Хоолны фестивалиас авхуулаад урлаг, соёлын арга хэмжээнүүдийг "цувуулсан" Төв талбайн том цагаан асрыг өчигдөр буулгалаа. Эл асрыг цаашид түрээсийн зориулалтаар ашиглана гэдгээ Хотын дарга мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Төв талбайн цагаан асрыг өчигдөр буулгалаа. Цаашид энэ асраа хэрхэх вэ. Хотын даргын зүгээс түрээслүүлнэ гэх мэдээллийг өгч байсан. Энэ мэдээлэл хэвээрээ юу?
-Төв талбайн асарыг цаашид хувийн хэвшилтэй хамтран түрээслүүлэх, тухайн асарт олон төрлийн арга хэмжээ, фестивалийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сүхбаатарын талбайн эл асар нь дөрөвдүгээр сард баригдсан. 50*80 харьцаатай. Асар баригдсанаас хойш олон улсын хоолны өдөрлөг, дугуйтай улаанбаатар, авто шоу, барилгын дулаалгын өдөрлөг, 3*3 сагсан бөмбөгийн өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан. 4 мянган мкв талбайтай учраас бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой монголд байгаа хамгийн том асар юм.
-Түрээслүүлэх өртөг дээр тодорхой болсон байгаа юу?
-Бидний зүгээс асрынхаа зохион байгуулалтын бодож үзээд, 3*3 эсхүл 5*5 хэмжээтэй асар байх уу түүнчлэн ашигтай талбайн үзүүлэлтээ бодож үзээд дунджаар 5-7 сая төгрөгөөр түрээслэх төсөөлөл гаргаад байна. Энэ нь батлагдсан дүн биш. Бид шийдвэрээ танилцуулж батлуулснаар түрээслүүлэх үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явах боломжтой болох юм.
-Нэг өдрийн түрээслүүлэх өртөг нь гэсэн үг үү?
-Тийм ээ. Нэг өдрийн арга хэмжээний түрээсийн зардал гэсэн үг. Жишээлбэл, 5*5 хэмжээтэй асрыг 10-ыг барилаа гэж бодоход 150 мянга орчим байдаг. Талбай дээрх арга хэмжээнд 50-аас дээш асрыг барих шаардлагатай болдог. Харин энэ 4 мянган мкв асарт маань хэр хэмжээний ашигтай талбайтай байх вэ гэдгийг тооцоод одоогийн байдлаар энэ дүнг гаргаад буй юм.
-Асрыг түрээслэх зориулалтаар ашиглахаар үнийн санал авч эхэлсэн үү. Эхэлсэн бол хэчнээн ААН-ээс санал ирсэн бэ?
-Асрын ашиглалт болон буулгаж барих ажлыг хариуцах ААН-үүдээс үнийн саналыг авсан. Энэ хугацаанд зургаан ААН-ээс санал ирсэн. Тухайн зургаан ААН-ээс ирсэн саналыг харахад, хамгийн багадаа 90-350 саяар буулгаж, дахин барихаар тооцож ирүүлсэн байсан. Нэг ААН-ийн хувьд буулгалт, шилжүүлэлтийг нь үнэгүй хийгээд цаашид нийслэлтэй хамтраад түрээсийн менежмент дээр нь хамтраад явья гэх саналыг гаргасан. Үүний дагуу тухайн ААН-тэйгээ хамтраад тавдугаар сарын 30-наас өмнө талбайг чөлөөлөх ёстой гэдэг утгаараа асраа буулгасан. Цаашид асрыг Төв цэнгэлдэх хүрээлэн ч юм уу, цэцэрлэг хүрээлэн эсхүл Барсын баруун талын зогсоол гэх мэт газруудад байршуулахаар төлөвлөсөн. Байршлаа тогтчихвол асраа угсраад нийслэлтэй хамтраад явах боломжтой.
Харин түрээслэе гэдэг санал ирээгүй. ААН-үүд маань менежментийг нь хэрхэн авч явах, хаана байрлуулах зэрэг дээр төсөөлөл багатай байх шиг байна.
-Ингэж түрээслүүлснээр эргээд нийслэлийн төсөвт хэр хэмжээний мөнгө төвлөрнө гэж тооцож байгаа вэ?
-Мэдээж асар маань өвөл ажиллахгүй. Хавар, намар дулааны улиралд түлхүү арга хэмжээнүүд болно. Дөрөвдүгээр сараас хойш асарт зохион байгуулагдсан арга хэмжээнүүдээс харахад сул зогсолтгүй, нэлээн ашигтай байхаар харагдаж байгаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!