 104.3 сая, 2022 онд 1 хүнд 1.7 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
-Чалко трейдинг хонконг ХХК-д бусад компаниудаас хямд үнээр нүүрс борлуулах гэрээ байгуулснаар 306.2 тэрбум төгрөг олох боломжоо алдсан-
Эрдэнэс-Тавантолгой ХК 2018-2022 онд Чалко трейдинг хонконг ХХК-д Цанхийн зүүн уурхайгаас 14.4 сая тонн коксжих нүүрс борлуулахдаа бусад компанид коксжих нүүрс борлуулсан үнээс тонн тутамд 0.4-13.5 ам.доллароор доогуур үнээр борлуулахаар гэрээ байгуулснаар 107.3 сая ам.доллар буюу 306.2 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдсан байна. Энэ нь Цагаан хад хүртэл тээвэрлэх нөхцөлтэй коксжих нүүрсний үнийг тонн тутамд 89.0 ам.доллароор тогтоохоор байхад Эрдэнэс-Тавантолгой ХК, Чалко трейдинг хонконг ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний 8.1-д 70.0 ам.доллар буюу 19.0 ам.доллароор бага тогтоосноос шалтгаалсан хэмээн аудитын гүйцэтгэлийн тайланд дурджээ.
-2019 онд 1 тэрбум 85 сая төгрөгийг гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах бэлтгэх ажлыг хангах зорилгоор санхүүжүүлсэн ч тус ажил нь цуцлагдаж, үр дүн гараагүй-
Бусад үйл ажиллагааны зардлын хувьд: Эрдэнэс-Тавантолгой ХК гадаад томилолтод 2018 онд 826.8 сая, 2019 онд 1 тэрбум 173.3 сая, 2020 онд 24.9 сая, 2021 онд 64.7 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Ингэхдээ гадаад томилолтод 2019 онд зарцуулсан нийт зардлын 92.5 хувь буюу 1,085.6 сая төгрөгийг гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах бэлтгэл ажлыг хангах зорилгоор санхүүжүүлсэн ч хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажил 2020 оны 4 дүгээр сард цуцлагдаж, ажлын үр дүн гараагүй байна
-Будда 55 ангит киноны эрх худалдан авах, олон нийтийн хүртээл болгох ажилд 150 сая, малчдын хороо бууц, гар худгийг сэргээн засварлахад 100 сая төгрөг зарцуулжээ-
Эрдэнэс-Тавантолгой ХК нийгмийн хариуцлага нэрээр 2018 онд 531.5 сая төгрөг, 2019 онд 1,274.5 сая, 2020 онд 4,490.2 сая, 2021 онд 17,427.3 сая, 2022 онд 1,217.0 төгрөгийг баяр тэмдэглэх, арга хэмжээ зохион байгуулах зэрэгт зарцуулжээ. Тухайлбал, 2018 онд
- Цагаан сарын баяраар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны зардалд 20.7 сая;
- "Сонирхогчдын улсын аварга шалгаруулах сум дундын волейболын тэмцээн"-ий зардалд 3.7 сая;
- Монгол Улсын хурц Арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаан зохион байгуулах зардалд 3.0 сая;
- Орон нутгийн албан байгууллагуудад тараах материалын зардалд 2.0 сая;
- "Аз жаргалтай гэр бүл" аяны зардалд 2.4 сая;
- 6 дугаар сургуулийн ойн арга хэмжээнд 1.5 сая;
- Ажилтнуудын хүүхдүүдийг зусланд амруулахад 18.7 сая;
- Цогтцэций сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа барих ажилд 59.3 сая;
- Азийн наадамд оролцох тамирчдын зардалд 8.8 сая; 2019 онд:
- Зүүн бүсийн “Тэмээний баяр-2019” наадмын зардалд 1.9 сая;
- Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн нэрэмжит гудамж байгуулах ажилд 105.7 сая;
2020 онд:
- Би багш реалити тэмцээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зардалд 100.0 сая;
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 27 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн танхимд хөгжмийн хэрэгсэл олгоход 13.8 сая;
- Будда 55 ангит киноны эрх худалдан авах, олон нийтийн хүртээл болгох үйл ажиллагаанд тусламж үзүүлэх ажилд 150.0 сая;
- Цогтцэций сумын Цагаан-Овоо хайрхан, Хонгор хайрханы овоо тахилгын үйл ажиллагааны зардалд 0.6 сая;
- Монголын оюутны спортын түүхэн хөгжил ном бүтээлгэх ажлын төлбөрт 30.0 сая;
- Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх төлбөр 30.0 сая;
- Нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-д өгөх 30,000 хонь хандив тусламжийн төлбөрт 2,852.9 сая;
- Монголын оюутны спортын Универсиад 5 наадмын үйл ажиллагааны зардалд 110.0 сая;
2022 онд:
- Борын сургуулийн гадна талбай, дотуур байрны гадна талбайд камер суурилуулахад 12.0 сая;
- Адуучин тэмцээнд 20.0 сая;
- 5 бүлгийн санаачилсан ажилд дэмжлэг үзүүлэхэд 25.0 сая;
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад багийн нутаг дахь Тайван зогсоолын эмнэлгийн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардалд 1,060.0 сая;
- Малчдын хороо бууц, гар худгийг сэргээн засварлахад 100.0 сая төгрөгийг тус тус зарцуулжээ