Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд нийслэл хотод үргэлжилсэн бороо орсон. Харамсалтай нь уг борооны улмаас томоохон хэмжээний үер болж, зуслангийн бүсийн айл өрх хийгээд хотхон хорооллуудын айл өрх түүнчлэн албан байгууллагууд ч хүртэл үертэй нүүр тулсан. Одоогоор нийслэл хотод ариутгал, халдваргүйтгэлийн ажил эрчимтэйгээр хийгдэж байгаагаас гадна хохирлын зэрэг тогтоох ажил үргэлжилж буй. Гэвч баяр наадмын уур амьсгалд дарагдсан үерийн дараах нөхцөл байдал ямар байгаа талаар Ubn.mn сайтын сурвалжлах баг үерийн үеэр сурвалжилга бэлтгэн хүргэж байсан Шаргаморьтоос удаах сурвалжилгаа бэлтгэлээ.
Чингэлтэй дүүрэг, Шаргаморьт
"Цэвэр тунгалаг Сэлбэ гол" хэмээх бичиг бүхий самбар хүчтэй үерийн улмаас хайзайн тогтжээ. Арга ч үгүй биз. Үерийн ус Сэлбэ голыг бүхэлд нь эзэгнэж, хүчтэй урсгалаараа урдах саадаа ч ажралгүй, хажуу эргээ ч хамаж байсан тул ийнхүү тогтсон нь тийм ч гайхах зүйл биш. Харин биднийг сурвалжилгын цэгт очиход Сэлбэ гол хэдийн тогтож, усны түвшин ч багасжээ.
Голын эргээр иргэд майхнаа барьж, бяцхан үрс нь усанд шумбан тоглоно. Хэдий мэргэжлийн байгууллагаас үерийн усны дараа авч хэрэгжүүлэх тэр дундаа эрүүл мэндийн хувьд аюултай нөхцөл байдал үүсэх вий хэмээн сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байгаа ч голын эргээр хүмүүс амарч, зугаалцгаана. Гэвч гол дотор хог хаягдал, байшингийн сэг зэм үерээс хойш хөдлөөгүй хэвээр.
ХҮҮХДҮҮД: "Голын ус залгихгүйгээр голд тоглоорой НАЙЗУУД АА"
Бид голын эргээр хүүхдүүдтэйгээ амарч байгаа нэгэн иргэнтэй хэсэг хором ярилцахад, "Үер болоод удсан учраас голын ус тийм ч их аюултай санагдахгүй байна. Хүүхдүүддээ голын ус залгихгүйгээр тоглоорой гэж хэлээд, хажууд нь хараад байж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд Сэлбэ голын усны түвшин ийм их байгаагүй, энэ жил нэмэгдсэн санагдаж байна" хэмээсэн юм.
Харин бяцхан хүүхдүүд, "Голд тоглохоор бие хөнгөрч байгаа юм шиг санагддаг. Гадаа тоглохоор бие нэг л хүнд байдаг. Ээж, аав маань голын ус залгиж болохгүй гэж хэлсэн. Тиймээс найзууд аа, голын ус залгихгүйгээр тоглоорой" гэсэн юм.
Мэргэжлийн байгууллагууд үерийн дараа хэд хэдэн газраас дээж авч, голын усанд нян бактер бага илэрч, тогтоол уснаас их илэрч байгааг тодорхойлсон юм.
Тодруулбал, Байгаль Орчин Хэмжил Зүйн төв лабораторийн Чанарын менежер, инженер Б.Алтантуяа,
"БОАЖ-ын сайд А/253 тоот тушаалаар Сэлбэ голын эхээс адаг хүртэл, Улиастайн гол, Дунд гол, Төв цэвэрлэх байгууламж гэх зэрэг 31 сорьцод шинжилгээ хийсэн. Голын усны 15 сорьцын шинжилгээнд Аммоний азотын бохирдол 1,2-2,98 дахин давсан. Дунд голд Нитритийн азот 2,25, эрдэс фосфор 1,4 дахин давсан бохирдолтой байна. Бусад голууд дээр энэ хоёр үзүүлэлт даваагүй.Түүнчлэн 30 сорьцод микробиологийн шинжилгээ хийсэн. Гэтэл тогтоол ус болон халианд зарим төрлийн нян илэрсэн. Манай лабораторид хийсэн шинжилгээгээр буюу голын усны дээжээс авсан шинжилгээгээр бүх голоос бус цөөхөн цэгээс нян илэрсэн" гэх мэдээллийг өгсөн юм.
Биднийг үерийн үеэр сурвалжилга бэлтгэх үеэр Сэлбэ гол зуслангийн хоёр байшин урссан байсан юм. Гэвч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тэдгээр байшинг эзэд нь голоос гаргаагүйн дээр албаныхан ч үл ойртсон байв. Энэ талаар оршин суугч иргэн Н.Г бидэнд дараах мэдээллийг өглөө.
Голын эрэг дагуу газар олгохоо болих хэрэгтэй. Сая орсон бороо бол анхааруулга
"Баяр наадам болсонтой холбоотойгоор бүгд баярлаад явсан. Угтаа бол эдгээр байшинг голоос гаргаад, цэвэрлэх ёстой байхгүй юу. Ямартай ч ариутгал хийж байгаа юм. Гэхдээ тийм ч үр дүнтэй санагдаагүй. Мөн эдгээр байшингийн эзэд башингаа авах хэрэгтэй шүү дээ. Урд нь байгаа байшингийн эзэд байшингийнхаа дээврийг аваад явсан. Карказ нь үлдсэн.
Түүнээс гадна энэ бол зохион байгуулалтгүйгээр газар олгосноос үүдсэн. Эцэст нь айл өрхүүд эд хөрөнгөөрөө хохироод үлдэж байна. Сэлбэ голын эргээр дандаа газар олгодог. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Зарим айл нь булгийн эхэнд газар аваад байшингаа барьчихсан. Одоо булаг ундрахаа больсон. Угтаа бол хуулинд голын ай сав орчмоор газар олгох ёсгүй гэж заасан байгаа. Гэтэл газрын албаныхан газраа олгосоор л байдаг. Саяны үер бол зүгээр л анхааруулга шүү дээ. Цаашид хичнээн айл хохирох вэ.
Бас нүхэн жорлонгоос үүдэж ус бохирдож байгаа. Энэ нь бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлнө. Тэдэнд тоглох талбай бараг байхгүй. Алга дарам газар байгаа. Түүнийг нь ч мөн зарчихсан байна лээ. Дээр нь цахилгаан дамжуулах шонгууд ч хүртэл саяны орсон борооны, үерийн улмаас унах эрсдэлтэй болчихсон. Нэг л өдөр унана.
Түүний хажууд амьдардаг айл өрх мөн гэр бүлээрээ амарч байгаа хүмүүст маш том эрсдэл үүснэ шүү дээ. Хүний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ" гэсэн юм.
Түүнчлэн ХӨСҮТ болон бусад мэргэжлийн байгууллагуудаас үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэлтэй хэмээн анхааруулсан. Иймд бид зуслангийн бүсэд байрлах зарим эмийн сангуудаас гэдэсний халдарт өвчин хийгээд гэдэсний эм худалдан авах иргэдийн тоо хэр их байгаа талаар тодруулахад,
Хүмүүс үерийн дараа гэхээс илүүтэй наадмын дараагаас гэдэсний эм их асуух болсон
Эм зүйч "Гэдэсний эм харьцангуй их зарагдаж байна. Гэхдээ дан ганц үертэй холбож болохгүй байх. Баяр, наадмын дараа хүмүүс гэдэсний эм их асууж орж ирсэн. Энэ нь мэдээж хоолоо зөв тохируулаагүйгээс үүдэлтэй. Мөн онош нь тодорхойгүй ирж байгаа" гэлээ.
Өнөөдрийн байдлаар, Баянзүрх дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн 15 зам, талбай, 12 явган хүний зам, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 297 өрх үерт автаж, нэг айл гэргүй болсон. Хан-Уул дүүрэгт 68 өрхийн 322 иргэн, Сонгинохайрхан дүүрэгт 47 өрх үерт өртжээ. Одоогоор дүүргүүд үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хохирлын үнэлгээ хийж буй. Үнэлгээ хийсний дараа холбогдох хариуцсан нэгжүүд тохижилтын ажлыг хийх юм.
Дээрх сурвалжилгаараа бид үерийн нөхцөл байдлын дараах нийслэл хотын тэр дундаа зуслангийн бүсийн нөхцөл байдлыг олон нийтэд бодитоор хүргэхийг хичээлээ. Дахин үер буух эсэхийг хэн ч мэдэхгүй тул үерийн аманд амьдран суудаг иргэд, зуслангийн бүсэд тэр дундаа голын эрэг дагуу оршдог айл өрхүүд сонор сэрэмжтэй байж учирч болзошгүй эрсдэлээс мөн өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахыг сануулах нь зүйтэй.
Мөн сурвалжилгын явцад голын эрэг орчмоор бага насны хүүхдүүд их тоглож байсан юм. Гэвч зарим хүүдүүд үерийн улмаас эвдэрч, сэтэрсэн дугуйн зам болон аюултай газраар зорчиж байсан бөгөөд эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сурвалжилгынхаа төгсгөлд цохон тэмдэглэе.