Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар өчигдөр /2020.07.20/ цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг сонсч холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгөв.
Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаныхан Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд байгааг төслийн багийнхнаас асууж, тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажилд зайлшгүй шаардлагатай материалуудаас эхний ээлжинд БНХАУ-аас импортоор нийт 6 мянга гаруй арматурыг оруулж, барилга угсралтын талбай дээр буулгажээ.
Мөн барилгын талбайд барилга байгууламжийн суурийн бэлтгэл болох 13 мянган метр куб хөрс хуулалтын ажлууд тус тус хийгдсэн байна.
Ковид 19 халдварын нөхцөл байдлаас үүдэн ажил удааширсан гэж төслийн зохицуулагч Т.Болорчулуун энэ үеэр хэлсэн юм. Тэрбээр БНХАУ-аас ирсэн инженер, техникийн ажилчид тусгаарлалтад орсон бөгөөд 21 хоногийн дараа тусгаарлалтаас гарч ажил эрчимжинэ гэв.
Нисэхийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Яармагт бүтээн байгуулалт ид өрнөж, суурьшлын шинэ бүс бий болж байгаа энэ үед Нисэхийн цэвэрлэх байгууламж чухал үүрэг гүйцэтгэх учиртайг сайд Б.Мөнхбаатар онцлон хэллээ.
Уулзалтын үеэр тус байгууллагын хамт олон сайдад хийсэн ажилаа тайлагнахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлаа танилцуулж, тодорхой үүрэг, чиглэл авсан юм.