“Байгалийн 00“-оос “Нүхэн жорлон“ харин түүнээс “Ариун цэврийн байгууламж“-руу шилжих цаг болсон
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр. Тэр ч утгаараа манай улс энэ оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж гадна, дотнын жуулчдыг хүлээн авах их ажилд ханцуй шамлан орсон. Харамсалтай нь бид хүмүүсийн хамгийн наад захын хэрэгцээг бүрэн төгс хангах тал дээр хэрхэн ажиллахаа төдийлөн мэдэхгүй, мэдсэн ч хайхрахгүй байгаа мэт.
Учир юун гэвэл, хаана ч очсон, ямар ч байгалийн сайхныг мэдэрсэн бай тэнд "Ариун цэвэр" сахих эрхийг маш бүдүүлгээр зөрчдөг гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас энэ удаагийн МЕТРО ХОТ буландаа хүмүүсийн өмнө тулгамдаад буй хамгийн энгийн хийгээд чухал асуудал болох "00"-ын асуудлыг хөндөж байна.
Жуулчдад бүү хэл дотоодын аялагчдад хамгийн их тулгамддаг асуудал бол "00"
Ариун цэврийн байгууламж муутайгаас үүдээд гадаадын бүү хэл дотоодын аялагчид ч бухимдах нь бий. Хэзээнээс л "Байгалийн нойл"-доо биеэ засчихдаг байсан улс "Нүхэн жорлон"-той болсон нь багахан дэвшил мэт санагдах ч үнэн хэрэгтээ тийм биш. Манайхаас өөр газар ухаж, нүх гаргаад модоор хүрээлчихсэн, түүнийгээ ариун цэврийн өрөө гэж нэрлэдэг газар дэлхийн хаана ч байхгүй. Магадгүй бусад улс орноос нэг алхам хоцорч байгааг маань илэрхийлэх ганц жишээ ч энэ байж болох.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ямар ч аялагч хамгийн түрүүнд ариун цэврийн өрөөний асуудлыг хөнддөг. Мэдээж хэрэг паалантай нойлд биеэ засдаг хүмүүс нүхэн жорлонг төдийлөн мэдэхгүй нь ойлгомжтой. Бид ч яах вэ хэзээнээсээ л нүхэн жорлондоо дасчихсан тул муулсан ч хамаагүй асуудлаа шийдчихээд байдаг юм. Гэхдээ "Болоод л байдаг юм" гэсэн хандлагыг халахгүй бол нойлын асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Ядаж л нойлынхоо асуудлыг өнөөдрөөс эхэлж анхааралдаа авч, цаг алдалгүй засаж, сайжруулах нь хамгийн чухал болоод байна.
Нүхэн жорлонгоос салахад "АМАРХАН"
Жуулчдын тоо нэмэгдэж буй нь манай улсын эдийн засагт багахан ч гэсэн хувь нэмэр үзүүлж буй үйлдэл. Гэтэл миний мэдэхээр л ихэнх амралтын газар, жуулчны бааз, тусгай хамгаалалт бүхий байгалийн цогцолбор газруудад ариун цэврийн байгууламж байдаггүй. Арга ядахад орчихдог өнөө л нэг нүхэн жорлон дүнхийнэ.
Ариун цэврийн цаас нь хөглөрч, өтгөн нь ил гарчихсан бүр ялаа, батгана дээгүүр доогуур эргэлдэж байдаг нь ч нууц биш. Гэтэл өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэж буй жуулчид өнөөх нүхэн жорлонгоос болоод үргэчих вий.
Тэгвэл бидэнд нүхэн жорлонгоосоо салах боломж бий юу гэвэл мэдээж байгаа. Харин бидэнд жаахан сэтгэл л хэрэгтэй. Учир нь,
- Жуулчны бааз, амралтын газар зэрэг жуулчид хүлээн авах зориулалттай бол хариуцаж буй эзэн өөрөө ая тухтай орчныг бүрдүүлж, ариун цэврийн асуудалд багахан анхаарахад л ариун цэврийн байгууламжтай болчихно.
- Харин байгалийн цогцолбор газрын хувьд иргэдээс хураан авч буй мөнгөнөөсөө тодорхой хувийг хуримтлуулж, зорин ирэх аялагч нартаа багахан ч болов тав тухтай орчныг бүрдүүлэхэд буруудахгүй.
Тийм ч учраас ариун цэврийн байгууламжтай болохыг ядаж эко нойлтой болохыг хүн бүр шаардаж мөн дээр нь аливаа нэг байгууллагын удирдлага та хариуцлагатай, мэдрэмжтэй, аялагч, амрагчдаа бодсон багахан сэтгэл гаргахад л нойлын асуудал амархан шийдэгдчихнэ. Дайраад өнгөрөх биш тухлаад зочлох тав тухтай орчныг бүрдүүлж чадвал манай улсад аялагчдын цуваа тасрахгүй. Тиймээс нүхэн жорлонгоос ариун цэврийн байгууламж руу шилжих нь хамгийн чухал асуудал болжээ.