Жил бүрийн энэ үеэр ямар ч байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл байсан ч дэлхий эргэдгээрээ эргэж түрээсийн байрны үнэ нэмэгдэж, байрны эрэлд гарсан оюутан, залуус олширдог билээ. Улирал бүр тэр дундаа намрын улирал түрээсийн байрны үнийн хөөрөлт ярьдаг хэр нь жил тойроод ирсэн ч ямар ч ахиц дэвшилгүй байсаар л байдаг. Хичээл сургууль орох цаг хаяанд ирчихээгүй байгаа ч түрээслэгчдийн эрэлт хэдийн нэмэгджээ.
Энэ жилийн хувьд байрны үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй бага байгаа ч түрээслүүлэгчдийн зүгээс тавьж буй шаардлага улам нэмэгдсэн талаар иргэд хэлж байна.
"Сар сараар нь түрээсийн мөнгөө авах боломжгүй юу гэхэд тийм юм гэж юу байх вэ дээ гэж хэлээд утсаа шууд тасалсан"
Иргэн Г.Мандалсүрэн "Би Улаанбаатар хотод 2 жилийн турш байр түрээслэн амьдарч байна. Яг одоо 1 өрөө байр түрээслэх гээд хайж байгаа. 14 хоногийн турш өдөр бүр зар харж, очиж үзэж байгаа ч түрээслүүлэгчдийн зүгээс заавал 6 сараас дээш төлбөрийг нэг дор авна гэх шаардлагыг тавьдаг. Зарим нь бүр 1 жилээр нь төлбөрөө авна гэсэн. Нэг түрээслүүлэгчээс сар сардаа авах боломжгүй юу гэж асуухад "Тийм юм гэж юу байх вэ дээ. Хамгийн багадаа 3 сараар түрээсийн мөнгөө авна гээд утсаа шууд тасалсан" гэв.
Иргэн М.Номин "Би одоо 19 настай гадаад хэлний бэлтгэлд сурахын хажуугаар цагийн ажил хийдэг. Цалингаараа байрны түрээсээ өгөөд таардаг. Нэг өрөө байр түрээслэхэд цалин маань хангалттай хүрдэггүй тул Хостел буюу нэг дор олуулаа байдаг байранд амьдардаг. Хэрвээ түрээслэгч нар нэгдсэн дүрэм журам, хуультай болчихвол аманд орсон үнээ хэлэхгүй байх. Сүүлийн үед түрээсийн байр зуучилдаг компанитай болсон байна лээ. Гэвч тухайн гэрээ хийж байгаа хүнд заавал нийгмийн даатгал өндөр төлсөн байх шаардлага тавьдаг тул оюутан болон цагийн ажил хийдэг хүмүүс гэрээ хийж болдоггүй юм билээ" хэмээв.
2 өрөө байр түрээслүүлэгч Н "Зар тавьснаас хойш өдөрт 7-10 хүн байр асууж залгадаг. Гэвч Монголчуудын амьдрал тун хэцүү байгаа болохоор шууд л түрээслэх хүн олдохгүй хэцүү байдаг. Түрээсийн төлбөрийн тухайд 1 жилээр нь бөөн авах төлөвлөгөөтэй байна. Яах аргагүй мөнгөний хэрэг гарсан тул ингэж шийдсэн. Олон сараар нь өгвөл сарын 1 сая төгрөгөөр түрээслүүлнэ. Хэрэв 6 юм уу 3 сараар нь төлбөрөө өгвөл сарын 1 сая 200 мянган төгрөгөөр түрээслүүлнэ. Одоо үед сар сард нь түрээсийн мөнгөө авдаг байр гэж байхгүй" гэв.
Түрээслүүлэгч Г "Сүүлийн үед байрны эрэлт их байгаа ч яг шууд бэлэн мөнгө өгөөд түрээслэх хүн тун ховор болсон. Намар болохоор байрны үнэ нэмэгддэг нь угаасаа л уламжлал болсон зүйл. Уг нь бол жилийн 4 улирал байнга л байрны үнэ хэлбэлздэг шүү дээ. Намар дөхөхөөр хүмүүс байрны үнэнд анхаарлаа хандуулаад эхэлдэг. Би 1 өрөө байраа 800 мянган төгрөгөөр түрээслүүлж байгаа. Мэдээж төлбөрөө 6 сараар нь мөн 1 сарын барьцаа мөнгө авна" хэмээлээ.
Яг өнөөдрийн байдлаар Unegui.mn сайт болон Фейсбүүк групп дээр байгаа байрны үнийн мэдээлэл:
Хуулиндаа түрээсийн байрны гэрээ гэж байдаг ч түүрээслүүлэгчдэд тавих хуулийн гэрээ байдаггүй учир улирлын чанартай байрны үнэ байнга хэлбэлзэж байгаа нь иргэдийн ундуйцлыг ихээхэн хүргэдэг. Түрээсийн гэрээнд хоёр талуудын гэрээ хийснээс хойш баримтлах дүрмүүд л бий. Харин гэрээ хийхээс өмнө баримтлах тогтсон үнийн дүнгийн зохистой хууль бий болоогүй цагт уламжлалт ёсоороо жил бүр л сөхөгдөөд мартагддаг сэдэв болон үлдэх биз.