Жюү Жицүгийн Пара төрлийн Дэлхийн гурван удаагийн аварга Э.Батболдтой энэ удаа та бүхнийг уулзуулж байна. Түүний хувьд өдгөөгөөс таван жилийн өмнө Жюү Жицүгийн спортоор хичээллэж, гэртээ суудаг энгийн нэгэн хүүхдээс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан чадварлаг тамирчин болсон юм. Тийм ч учраас тэрбээр олон олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд итгэл найдвар, урам зориг өгөхөөр манай нэвтрүүлэгт оролцож буйгаа илэрхийлсэн бөгөөд хамгийн чухал нь хүн өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө нээх нь чухал гэдгийг хэлсэн юм.
-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Эрдэнэбаатарын Батболд гэдэг. 1994 онд төрсөн. Одоо 29 настай. Жюү Жицүгийн “Elf Sport's Institute” академийн тамирчин байна.
-Хэзээнээс эхэлж Жюү Жицүгийн спортоор хичээллэж эхлэв. Ер нь яагаад энэхүү спортыг сонгох болсон юм бэ?
-Би 2019 оны наймдугаар сард Б.Ариунцог багштайгаа анх удаа таарч байсан юм. Яаж танилцаж байсан бэ гэхээр би гэрийнхэнтэйгээ сагсан бөмбөг тоглож байтал нэг хүн шийд тойроод л яваад байсан юм. Тэгээд яг тоглож дуусаад харих гэж байтал тэр хүн ирээд надаас "Чи барилддаг уу" гэж асуусан юм.
Би тухайн үед огт барилдаж байгаагүй болохоор "Үгүй ээ би барилддаггүй" гэж хариулж байлаа. Гэтэл надаас "Чи барилдах сонирхолтой юу" гэхээр нь би, "Уг нь барилдах сонирхолтой. Гэхдээ би хөгжлийн бэрхшээлтэй" гэж хэлтэл "Тэр хамаагүй ээ. Дуртай бол хичээллээд үз" гэж хэлсэн юм. Тэгээд л би багштайгаа анх сагсны шийдэн дээр танилцаад 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ спортоор хичээллэж байна.
-Таны хувьд саяхан Монгол Улсад зохион байгуулагдсан Жюү Жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Мэдээж Дэлхийн аварга болно гэдэг бол маш том даваа. Гэхдээ сая зохиогдсон тэмцээн дээр барилдах хүн ирээгүй нь жаахан харамсалтай санагдсан. Өрсөлдөх хүмүүс маань манай төрөл буюу пара төрөлд ирэх байсан ч зардлын асуудлаас болоод ирээгүй. Тэгээд л дэлхийн аваргынхаа медалийг авсан.
-Гэхдээ 2022 оны арван нэгдүгээр сард АНЭУ-д зохиогдсон Дэлхийн аваргын тэмцээнээс хоёр алтан медаль хүртээд ирсэн шүү дээ. Тэр мөчийг эргэн санавал?
-АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод зохиогдсон ДАШТ-д би хамгийн анх удаа өөрийнхөө төрөлд барилдаж үзсэн. Тэгээд тус тэмцээнээсээ хос алтан медаль хүртсэн. Харин өмнө нь Монголдоо дандаа энгийн хүмүүстэй барилдаж байсан.
Яг тухайн үеийн дурсамж надад одоо ч тод санагддаг. Яг барилдах гээд гартал заал дүүрэн хүнтэй байсан. Тэгээд маш их сандарсан. Яагаад гэвэл хамгийн анхны пара төрөлдөө эх орныхоо дэвжээн дээр биш өөр улсын дэвжээн дээр барилдсан болохоор сэтгэл маш их түгшсэн.
Гэтэл миний хамгийн эхний барилдсан тамирчин нэг хөлгүй байсан л даа. Тэгээд тухайн өрсөлдөгчөө хараад маш их хайрлаад барилдахгүй байсан чинь багш маань "Юундаа өрсөлдөгчөө хайрлаад байгаа юм. Зүгээр барилд. Дараа нь хайрла" гэж хэлсэн. Тэгээд л барилдаад дууссаны дараа багш "Одоо харин өрсөлдөгчөө тэврээд буугаад ир" гэсэн. Тэгээд өрсөлдөгчөө тэврээд буугаад иртэл тэнд байсан бүх хүн алга ташаад л маш сайхан байсан.
Харин хоёр дахь барилдаан маань Бразилын хар бүстэй тамирчин байсан. Хар бүстэн гэдэг нь хамгийн том бүстэн гэсэн үг л дээ. Тухайн үед би өөрөө цэнхэр бүстэй байсан юм. Тэгээд л бүсийг нь хараад айсан. Бараг л багштай маань адилхан бүстэй байсан болохоор тэгсэн байх. Гэтэл багш маань бас л "Чи ямар бүстэй нь барилдах гэж байгаа юу. Хүнтэй нь барилдах гэж байж" гээд л дахиад л зоригжуулсан. Тэгээд л барилдаад ялсан.
Ер нь л дэлхийн тавцан дээр гарна гэдэг бол тамирчин хүний хамгийн том жаргал юм билээ. Айдастай, баяртай, жаргалтай бүхий л мэдрэмжийг нэг дор авч чадсан. Тэгээд хамгийн сүүлчийнхээ тэмцээнд ялаад омогшоод маш их баярласан. Дараа нь бараг бүтэн өдөржингөө уйлсан даа.
-Одоо яг бэлтгэлдээ гарч байгаа юм байна шүү дээ. Яг ямар тэмцээнд бэлдэж байгаа юм бэ?
-Ирэх есдүгээр сарын сүүлээр аравдугаар сарын эхээр "Дэлхийн тоглолт" гэдэг тэмцээн зохиогдох гэж байгаа. Тэр тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Манай Жюү Жицүгийн холбооноос бүх зардлыг нь хариуцах юм билээ. Энэ тэмцээн дээр дандаа том том хар, ягаан бүстэнгүүд ирэх сурагтай байна лээ.
-Тамирчдын хамгийн том зорилго бол олимп байдаг шүү дээ. Олимпод оролцох зорилготой байгаа юу?
-Чадвал чирэх 2024 оны олимпод оролцоно гэж бодож байгаа. Чадахгүй бол 2028 оны олимпод оролцоно гэж зорьж байна.
-Таны ярьж байгаагаар манай улсад зохион байгуулагддаг Жюү Жицүгийн тэмцээнд пара төрөл байдаггүй юм байна тийм үү?
-Тийм. Тийм учраас би Монголдоо зохиогддог тэмцээнүүдэд -77 кг-ийн жинд өрсөлддөг. Дандаа энгийн хүмүүстэй өрсөлддөг.
-Манай улсад яг Жюү Жицүгийн парагийн төрлөөр хичээллэдэг тамирчид ховор байдаг болохоор парагийн төрөл байдаггүй гэж ойлголоо?
-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон байдаг ч яг Жюү Жицүгийн спортоор хичээллэдэг нь ховор. Магадгүй энэ спортоор хичээллэхийг хүсэж байгаа хүмүүс байвал надтай болон манай багштай холбогдоод манай "Elf Sport's Institute” клубд ирж өөрийгөө сорихыг хүсэж байна.
Яагаад гэвэл би өөрөө энэ спортоор хичээллэхээсээ өмнө дандаа л гэртээ байдаг байсан. Өөрийгөө тусгаарладаг байлаа. Ингэхгүй бол хүмүүс намайг зөвөөр хүлээж авч чадахгүй гэж боддог байсан. Харин багштайгаа уулзсанаас хойш, спортоор хичээллэснээсээ хойш хүн хичээвэл болдог л юм байна гэж бодож байсан юм.
Жюү Жицү гэдэг спорт нь уян хатны урлаг гэсэн утгатай. Тэр ч утгаараа зургаагаас дээш насны ямар ч хүн суралцах боломжтой. Өөртөө хайртай, эрүүл мэндээ бодож байвал спортоор хичээллэх хэрэгтэй. Мөн биеэ хамгаалж сурна.
-Таныг хүүхдүүдэд Жюү Жицүгийн спортыг зааж байсан гэж сонссон юм байна. Энэ талаараа яривал. Хүүхдүүдэд багшлахад ямар байна?
-Би "Unique жюү жицү" академид нэг сар багшилсан. Маш сайхан байсан. Яагаад гэвэл тэнд хөгжлийн бэрхшээлтэй, даунтай, аутизмтай хүүхдүүд суралцдаг байсан болохоор би өөрийнхөө мэдэрч байсан зүйлсээ мэдэрсэн. Гэхдээ тэмцээндээ бэлдэх гээд тухайн газрынхаа хүнтэй ярилцаад түр завсарласан байгаа.
Түүнээс гадна над шиг хүмүүс зүгээр гэртээ байгаад байлгүй над шиг бас бусад хөгжлийн бэрхшээлтэй тамирчид шиг хичээдэг байгаасай, спортоор хичээллээсэй гэж хүсэж байгаа. Тийм ч учраас би энэ ярилцлагыг өгөхийг хүссэн юм.
-Таныг хамгийн их дэмжиж, тусладаг хүмүүс ер нь хэн бэ?
-Мэдээж миний гэр бүл. Аав, ээж, ах дүүс, хамаатан садан маань. Гэхдээ намайг дэмждэг маш олон хүн бий дурдаад байвал дуусахгүй их. Тиймээс намайг үргэлж дэмждэг хүмүүстэй маш их баярлалаа. Мөн клубийнхээ ах нарт болон Монголын Жюү Жицүгийн гэр бүлдээ үнэхээр их талархлаа гэж хэлье. Гэхдээ тэр дундаас багшдаа намайг энэ спортод хөл тавиулсанд хамгийн их баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу.
-Ярилцсанд баярлалаа.