Өвөр Монголын Шилийн хотод төрж өссөн Соёл Урлагийн Их Сургуулийн уран зургийн төгсөгч Ө.Ирмүүн Дүрслэх урлагийн музейд “Судоку буюу нэгээс ес” гэсэн чөлөөт уран бүтээлээ үзэгчдэдээ нээн үзүүллээ. Энэхүү үзэсгэлэн нь энэ намрын хамгийн анхны үзэсгэлэн гэж хэлж болох бөгөөд Ubn.mn сайтын сурвалжлах баг тус үзэсгэлэнг зорьж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Биднийг үзэсгэлэнгийн хаалгаар ороход гурван хэсэг бүхий танхим угтан авна. Өөр өөрийн гэсэн өвөрмцөц шийдэлтэй авч нэг конвенцийг бүрдүүлэх аж.
Та судоку зөв тоглож чаддаг уу
Магадгүй та амьдралдаа ганц удаа ч болов судоку тоглож байсан байх. Хэрхэн зөв тоглохоо мэдэхгүй ч өөрийн чадах чинээгээрээ есөн нүдийг тоогоор дүүргэдэг байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл уран бүтээлч Ө.Ирмүүн үзэсгэлэнгийнхээ язгуур танхимыг судоку хэрхэн зөв тоглох зааврыг энгийн бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлажээ. Ингэхдээ уйгаржин монгол бичгийн МОНГОЛ ТООГ ашиглан судокугоо бүтээсэн байв.
Судоку тоглоход хүний стресс болон уур бухимдал үгүй болдог. Түүнээс гадна тархи ажилж, анхаарал дээд цэгтээ төвлөрдөг гэдгээрээ онцлог. Танхимд буй бүх тоглоомыг тойрон гурав, гурван хүн зогсжээ. Хэрхэн тоглох тайлбар нь хананд өлгөөтэй байх зургуудаас харагдана.
Харин хоёр дахь танхимаа уран бүтээлч Ө.Ирмүүн “Хүйтэн илэрхийлэмж” хэмээн нэрлэжээ. Тэр ч утгаараа танхимд орох төдийд нэг л хүйтэн авч цаанаа л нэг амар амгалан.
Хүйтэн ч амар амгалан
Хоёр дахь хэсэгт эхний хэсгээс арай өөр өнгө аясыг харуулсан байлаа. Харанхуй дунд дөрвөлжин хэлбэрийн шоон дотор цагаан дээр хар өнгийн уйгаржин монгол бичгийн тоог сийлэн бичсэн нь орчин үеийн хэв маяг, загварлаг шийдлийг уламжлат хэв маягтай хослуулсан байна.
Түүнээс гадна уг танхимд чихэнд чимэгтэй зөөлөн аяс намуухан эгшиглэнэ. Энэ нь ч тус үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүн бүрт хүйтэн болов ч нэг л амар тайван мэдрэмжийг төрүүлж буй нь илт.
“Судоку буюу нэгээс ес” үзэсгэлэнгийн бас нэгэн өвөрмөц танхим бол гурав дахь танхим байв. Ө.Ирмүүн уран бүтээлчийн өөрийн сэтгэлээс төрсөн уран зургийн үзэсгэлэн ч гэж хэлэхэд болох юм.
Судоку+уламжлал+монгол тоо=ӨВӨРМӨЦ УРАН ЗУРАГ
Үзэсгэлэнгийн хамгийн том танхим. Арван зургийг эгнүүлэн хананд өлгөжээ. Эхний зургаас төгсгөлийн зураг хүртэл өнгө үзэмж, өгүүлэх утга санаа дахин давтагдашгүй өөр байлаа. Магадгүй үзэсглэнд ирсэн хүн бүр тус танхимаас өвөрмөц мэдрэмж авсан байх.
Учир нь зураг бүрийн дээд хэсэгт тэрхүү зургийн утга санааг бас хүмүүст мэдрэгдэх мэдрэмжийг нь илэрхийлэхээр гэрлийн шийдлийг хийж өгсөн байв. Гэхдээ хамгийн сонирхолтой нь уйгаржин монгол бичгийн тоог Монголчуудын өдөр тутмын амьдрал, үндэсний хэв магтай хослуулан бүтээсэн байлаа. Тийм ч учир энэхүү үзэсгэлэнгийн бас нэгэн өвөрмөц шийдэл нь энэ байж болох.
Тэгвэл тус үзэсгэлэнгийн санаачлагч Ө.Ирмүүн өөрийн бүтээлүүдийг ийнхүү тайлбарласан юм.
Үзэсгэлэнг маань зорьж ирсэн хүн бүр ямар нэг мэдрэмж аваасай гэж хүсэж байна
“Би багаасаа судоку тоглох дуртай байсан юм. Тиймээс дуртай тоглоомоо бүтээл болгон бас уран зургаар илэрхийлсэн. Үүгээрээ дамжуулан би өөрийнхөө дотоод ертөнц, мөн чанарыг ч илэрхийлэхийг зорьсон. Түүнээс гадна үзэсгэлэнгээ нээхийн тулд Монгол оронд маш удаан хугацаанд судалгаа хийсэн. Өвөрмонголоос ялгаатай учраас Монгол орны уламжлалыг судлах шаардлага үүссэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл судалгаагаа өөрийн хэв шинжтэй хослуулан бүтээлээ туурвисан гэхэд болно.
Би зургуудаа муту цаасан дээр зурсан. Ингэхдээ усан будаг, гуаш, тосон будгийг ашигласан. Бусад бүтээлд тоо илэрхийлэл, билэгдлийн илэрхийлэл, дам илэрхийлэл, далд илэрхийлэл гэсэн утга учрыг нэгтгэхийг зорьсон.
Маш энгийнээр тайлбарлавал энэ бүх бүтээл нэгэн цогц. Бас утга агуулгын хувьд ч хоорондоо уялдаа хамааралтай. Бас үзэсгэлэндээ гэрлийн шийдэл, дизайн, орон зайн урлаг мөн уянгалаг аясыг шингээж өгсөн. Түүнчлэн үзэсгэлэнгийн маань бас нэгэн давуу тал бол 3D хэв маяг гэж хэлж болох юм.
Бас миний хувьд уран зургаар хичээллээд нийт 10 жил болсон байна. Энэ олон жилийн хүч хөдөлмөрөө энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүмүүст хүргэж байгаадаа баяртай байна. Бас үзэсгэлэнгээс маань болон бүтээлүүдээс маань хүн бүр ямар нэг мэдрэмжийг мэдрээд, ухаараад гараасай гэж хүсэж байна” гэв.
Үзэсгэлэнд бас нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн нь түүний багш Л.Бумандорж байлаа. Тиймээс бид түүний багшаас сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр,
Энэ үзэсгэлэнг үзсэнээр дүрсний болон өнгөний таашаалыг мэдэрч болно
“Шавь минь ярихдаа багаасаа есөн нүхтэй тоглоомоор тоглож өссөн гэдэг байсан юм. Тийм ч учраас өөрийн дурсамжаа энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан гаргаж байгаа гэж багш хүний хувьд бодож байна. Мөн маш их бахархаж байна.
Бага насныхаа дурсамжийг орчин үеийн урлаг, өөрийн мэдрэмж хэллэгээр гаргаж тавьснаараа энэ үзэсгэлэн их ач холбогдолтой юм. Жишээлбэл энд дэлгэгдсэн бүх бүтээлээ шавь маань өөрийн ур чадвар, авьяасаар дамжуулж, өөрийн ертөнцийг бүрэн тусгасан учир бусад үзэсгэлэнгээс онцлог.
Мөн зурахын хажуугаар хоёр инсталац хийсэн байна.
- Нэгд, гэрлэн инсталац,
- Хоёрт, тооны инсталац
Үүнийгээ зохиомжлоод, олон талаас нь хөндөн биет байдлаар үзэхээр шийдэж тавьсан байна. Уран бүтээлч хүн зураг өлгөхөөс хамаараад яаж харагдах, ямар гэрэл тавих, ямар орон зайд тавих гэдгээс хамаарч энэ болгоныг шийдэж чадсан гэж харж байна. Техникийн хувьд ч тэр шийдлийн хувьд ч тэр маш оновчтой санагдлаа. Энэ үзэсгэлэнг үзсэнээр нэгт, өнгөний ташаал өгнө хоёрт, дүрс хэлбэрийн ташаал өгөх зэрэг олон талын мэдрэмжийг авах болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Уран бүтээлч Ө.Ирмүүний хувьд Өвөрмонгол хүн. Тэр ч утгаараа Монгол орны онцлог хийгээд өв уламжлалыг маш сайн судалсан нь энэхүү үзэсгэлэнгээс харагдана. Түүгээр ч үл барав сүүлийн үед Монголчууд бид уйгаржин монгол бичгээ мартаж байгаа тул бага ч гэсэн сануулах үүднээс энэхүү үзэсгэлэнгээ дэлгэсэн мэт. Түүнээс гадна урлагийн бүтээл туурвихад заавал том сэдэв хэрэггүй харин маш энгийн сэдвээр ч бүтээж болдог гэдгийг бодитоор харуулсан гэхэд хилсдэхгүй юм.
Н.Туул