Намайг багад "Мангасын ам" гэх тоглоом зөвхөн "Хүүхдийн парк"-д байдаг байлаа. Гэтэл өнөөдөр дахин нэг "Мангасын ам"-нд хүмүүс өдөр хоногийг өнгөрөөж, хорвоогийн хар бараан өдрүүдийг туулж байна. Архи хэмээх хатуу дарсанд хэдийнээ живсэн сайн аав, сайхан ээжүүд амьдрах утга учраа, амин эрдэнэ болсон үрсээ хүртэл умартан байж балгахан архины төлөө өнөө, маргаашийг аргацаасаар. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шиг тэр хөгшин залуу, эр эмгүй бүгдийг нь дийлжээ.
Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн хэмжээнд орон гэргүй, архины хамааралтай иргэдийг цуглуулж, тэднийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн. Нийт 80 иргэнийг сонгон шалгаруулж, "Шижир" амралтад байрлуулан 60 хоногийн турш "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний гэргий Г.Амарсайхан нарын туршлагаар "Зөв иргэн"-ийг бүтээхээр болсон юм.
Төрдөө үнсүүлнэ гэдэг шиг төрд тоогдсон 80 иргэн өнөөдөр архинаас гарахын тулд бас амьдралаа шинээр эхлэхийн тулд 60 хоногийн хугацаанд өөрөө өөртэйгөө тэмцэж байгаа ба Ubn.mn сайтын сурвалжлах баг тэднийг зорьж дараах сурвалжилгаа бэлтгэлээ.
Гачуурт, "Шижир" амралт
Ubn.mn сайтын сурвалжлах баг саад бартаа ихтэй, энхэл донхол замаар гэлдэрсээр "Шижир" амралтад ирэв. Эгнүүлж барьсан өргөө цагаан гэрүүдэд эрэгтэй, эмэгтэйгээр ялган тав, зургаагаар нь хуваарилан оруулжээ. Архины хамааралтай гэгдэх ч архинаас гарчихвал сайхан ээж, сайхан аав, сайн нөхөр гэдэг нь гарцаагүй. Хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүсийн зарим нь шатар нүүж, зарим нь инээж, хөхрөлдөн яриа дэвсэцгээнэ.
Яг энэ мөчид эдгээр иргэдийг нийгэмшүүлэх их ажилд ханцуй шамлан зүтгэж буй "Зөв амьдрах ухаан" ТББ-ын менежер Г.Амарсайхан бидэнд дараах зүйлийг ярилаа. Тэрбээр,
Эхний өдөр хэцүү байсан ч өнөөдөр бүгд яагаад ирснээ ухамсарласан байгаа
"Монгол Улсад архины хамааралтай иргэдийн тоо маш их болсон. Бараг гамшгийн хэмжээнд үрсэн гэхэд буруудахгүй байх. Сая БЗД-ээс долоодугаар сарын 26-ны өдрийн өглөөний 05:00 цагаас 07:00 цаг хүртэл хүмүүсийг цуглуулахад 200 гаруй иргэн ирсэн. Эдгээр хүмүүсээсээ шигшээд 80 хүнийг нь сонгоод энэхүү хөтөлбөрт хамруулж байна. Цаана нь 120 гаруй иргэн үлдэж байгаа юм.
Зөвхөн БЗД-т ийм их хүн байхад бусад газруудад ямар их хүн байгаа нь ойлгомжтой. Анх эдгээр хүмүүс маань энд ямар учиртай ирж байгаагаа төдийлөн ойлгоогүй байсан бол өнөөдөр ойлгочихсон. Бид ч байнга яриа хийж, энд байгаа хүмүүстээ учрыг нь тайлбарлаж байгаа. "Та хэдийг маань төр засгийн байгууллага нэг удаа анхаарч байна. Олон олон ТББ-ууд та нарын төлөө ажиллаж байна. Энэ бол архи, хорт зуршлаасаа салах, гэр орондоо эргэж очих, ажилтай, орлоготой болгохын тулд та нарыг авч ирсэн" гэж сайтар хэлсэн учир эдгээр хүмүүс маань сайн ойлгочихсон байгаа.
Мөн төрийн олон байгууллага хамтарч ажиллаж байгаа учраас бид хоёрт ажиллахад маш дөхөм байна. Эхний өдөр бол их хэцүү байсан. Унаж, татаад, шоконд орчихсон байсан. Одоо бол хүмүүс маань бие биетэйгээ танилцаад их сайхан байна" гэлээ.
Уг хөтөлбөрт нийт 80 иргэн хамрагдаж буй бөгөөд 30-с дээш насныхан байгаа аж. Бид тэдний төлөөлөл болох 32 настай, дөрвөн хүүхдийн ээж нэгэн бүсгүйтэй ярилцахад тэрбээр,
Би хүүхдүүддээ сайн ээж, ээждээ сайн охин нь баймаар байна
"Би 32 настай, дөрвөн сайхан үрийн ээж. Хүүхдүүд маань ээж дээр минь байгаа. Яагаад архинд орсон бэ гэхээр гэр бүл салат болон бусад шалтгаанаас болоод түүнийгээ эрүүлээр давж чадалгүй нэг л мэдэхэд архинд орчихсон. Эхэндээ ийм найзуудыгаа хараад яагаад архи уугаад яваад байдгийг нь ойлгодоггүй, шоолдог байсан ч нэг л мэдэхэд тэдний замаар би алхаж байсан. Өөрийгөө эсцийн бүлэгт архичин болчихлоо гэж дүгнэсэн.
Тиймээс өөрийгөө хүлээн зөвшөөрье гэж бодсон. Аажим аажмаар архинд донтох нь ихсээд, хүүхдүүддээ анхаарал тавих нь багасаад ирэхээр нь өөртөө төлөвшил өгье гэж энд ирсэн. Би энд хоёр сарын хугацаанд байхдаа архинаас гаръя, ахиж амьдралдаа архийг байлгамааргүй байна, үр хүүхдүүдтэйгээ хамт зүгээр л аз жаргалтай баймаар байна. Ээжийн хайрыг архинд биш хүүхдүүддээ өгмөөр байна. Тийм ч учраас би чадна гэж бодож байгаа.
Буцаж ажилдаа орно. Авсан цалингийнхаа 10 хувийг ч би архинд үрмээргүй байна. Хүүхдүүддээ чихэр барьж очмоор байна. Өөртөө ийм л зорилго тавьсан. Одоо хүүхдүүдээ маш их санаж байна. Хамгийн сүүлд өвөл очсон. Би сайн ээж баймаар байна.
Бас ээж маань намайг ингээд явж байгааг огт мэдэхгүй байгаа. Надад бүрэн итгэж байгаа. Миний охин ажлаа хийгээд л явж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ эх хүний зөнгөөр гадарладаг л юм шиг байна лээ. Саяхан наадмаар ээжтэйгээ ярьж, утасны наана цаанаас л наадамласан. Би ээжийгээ их гомдоосон.
Одоо энд 2 сарын хугацааг өнгөрөөчихөөд хийж байсан ажлаа хийгээд ээж дээрээ хэлэх үгтэй очмоор байна. Эндээ гараад шууд хоосон очмооргүй байна" гэсэн юм.
Харин өөр нэгэн 30 настай "Цахилгааны инженер" мэргэжилтэй залуу,
Архи ууна гэдэг нь завтай хүний л ажил
"Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байсан. Гэр бүлийн нөхцөл байдал, сэтгэлийн хатгүй байдлаас болоод л архинд орчихсон. Гэхдээ тоочоод байвал зөндөө их шалтгаан бий. Жаргалтай үе бий, зовлонтой үе ч бий.
Архи ууж байна гэдэг бол завтай л хүний хийж байгаа ажил шүү дээ. Ямар ч зорилгогүй. Энд хөдөлмөрлөх чадвартай залуус олон ирсэн. Тийм ч учраас би ч бас хичээгээд үзье. Архинаас гарахыг оролдоод үзье гэж бодож байгаа. Одоо яахав дөнгөж эхэлж байна. Цаана нь 60 хоног байна. Энэ хугацаанд өөрийгөө өөрчилье, оюун санааны хувьд эрүүл болж, бүгдийг эрүүлээр сэтгэе, хөтөлбөртөө хамрагдаад дууссаныхаа дараа ажил хөдөлмөр эрхэлье л гэж зорьж байна" гэв.
Мөн хөтөлбөрт хамрагдаж буй 65 настай, эмэгтэй,
Хүүхдүүд маань намайг зурагтаар хараад миний ээж ямар гоё болоо вэ, ямар гоё газар байгаа юм бэ гээд давхиад ирж мэднэ
"Эгч нь 65 настай. Олон сайхан үр хүүхэд, ач зээтэй хүн. Даанч хань минь их хэцүү ааштай хүн байдаг юм. Дээр нь өөр эхнэр авчихсан болохоор намайг үгийн муухайгаар хэлнэ. Тэр болгонд би үр хүүхдүүдээ зовоочихгүй юмсан гэж "Мангасын ам"-нд очдог юм. Яагаад гэхээр хүүхдүүд маань манай хашаанд байдаг болохоор байнга муудалцаад байх хэцүү шүү дээ.
Одоо муу хэдэн хүүхэд минь ээжийгээ хайгаад явж байгаа байх. Өвөлдөө энд тэнд хөлдөөд үхчихсэн байх вий, энд тэнд тасраад уначихсан байх вий гээд л хүүхдүүд маань байнга хайдаг юм. Магадгүй одоо намайг зурагтаар хараад миний ээж ямар гоё болоо вэ, ямар гоё газар байгаа юм бэ гээд давхиад ирж мэднэ. Энд би сайхан байна. Хоол ундтай, гэртэй. Тийм болохоор маш их баяртай байна" гэлээ.
Мөн өөр нэгэн 53 настай, иргэн
40 гараад дөнгөж амс гэдэг шиг 40 хүрээд л архинд орсон доо
"Би 40 настайгаасаа хойш архи ууж байна. Одоо 13 жил болж байна. 40 хүртлээ архи амсаж ч үзүүэгүй. Даанч найз нөхөдтэйгээ, ажлын шаардлагаар уусаар байгаад архинд орчихсон. Тухайн үед надад гэр бүл байсан. Архи уудаг болсноос хойш салчихсан юм.
Манайхан 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж уу, 60 хүрээд жаргаж хүрт гэж ярьдаг шүү дээ. Тэгээд л 40 гарч байж л архинд орсон доо. Одоо эндээс архи уудаггүй болоод л очмоор байна" хэмээсэн юм.
Тэнд буй хүмүүс бүгд л өөр өөрийн гэсэн замаар алхаж яваа. Харамсалтай нь замаа буруу сонгосон байх. Архинд оръё гээд орчихдоггүй ч гаръя гээд гарчихаж болох учир тэр л зүйлийг хүсэн архинаас гарахаар шийдсэн нь аж. Төр засгаас ч гэсэн иргэдээ бодож, хүний өөрийн гэлтгүй 80 хүнийг энд цуглуулсан нь алсдаа хэрэгтэй тунчиг чухал ажил юмсанж.
Бид бие биенээ юу туулж явааг нь мэдэхгүй тул нэгнээ хэмхлэхгүй харин дэмнэж явах ёстой. Тийм ч учраас Монгол хүн бүр архинд биш амьдрахын сайханд дурлах ёстой шүү гэдгийг энэхүү сурвалжилгаараа хүргэхийг зорилоо.