Өдрөөс өдөрт мартагдаж буй монгол хэл, үеэс үед алдагдаж буй өв соёлоо дэлхий нийтэд таниулах, яруу найраг, яруу хэллэгийг ард түмэндээ хүргэх үүднээс Монголд анх удаа дэлхий нийтийг хамарсан “Монгол дугаар зуун” олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл яруу найргийн наадмын талаар мөн яруу найраг дахь залуучуудын оролцооны талаар тус наадмыг санаачлагч “Дорнын гэгээн аялгуу НҮТББ”-ын гүйцэтгэх захирал Ч.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.
-Өдрийн мэнд. Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Чимэдийн Түмэндэмбэрэл гэдэг. Би Увс аймгийн харьяат, “Дорнын гэгээн аялгуу НҮТББ” холбооны гүйцэтгэх захирал. Яруу найрагч хүн байна.
-Цаг үе өөрчлөгдөж, сошиал орчин хөгжихийн хэрээр яруу найраг сонирхогчид багасаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн үеийн хүүхдүүд номтой нөхөрлөхгүй, ном уншихгүй байна. Биднийг бага байхад сургуулиас номын санд хамруулдаг байсан. Ямар ном унших чиглэлийг нь хүртэл зааж өгдөг байлаа. Гэтэл одоо цагт тэр үе шиг ном уншуулах бүр чиглэл өгөх нь багассан юм болов уу гэж бодогдож байна. Яруу найргийг яагаад заавал “яруу” гэж тодотгож өгсөн бэ гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж өгөх хэрэгтэй санагдсан.
-Шинээр гарч ирж буй залуу яруу найрагчдын ур чадвар, хандлагыг чухам юу гэж үнэлж дүгнэх вэ?
-Шинээр гарч ирж буй сүүлийн үеийн яруу найрагчид төрөл бүрийн жанраар бичдэг болсон. Мөн шүлэг, яруу найргийг уншиж, цахимаар нийтлэх болсон байна. Цахим орчинд “Уул Үүл” хэмээх шүлэг уншиж байгаагаа нийтэлсэн охин бий. Би түүнд маш их баярлаж байгаа. Шүлгийг ямар гоё уншиж байна, төдий чинээгээрээ залуучууд шүлэг, яруу найрагт дурлаж, шимтэж, сонирхоно. Сүүлийн үеийн яруу найргийн хэв маяг ахуй талдаа, илүү зураглалын хэв шинжийг агуулж бичээд байна уу даа гэж бодогдсон.
-Хүүхэд бүр яагаад яруу найргийг багаасаа ойлгох хэрэгтэй гэж та боддог вэ. Бас мөхөж болохгүй соёл гээд ярьдаг шүү дээ. Энэ тал дээр өөрийн байр сууриа илэрхийлээч?
-Миний өөрийн ойлголтоор монгол хэл соёл гэдэг бидний үндэсний ганц зүйл шүү дээ. Бидний яасан ч хаяж болшгүй, хамгийн үнэ цэнтэй баялаг. Хамгийн хэрэгтэй зүйл ус гэдэг шиг, хэл соёл гэдэг устай адил агаар нэгэн зүйл. Тийм ч учраас өөрсдийн үр хүүхэд, үе хойчид үлдээх хамгийн том зүйл гэж бодож байна.
-Тун удахгүй “Монгол дугаар зуун” олон улсын яруу найргийн наадам болох гэж байгаа шүү дээ. Уншигчдад наадмынхаа талаар товч мэдээлэл хүргэхгүй юу?
-Монгол хэл соёлтой хүн бүхэнд нээлттэй “Монгол дугаар зуун” хэмээх яруу найргийн наадам тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. Энэ наадамд маань одоогийн байдлаар 60 гаруй яруу найрагч шүлгээ өгч, бүртгүүлснээс 36 яруу найрагч наадмын тавцанд гарахад бэлэн болсон байна. Одоогоор тус наадамд уншигдах шүлгүүд нь хөрвүүлэлтийн шатанд явж байгаа.
Энэхүү наадам нь олон улсын хөрвүүлэгч, олон улсын шүүгч нар ажиллаж байгаа гэдгээрээ онцлог. Арваннэгдүгээр сарын 04-ний өдөр сүүлийн шат явагдана. Сүүлийн шатанд 5 хүн шалгарах бөгөөд ямар ч шүүгчийн оролцоогүйгээр, тухайн наадамд оролцож буй 15 хүн бие биедээ оноо өгөх зарчмаар шүүх юм. Тийм ч учраас бид наадмын шүүлтийг шударга болно дүгнэж байгаа.
-Энэхүү наадамд 9 орны яруу найрагч нар оролцоно гэсэн шүү дээ. Хаанаас яруу найрагчид ирж оролцох вэ. Яруу найрагчдыг ямар шалгуураар сонгосон бэ?
-“Дорнын гэгээн аялгуу НҮТББ” маань үйл ажиллагаагаа явуулаад 7 жил болж байна. Энэ хугацаандаа бид яруу найрагч нартайгаа “Ви чат” (Wechat)-аар холбоо тогтоож байсан. Бид холбоотой байсан яруу найрагчид руу удирдамжаа босоо монгол бичгээр илгээсэн. Тийм ч учраас Өвөрмонголоос Шинжаан Уйгур, Дээд Монголоос Халимаг Монгол мөн Буриад Монголоос яруу найрагчид оролцоно. Наадамд оролцох яруу найрагчдын хувьд уран бүтээлчид өөрсдийн саналаар оролцож байгаа. Бидний зүгээс 8 настай балчраас, 80 настай буурал хүртэл оролцох боломжийг нээсэн.
-Яруу найргийн наадмын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Биднээс шалтгаалах бэлтгэл ажил дуусах шатанд шилжиж, орчуулга хөрвүүлгийн ажил үргэлжилж байна. Тус наадам нь олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тул санхүүгийн хувьд бэрхшээлүүд тулгарч байгаа. Энэ тал дээр үндэсний үйлдвэрүүд бид бүхнийг дэмжин ажиллах байх гэсэн найдлагатай байна.
-Олон улсын яруу найргийн наадамд залуучууд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Ер нь идэвхтэй сайн оролцож байгаа шүү. Өнөөдрийн байдлаар “Утга зохиолын нэгдэл”-ийн залуучуудын төлөөлөл 5-6 хүн оролцохоор бүртгүүлэн шүлгээ өгсөн байна.
Д.Дөлгөөн